2024 оны 12 дугаар сарын 23-нд Цаг үеийн мэдээ мэдээлэл (архивлагдсан хувилбар) нэртэй хуудаснаас “Хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа ОХУ хорт хавдрын вакцин бүтээснээ зарлав” гэх тайлбартайгаар ТАС.МН сайтын мэдээллийг оруулжээ. Тус пост нийт 2,400 гаруй реакц, 226 сэтгэгдэл авч, 337 удаа цааш түгээгдсэн байна. Тас.мн сайтад (архивлагдсан хувилбар) орсон мэдээлэлд “ОХУ хорт хавдрын эсрэг “mRNA” технологийн вакциныг бүтээж, анагаах ухааны томоохон нээлт хийсэн гэдгээ зарлалаа. Мөн 2025 он гэхэд өвчтөнүүдэд үнэ төлбөргүй түгээхээр болсныг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Радиологийн анагаах ухааны судалгааны төвийн ерөнхий захирал Андрей Каприн мэдэгдэв…” хэмээн дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд “Хүн төрөлхтөнд анх удаагаа ОХУ хорт хавдрын вакцин бүтээснээ зарлав” гэх агуулгатай мэдээлэл түгээсэн. Энэ нь ямар нэг хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх вакцин огт байхгүй, ОХУ анх удаагаа хорт хавдрын вакцин бүтээж буй мэт ойлголт өгчээ.
Хорт хавдрын эсрэг дэлхийн анхны лицензтэй вакцин нь түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх Provenge вакцин юм. Тус вакцин 2010 оны 04 дүгээр сард АНУ-ын Хүнс, эмийн ангентлагаас зөвшөөрлөө авч байсан тухай хянан шалгагдсан судалгаа шинжилгээ нийтэлдэг Тэйлор Франсис сэтгүүлд хэвлэгджээ. (Taylor & Francis).
Мөн 1921 онд гарч байсан сүрьеэгийн эсрэг вакцин болох Bacillus Calmette-Guérin буюу BCG (БЦЖ) нь ерөнхий дархлааг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Энэхүү вакциныг хорт хавдрын эрт үеийн эмчилгээнд мөн ашиглаж байна. Тухайлбал, АНУ-ын Хүнс эмийн агентлагаас 1990 онд зөвшөөрөгдөж одоог хүртэл давсагны хорт хавдрын эрт үе шатанд эмчлэхэд ашигладаг хэвээр байгаа тухай АНУ-ын Хавдар судлалын хүрээлэн ашгийн бус байгууллагын албан ёсны сайтад мэдээлжээ. BCG вакцин нь эмчилгээ болгон хэрэглэж болох сулруулсан бактери агуулдаг бөгөөд давсагны хорт хавдрын өсөлтийг зогсоох эсвэл хугацааг нь удаашруулдаг байна.
Вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Умайн хүзүүний хорт хавдар болон элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй вакциныг дэлхий дахинд дархлаажуулалтын нэг хэсэг болгон хийж байна. Умайн хүзүүний хорт хавдар нь хүний паппилома вирусийн голлох дөрвөн хэв шинжээс үүсдэг бөгөөд хавдраас урьдчилан сэргийлэх Cervavic, Gardasil болон Gardasil-9 вакцин бий. Гепатит Б (HBV) вакцин (HEPLISAV-B®) нь вирусийн гаралтай элэгний хорт хавдраас сэргийлэх юм.
mRNA технологид суурилсан хавдрын эсрэг вакцины олон туршилт явагдаж байгаа ба Их Британи, АНУ зэрэг улс тодорхой хорт хавдрыг онилсон вакцин бүтээхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, Их Британид Moderna & Merck компани арьсны хавдрын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж буй аж. Мөн уушгины жижиг эсийн хавдрын эсрэг вакцины туршилт хийгдэж буй тухай английн BBC мэдээллийн сайтад дурджээ.
ОХУ-ын хөгжүүлж буй вакцины хүн дээр хийх клиник туршилт хараахан эхлээгүй байна.
Энэ оны сүүлээр ОХУ хорт хавдрын вакцин бүтээж амьтад дээр туршилт хийхэд хавдрын өсөлтийг зогсоон, тархалтыг хязгаарласан гэх мэдээллийг хүргэсэн. Тухалбал, 2024 оны 10-р сарын 12-нд ТАСС мэдээллийн сайтад гарсан мэдээлэлд Гамалеягийн нэрэмжит халдвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбург лабораторийн клиник судалгаагаар “Энэ вакцин хавдрын үсэрхийллийг маш сайн дарангуйлдаг болохыг амьтад дээр хийсэн туршилтаар харуулсан” хэмээжээ. Мөн ирэх жилийн дунд гэхэд клиник туршилт эхлэнэ хэмээн өнгөрсөн 7-р сард өгсөн ярилцлагадаа дурджээ.
Уг вакциныг төрийн санхүүжилттэйгээр Гамалея төв, Москвагийн Херзений нэрэмжит хавдар судлалын хүрээлэн болон Блохины нэрэмжит хавдар судлалын үндэсний судалгааны төв зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны баг хамтран боловсруулж байгаа аж.
Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн дарга Вероника Скворцова ерөнхийлөгч Владимр Путинтай хийсэн уулзалтын үеэр тус вакцины лабораторийн шинжилгээг амьтны нарийн гэдэсний хорт хавдарт туршилт хийж, хавдрын явц удааширч, хавдар 75-80%-иар буурсныг хэлжээ. Мөн үүнтэй зэрэгцүүлж арьсны хорт хавдар болон тархины хорт хавдрын эсрэг вакцины судалгаа хийж байгааг мэдээлжээ.
2024 оны 12 дугаар сарын 14-нд Александр Гинцбург ирэх оны эхэнд меланома буюу арьсны хорт хавдар болон уушгины жижиг эсийн хорт хавдартай өвчтөнүүдийг вакцинд хамруулж магадгүй гэдгийг ТАСС мэдээллийн сайтад дурджээ.