Sanjaajamts Chimgee хаягаас 2024.12.24-нд “ОУ-н мэдээ Монгол улс дах хөрөнгөө хамгаалахын тулд Хятад улс цэргээ оруулах нь тодорхой боллоо!!!” гэх пост оруулжээ.” гэх пост оруулсныг фэйсбүүкт олон дагагчтай хэд хэдэн хаяг олон нийтэд хуваалцсан байна.
Дараах байдлаар баримт шалгав
Постны эзэн бичсэн зүйлтэйгээ холбогдуулан дахин тайлбар пост нийтэлсэн буюу “ЖИНХЭНЭ ҮНЭНЭЭС АЙДАГ ХУЛЧИГАРУУД НАМАЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЛАА ГЭЭД ТЕГ, ЦЕГ НТРИЙГ МЭЙШИН ХИЙЖ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХҮНИЙГ ШАЛГА АРГА ХЭМЖЭЭ АВ ГЭЧИХЖЭЭ, ҮХДЭЛ ЦАРАЙЛСАН ХОГИЙН ХҮН СҮГНҮҮДЭЭ ТА НАР НАМАЙГ ШАЛГУУЛЖ БАС ЭНЭ ДЭЛХИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ БАС ШАЛГУУЛААРАЙ ЯЛАНГУЯА ЗЭЭЛ АВСАН ТӨРД СУУГАА ХУЛГАЙЧДАА ШАЛГУУЛААРАЙ ЗА ЮУ ЗААВАЛ, ЯМАР Ч МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ОЛЖ ҮЗЭХГҮЙ НАМГИЙН МЭЛХИЙНҮҮД ҮНЭН ӨРӨВДӨЛТЭЙ ЮМДАА ЭНЭ ДЭЛХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫГ САЙН ШАЛГУУЛААРАЙ ӨӨРСДӨӨ СУДАЛЖ ҮЗЭЭРЭЙ !!!! гэх тайлбартайгаар тодорхой зургуудыг хавсаргасан байна.
- Бид хавсралтаар оруулсан зургуудаар хайж, тухайн мэдээллийг нягтлахад өмч хөрөнгөө хамгаалахаар цэрэг оруулах тухай огт байхгүй, харин “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнуудын Хятад улсад төлөх өрийн талаарх мэдээлэл байна.
Хавсралт зураг 1: баримт шалгалт
Энэ зураг нь Непалын үндэсний өдөр тутмын сонин “Republica”-н вэбсайтад 2018.09.06-нд нийтлэгдсэн мэдээнийх байна.
Агуулга: “Хятадын “Бүс ба замын санаачилга”-д нэгдсэн 68 орноос 8 нь Бээжинд бараг 18 тэрбум ам.долларын өрийн хүндрэлтэй нөхцөлд байгааг онцолжээ. Мэдээнд Монгол Улс өрийн өндөр эрсдэлд байгаа орнуудын жагсаалтад байгаа харагдаж байна. Гэхдээ мэдээний гол агуулга нь Хятад улс тэдгээр орныг өрийн дарамтад оруулах “өрийн дипломат ажиллагаа” явуулаагүй, хийж буй хөрөнгө оруулалт нь улс төрийн ямар нэг хамааралгүй, мөн дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцдоггүй гэдгийг Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин ярьсан тухай байна.
Хавсралт зураг 2: баримт шалгалт
Энэ зураг нь Энэтхэгийн өдөр тутмын сонин болох “Mint”-ийн вэбсайтад 2018.09.19-нд нийтлэгдсэн мэдээнийх байна.
Уг мэдээ нь агуулгын хувьд зураг 1 буюу Непалын сонинд нийтлэгдсэн мэдээнийхтэй ижил байна.
Хавсралт зураг 3: баримт шалгалт
Энэ зураг нь Германы онлайн платформ “Statista”-д 2023.03.29-нд нийтлэгдсэн мэдээнийх байна.
