Search

Байгалийн гаралтай иддэг шохойг хэтрүүлж хэрэглэх нь эрүүл мэндэд  сөрөг нөлөөтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1261

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Байгалийн иддэг шохой нь дахин 3 төрлөөс бэлэн ирсэн байгаа шүү гэх бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хүнсний шохойг хэтрүүлэн хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж, хоолноос шим тэжээл авч чадахгүйд хүргэнэ гэсэн судалгаа бий. Түүнчлэн урт хугацаанд хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаа алдагдах, бөөрний чулуу үүсэх болон зүрхний хэм алдагдах эрсдэлтэйг мэдээлжээ.

2024 оны 12-р сарын 19-нд milluna_shop нэртэй Инстаграм хаягаас “Устгагдаад болдоггүй ээ байгалийн иддэг шохой нь дахин 3 төрлөөс бэлэн ирсэн байгаа шүү чатаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад амжаад аваарай авч амжаагүй хөөрхнүүд маань” гэх тайлбартай шохой идэж буй бичлэгийг түгээсэн бөгөөд нийт 620 гаруй мянган хэрэглэгч үзжээ.

Amazon онлайн бараа худалдааны сайтад зарагддаг иддэг шохойн бараануудын мэдээлэлд иддэг шохойг кальцийн карбонатаар хийдэг хэмээн оруулжээ. Бүтээгдэхүүний тайлбарт “Хоолны шохой нь кальцийн дутагдалтай хүнд сайн, шүд, ясны бат бөх хөгжилд хувь нэмэр оруулдаг. Зөвхөн их хэмжээний ус уух хэрэгтэй гэдгийг санаарай” гэсэн байна.

Ихэвчлэн тунамал чулуулгийн кальцийн карбонатаас бүрддэг байна. Иддэг шохойг олон төрлийн амт нэмэлтээр оруулж үйлдвэрлэдэг аж. Энэ тухай албан ёсны баталгаатай эх сурвалжийн мэдээлэл байхгүй ч интернэт орчинд түгээмэл тархсан байна.

Шалгасан мэдээлэлд “байгалийн иддэг шохой дахин 3 төрлөөс бэлэн ирлээ” гэх мэдээллийг өгсөн боловч ямар төрлийн, хаанаас ирсэн, ямар брэндийн болон орц найрлагын тухай мэдээллийг огт дурдаагүй байна. Тус бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэснээр ямар үр дүн гарах тухайн анхааруулгыг мөн мэдээлээгүй.

АНУ-ын үндэсний номын сангийн эрүүл мэндийн мэдээллийн сайтад кальцийн карбонат нь хортой биш ч хэтрүүлэн хэрэглэх нь цусны PH түвшинг нэмэгдүүлж, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрдэг бөгөөд урт хугацаанд хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаа алдагдах, бөөрний чулуу үүсэх болон зүрхний хэм алдагдах эрсдэлтэйг мэдээлжээ.

Кальцийн карбонатыг хэтрүүлэн хэрэглэвэл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Гэдэс базлах
  • Яс янгинах
  • Өтгөн хатах
  • Толгой өвдөх
  • Суулгах
  • Булчин татах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хоолны дуршил буурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Олон улсын био шинжлэх ухаан ба биотехнологийн сэтгүүлд 2019 онд нийтлэгдсэн “Хүнсний шохойн хордлогын нөлөө ба түүний боломжит эмчилгээний оролцоо”(Toxicological Effect of Edible Chalk and its Possible Therapeutic Intervention) судалгаанд баруун Африкийн орнуудад ихэвчлэн ашигладаг Калабаш гэж нэрлэгддэг иддэг шохойн чулууг ашиглажээ. Тус судалгаагаар калабаш шохойн чулуу нь ураг болон хөхүүл хүүхдийн сэтгэцийн хөгжилд нөлөөлдөг, хоол боловсруулах эрхтний эмгэг, хөрсний эмгэг төрүүлэгч бичил биетний халдвар, үрэвсэл, тархины гэмтэл, бамбайн булчирхайн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, өсөлтөд нөлөөлөх болон эрсдэлгүйжүүлэх гэх мэт сөрөг нөлөөтэй болохыг тэмдэглэжээ.

Мөн 2024 онд Дэлхийн ахисан түвшний судалгаа болон тойм сэтгүүлд нийтлэгдсэн ”Калабаш шохой эрэгтэй албино Вистар хархны ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, дамжин өнгөрөх хугацаа зэрэгт үзүүлэх нөлөө” (The effect of calabash chalk on the gastrointestinal motility and transit time of male albino Wistar rat) судалгаагаар калабаш шохой нь нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж, ходоод гэдсийг цочроож, шим тэжээл шингээх чадваргүй болох, хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулах сөрөг нөлөө үзүүлдэг тул тогтмол хэрэглэхийг зөвлөдөггүй гэх дүгнэлт гаргажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document