2024 оны 12 дугаар сарын 23-нд Баярсайхан Бафка нэртэй хаягаас “П.Сайнзоригт нарын бариад байгаа хууль бол ЖҮЖИГ юм байна шүү… Сайд Л.Энх-Амгалангийн төсөл П.Сайнзоригт нарынхаас ч аюултай…” гэсэн пост оруулжээ. Уг мэдээлэлд “УИХ ын гишүүн П.Сайнзориг нар олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хуулийн төслөө эргүүлэн татлаа… Харин Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл хэвээрээ байгаа гэдгийг мартаж огт болохгүй… Энэ төсөл нь П.Сайнзориг нарынхаас ч хамаагүй их АЮУЛ-тай үр дагвар дагуулна аа… “Бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны тоо хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоож ажлын байрны төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх асуудал мөн Оюун-Эрдэнийн ЗГ-ийн Хятадуудтай хамтарч хийх Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал хэрэгтэй гэсэн нэрийн дор батлагдах гэж байна. УИХ ын хэдэн залуу гишүүнээр ТУГ ТАХИЖ ард түмнийг төөрүүлэх зорилгоор өргөн бариулсан хуулиар сенсаац үүсгэж эргүүлэн татаад араар нь өөрийн хуулиа хэрэгжүүлэх ЗАЛЬ-ийг Оюун-Эрдэнэ сайд Л.Энх-Амгаланаараа өргөн бариулж батлуулахаар төлөвлөсөн нь шууд харагдаж байна… Энэ хуулийн төсөл лхагва гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ороод пүрэв гаригийн УИХ ын чуулганаар хэлэлцэх юм байна ааа… АНХААР АНХААР АНХААР…” гэсэн байна. Уг мэдээлэлд 889 реакц, 264 сэтгэгдэл өгч, 3080 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав.
2024 оны 12 дугаар сарын 20-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Монгол Улсын Засгын газраас боловсруулсан уг хуулийн төсөлд таван зүйлийн өөрчлөлт санал болгожээ. Үүнд:
- “1 дүгээр зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 32.7 дахь хэсэг нэмсүгэй:
- “32.7. Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, салбарын бодлого, дотоодын ажиллах хүчний хомсдол зэргийг харгалзан ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлж болно.”
- 2 дугаар зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
- “32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно.”
- 3 дугаар зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын, 23 дугаар зүйлийн 23.5.6 дахь заалтын “тодорхойлолт” гэснийг “цахим лавлагаа” гэж … тус тус өөрчилсүгэй.
- 4 дүгээр зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийн “Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэснийг … тус тус хассугай.
- 5 дугаар зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 23.5.4 дэх заалт, 23.9 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.5, 32.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.
Монгол Улсын хүн амын гуравны нэгээс буюу 105 мянгаас хэтрэхгүй гадаад иргэн байхыг хуульчилсан
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд гадаад иргэний Монголд орж ирэх тоо хэмжээ, оршин суух хугацааг зааж өгсөн. Тодруулбал, 27.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэсэн байна.
- Хувийн хэргээр оршин суух гадаад иргэдийн дээд хэмжээ нь 105,142 бол
- аль нэг улсын иргэн 35 мянгаас хэтрэхгүй байхаар тусгажээ.
/Үндэсний Статистикийн Хорооны 2023/12/31-ны байдлаарх хүн амын тоогоор/
Засгийн газраас боловсруулан, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаад иргэдийг хэмжээ хязгааргүй оруулж ирэх тухай заалт байхгүй. Харин зорилтот салбаруудад ажиллах хүч оруулж ирэхдээ ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болох тухай заасан. ГБХНХЯ-ны албан ёсны сайт дахь мэдээлэлд “Өндөр бүтээмж, өндөр цалинтай уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт гадаадаас ажиллах хүчний ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ, ДОТООДЫН АЖИЛЛАХ ХҮЧЭЭ эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжинэ. Барилга, зам, боловсруулах үйлдвэр зэрэг улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг УИХ-аас баталсан бодлогын баримт бичигт тусгагдсан хүрээнд Засгийн газар уян хатан шийдвэрлэж болох асуудлыг хуулийн төсөлд тусгалаа” гэсэн байна. Мөн гаднаас ажиллах хүч авах зөвшөөрлийг цахим хэлбэрэээр авах боломжтой болох талаар хуулийн төсөлд тусгасан байна.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлд ажлын байрны төлбөрийг “Хуульд өөрөөр заагаагүй бол гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн нэг сарын хэмжээ нь нэг сард ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна” гэж тогтоож өгсөн.