Агуулга: “Хятад улсад хамгийн их өртэй улс орнууд” гэх гарчигтай тус мэдээнд дэлхий даяар боомт, төмөр зам, хуурай газрын дэд бүтцийн барилгын ажлыг санхүүжүүлж буй “Шинэ торгоны зам” төсөлд оролцогч орнууд Хятадад ихээхэн өртэй болж байгааг онцолжээ. Түүнчлэн, 2021 оны сүүлийн байдлаар Хятадад хамгийн их өртэй байгаа улсуудыг нэрлэсэн байна. Хятадад төлөх гадаад өрийн хэмжээг үндэсний нийт орлоготой нь харьцуулан жагсаахад Монгол Улс 24 хувиар Топ 5-д байгаа нь дараах зурагт харагдаж байна.
Хавсралт зураг 4: баримт шалгалт
Энэ зураг нь Их Британийн “The Economist” платформд 2019.04.25-нд нийтлэгдсэн мэдээнийх байна.
Агуулга: Тус мэдээнд мөн Хятадын “Бүс ба зам” санаачилгатай холбоотой гадаад улс орнуудын асуудлыг хөндсөн байна. Хавсралт зурагт “Бүс ба зам”-ын улс орнуудыг 2018 онд ДНБ-ий хувиар тооцогдох хэмжээний эрсдэлтэй өртэй гэж тодорхойлсон тухай байна. Тухайн жагсаалтад Жибути, Киргизстан, Монгол, Монтенегро, Пакистан, Лаос, Тажикстан, Малдив гэсэн улсуудын гадаад өрийн хэмжээ, Хятад улсад төлөх өрийн хэмжээ, 2024 оны урьдчилсан тооцоогоор Хятадад тавих нэмэлт өрийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг харуулжээ.
Хавсралт зураг 5: баримт шалгалт
Энэ зураг нь Хятадын “Green Finance & Development Center” судалгааны байгууллагын вэбсайтад 2023.12.06-нд орсон нийтлэлийнх байна.
Агуулга: “Бүс ба зам” санаачилгын (BRI) орнууд гэх гарчигтай тус нийтлэлд 2023 оны 12 дугаар сард Хятадтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнуудын тоо 146-151 болсныг дурджээ. Түүнчлэн, тэдгээр улсыг газрын зүйн бүс, орлогын байдал болон санаачилгад нэгдсэн оноор нь тус тус зургаар болон жагсаалт хэлбэрээр харуулсан байна.
Монгол Улсын хувьд “Зүүн өмнөд Ази болон Номхон далайн” бүсийн “Бага дундаж орлоготой” улс ба 2013 оны 12 дугаар сарын 1-нд Хятадтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан гэх мэдээлэл харагдаж байна.
Хавсралт зураг 6: баримт шалгалт
Энэ зураг нь мөн Хятадын “Green Finance & Development Center” судалгааны байгууллагын вэбсайтад 2020.01.24-нд орсон мэдээнийх байна.
Агуулга: “Бүс ба замын эдийн засаг: Шинэ болон хөгжүүлж буй судалгааны дүгнэлтүүд” гэх гарчигтай тус нийтлэлд Олон улсын хөгжлийн төв болон Дэлхийн банк хамтран “Бүс ба Зам” санаачилгын эдийн засаг” сэдэвт бага хурал зохион байгуулсан тухай байна. Мөн тухайн хуралд 2019 оны эхний хагаст Дэлхийн Банкнаас “Бүс ба зам”-тай холбоотой эдийн засгийн ашиг, зардлыг үнэлсэн цуврал баримт бичиг, “Бүс ба замын эдийн засаг: Тээврийн коридорын боломж, эрсдэл” хэмээх нэгдсэн тайлан болоод бусад судалгааг тус тус танилцуулсан гэжээ.
Хавсралт зураг 7: баримт шалгалт
Энэ зураг нь мөн “Green Finance & Development Center” судалгааны байгууллагын вэбсайтад 2024.12.13-нд орсон нийтлэлийнх байна.
