Search

Хямд үнээр бараа зарж буй мэт зураг, бичлэг нийтэлж хандалт цуглуулдаг хуудсыг таних арга

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1263

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хямд үнээр бараа авах боломж гэж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хямд бараа бүтээгдэхүүн зарна, бэлэг өгнө гэх мэтээр анхаарал татаж, ямар нэг хаягт дагагч нэмэх нөхцөл тавьсан постыг идэвхжүүлэхгүй орхих, эсвэл репорт хийх зэрэг хариу арга хэмжээ аваарай.

2024 оны 11 дүгээр сарын 21-нд HM Store нэртэй хуудаснаас “Маш хямд ирсэн сонголт зөндөө 33,000₮” гэх тексттэй хивсний бичлэг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 6,900 гаруй реакц, 53 сэтгэгдэл авч, 2,400 гаруй удаа цааш түгээгджээ. Мөн Mate.mn гэх хуудаснаас 2 давхар ор болдог буйдан 59,000 төгрөгөөр худалдаалж буй мэт бичлэгийг түгээжээ.

Хаяг шалгах нь

HM store хуудас нийт 136 мянган дагагчтай, 2023 оны гуравдугаар сарын 26-нд нээгдсэн, идэвхтэй зураг бичлэг нийтэлдэг. Гэвч дэлгүүр гэсэн нэртэй боловч хаана байршилтай, холбогдох дугаар зэргийг пэйжийнхээ танилцуулга хэсэгт оруулаагүй байна. Хуудастаа ижил төрлийн богино хэмжээний бичлэг нийтэлдэг. Бичлэг бүрд зарах барааны үнийн мэдээлэл байдаг ч хаанаас, хэрхэн худалдаж авах, ямар дугаараар холбогдох зэрэг мэдээллийг огт бөглөөгүй байна.

Агуулгыг нягтлах

Сайтар ажиглавал тус хуудас оруулсан бичлэг бүр дээрх текст хямд үнийн мэдээллийг оруулсан байдаг ч бичлэгийн тайлбар хэсэгт зөвхөн ямар нэг хуудсыг дагаарай, түгээгээрэй гэсэн уриалга бий. Үүнээс харахад бичлэгт гарсан барааг зарах зорилготой бус тайлбар хэсэгт дурсан хуудсыг дагуулж хандалтыг нь өсгөх зорилготойг харж болох юм. Хүмүүсийн хэрэглээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг маш хямд үнээр зарж буй мэт бичлэг оруулж, хандалт их авдаг байна. Бичлэг бүрийн сэтгэгдэл хэсэгт мөн “ямар нэг хуудсыг дагаж, түгээсэн тохиолдолд хаяг байршлын мэдээлэл илгээнэ, хүргэлт байхгүй, ирж үзээд аваарай” гэж бичдэг ч хаяг байршлын мэдээллийг огт оруулаагүй байна. Үүнээс харахад бараа зарж буй дэлгүүр мэт ойлголт өгч хандалтаа өсгөдөг байна.

Зургаар хайх

Mate.mn хуудаст оруулсан ор болдог буйданг 59,900 төгрөг хэмээн бичжээ. Уг буйдангийн зургийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбар @expandfurniture youtube сувагт 2018.08.14-нд “Гурван ортой итали буйдан” гэх тайлбартайгаар нийтлэгджээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт буйдан худалдаж авах боломжтой онлайн худалдааны линкийг оруулсан бөгөөд тус буйданг албан ёсны сайтдаа 4995 ам.доллароор худалдаалж байна. Мөн ижил төстэй ор болдог буйдан бусад орны онлайн худалдааны сайтуудад шалгасан мэдээллээс илүү үнэтэй зарагдаж байна. Тухайлбал, 2 давхар ор болдог буйдан AliExpress сайтад 2 сая 250 мянган төгрөг, Alibaba худалдааны сайтад 574 ам.доллар бол Грекийн Ravenna худалдааны сайтад 1399 еврогоор худалдаалж байна.

Шалгасан бичлэгт буйданг 59,900 төгрөгөөр худалдаална хэмээн бичсэн. Гэвч интернэтээс зургаар хайхад үнийн дүн хэтэрхий өндөр зөрүүтэй байгааг харж болно.

Аливаа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг олох, баталгаатай эсэхийг шалгахдаа доорх зааврын дагуу шалгаарай. Google сайт руу орсны дараа камерын тэмдэгт дээр дарж зургаар хайх боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document