Агуулга: “Хамгаалалтын сүлжээний хөрөнгө оруулалт нь бага, дунд орлоготой улс орнуудын хувьд уур амьсгалд дасан зохицох стратегийн нэг хэсэг байх болно” гэх гарчигтай энэхүү нийтлэл нь Хамгаалалтын сүлжээ гэдэг нь эмзэг бүлэгт тусалж, тэгш бус байдлыг багасгаж, бага наснаасаа хамрагдсан хүүхдүүдэд урт хугацааны хөгжил үзүүлдэг гэх гол агуулгатай байна.
Хятад улсад төлөх Монгол Улсын өрийн тухайд
Сангийн Яамнаас улирал тутамд гаргадаг “Засгийн газрын өрийн статистикийн товхимол”-д 2024 оны 3-р улирлын байдлаар манай Засгийн газар БНХАУ-д 3,491.2 тэрбум төгрөгийн өртэй байна.
Хоёр орны Ерөнхий сайдын уулзалтад эв найрамдлыг чухалчилсан байна
2024 оны 11 дүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайд айлчлах үеэрээ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзсан. Энэ үеэр Ли Чян “Хятад улс Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг чухалчилж, хөрш орнуудын харилцааны чухал байр суурьт тэмдэглэдэг бөгөөд цаашид хоёр улсын төрийн тэргүүн хоорондын чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгож, Хятад, Монгол хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэлээр уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, нягт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хоёр орны ард иргэдэд сайн сайхныг түгээхэд бэлэн байна” гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Нэг Хятад зарчмыг тууштай баримтлах бөгөөд Хятад Улстай хамтран ажиллаж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар цаашид ч харилцан хүндэтгэлтэй, харилцан дэмжиж, найрсаг хөрш орны үлгэр жишээг бий болгоход бэлэн байна. Монгол Улс Хятад Улстай худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хилийн боомт, эрчим хүч, хот төлөвлөлт, цөлжилтийг бууруулах зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, ажиллах хүчний салбарт хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгийг эрэлхийлж, соёл хүмүүнлэгийн харилцааг нягтаршуулахыг эрмэлзэж байна. Монгол Улс БНХАУ-тай Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна” гэсэн байр суурь илэрхийлсэн талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлсэн байна.
Энд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар, мөн найрсаг харилцаа, язгуур эрх ашигт хүндэтгэлтэй хандах гэх мэтийг чухалчилсан байна.
“Монгол Улс руу цэрэг оруулах” гэсэн утгаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хайхад 2023 онд Хааны эрэлд олон улсын хамтарсан сургуулилтад оролцохоор цэргээ Монгол Улсад илгээсэн тухай мэдээлэл байна. Харин өмчөө хамгаалахаар цэргээ оруулах тухай ямар ч мэдээлэл алга.
Дүгнэлт
Шалгасан постод ашигласан дээрх нийтлэгдсэн мэдээ, нийтлэлүүдийг харахад ихэвчлэн Хятад улсын “Бүс ба зам” санаачилгатай холбоотой байх ба санаачилгад нэгдсэн улсуудын ерөнхий мэдээлэл, өрийн мэдээллийн тухай байна. Эдгээр мэдээлэлд шалгасан постод дурдсан шиг агуулга огт байхгүй бөгөөд Монгол Улсын талаар тусгайлан хөндсөн хэсэг ч үгүй байна.
Өөрөөр хэлбэл, бидний шалгасан “Монгол улс дах хөрөнгөө хамгаалахын тулд Хятад улс цэргээ оруулах нь тодорхой боллоо” гэх пост худал бөгөөд 2018-2024 оны хооронд “Бүс ба зам”-тай холбоотой гарсан хэд хэдэн мэдээллийн зургийг ашигласан ч худал агуулгыг бататгах үндэслэлгүй юм. Иймд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой, олон нийтийг үймээн, самуунд турхирсан энэ мэт хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллүүдийг сайтар нягталж, хэрсүү хандаарай.