2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Bolormaa Natsagdorj нэртэй хаягаас “Аймшигтай мэдээ! COVID-19 вакцин нь сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, сэтгэлийн хямралыг ихэсгэдэг болохыг баталжээ” гэсэн эхлэлтэй пост оруулжээ.
Уг постод “… Солонгосын судалгаагаар COVID-19-ийн вакцинжуулалт нь сэтгэлийн хямрал, түгшүүр, стресстэй холбоотой эмгэг, нойрны асуудал зэрэг эрсдэлийг “их хэмжээгээр нэмэгдүүлсэн” болохыг тогтоосон. Нэр хүндтэй Nature сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албаны (KNHIS) нөхөн олговрын мэдээллийн сангаас вакцин хийлгэсэн хоёр сая гаруй хүн, вакцинд хамрагдаагүй 350,000 иргэнд дүн шинжилгээ хийсэн байна. “COVID-19 вакцинжуулалт нь сэтгэлийн хямрал, түгшүүр, диссоциаци, стресстэй холбоотой болон соматоформ эмгэг, нойрны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлж, шизофрени, хоёр туйлт эмгэгийн тохиолдол, эрсдэлийг бууруулж байна” гэж судлаачид дүгнэжээ. Судалгааны үр дүнд холимог төрлийн вакцин хийлгэсэн хүмүүс сэтгэцийн сөрөг үр дагаварт хамгийн их өртдөг болохыг харуулсан. Яг тодорхой шалтгаан нь тодорхойгүй хэвээр байгаа ч эрдэмтэд сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь вакцинаас үүдэлтэй аутоиммун хариу урвалаас үүдэлтэй байж болох бөгөөд энэ нь тархины үрэвсэл (аутоиммун энцефалит) эсвэл дархлааны бусад эмгэгүүдэд хүргэж болзошгүй гэж үзэж байна. Вакцин хийлгэсэн хүмүүс өөрийгөө хамгаалж, хэвийн байдалдаа эргэн орно гэж найдаж байсан ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ихээхэн нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ вакцин хийлгээгүй хүмүүст сэтгэл гутрал, түгшүүр, стресстэй холбоотой эмгэгүүд нэмэгдээгүй” гэсэн тайлбартай пост оруулжээ. Уг пост 101 реакц, 24 сэтгэгдэл авч, 78 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд дурдсан судалгаа нь 2024 онд Nature сэтгүүлд нийтэлсэн “COVID-19 вакцины дараах сэтгэцийн эмгэгүүд: Сөүл хотод хийсэн хүн амд суурилсан кохорт (шалтгаан тодруулах) судалгаа” нэртэй судалгаа байна. Уг судалгаанд COVID-19 вакцин болон сэтгэцийн эрүүл мэнд хоорондын хамаарлыг эерэг, сөрөг хэлбэрээр дүгнэжээ.
- Сөрөг Нөлөө: Сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл зэрэг эмгэг өссөн нь вакцины дараах хариу урвалаас үүдсэн байж болзошгүй.
- Эерэг Нөлөө: Вакцинаар суусан дархлаа нь шизофрени, хоёр туйлт эмгэгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх боломжтой.
Мөн дээрх сэтгэцийн эмгэгүүд нь нас, хүйс, эрүүл мэндийн байдлаас хамаарч ялгаатай байгаа нь ажиглагдсан. Эмэгтэйчүүд болон ахмад настнууд зарим эмгэгт илүү өртөмтгий байсан ч сэтгэцийн өвчлөлийн хувьд харьцангуй бага эрсдэлтэй гэж үзсэн. Үүний шалтгааныг вакцины эсрэг биетийн хариу урвал, хувь хүний дархлааны систем зэргээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгаагаар сэтгэл гутрал, түгшүүр, нойрны эмгэг зэрэг сэтгэцийн эмгэгийн эрсдэл нэмэгдэж, харин шизофрени, хоёр туйлт эмгэгийн эрсдэл буурч байгааг харуулсан байна. Вакцины төрлөөс нь хамаарч уг эрсдэл өөрчлөгдөх хандлагатай нь ажиглагдсан гэжээ.
- Гэсэн ч дээрх судалгааны хамаарлыг хэд хэдэн хүчин зүйлээс үүдэн нарийвчлан судлах шаардлагатай гэсэн байна. Тухайлбал, уг судалгааг гурван сар буюу богино хугацаанд хийсэн бөгөөд зөвхөн Сөүлийн 20-иос дээш насны хүмүүсийг хамруулсан нь учир дутагдалтай. Үүнээс гадна ковидын вакцин хийлгэснээс хойших урт хугацааны сэтгэц эрүүл мэндийн мэдээлэл дутмаг байна. Мөн сэтгэцийн эмгэг нь удамшлын гаралтай байж болох тул уг судалгаагаар дэлхийн нийт хүн амыг дүгнэх боломжгүй гэж дурджээ.
Уг судалгаанд COVID-19 халдвар авснаар тархины цусан хангамж буурч ядаргаа, нойрны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтойг дурдсан бөгөөд вакцины нөлөөг дэлгэрүүлэн судлах шаардлагатай гэж үзжээ.
Ковидын вакцин нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэх дүгнэлттэй судалгаа бага бөгөөд ихэнх судалгаагаар вакцины аюулгүй байдлыг баталдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад мэргэжлийн байгууллага вакцины аюулгүй байдлыг баталдаг. Үүнд, Ковидын вакцинжуулалтын дараа зарим хүнд түр зуурын гаж нөлөө илэрч болох ч ихэвчлэн хөнгөн, богино хугацааны шинжтэй, түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудлууд вакцинжуулалттай шууд холбоотой гэсэн дүгнэлт ховор.
Харин сэтгэц, сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлснийг харуулсан олон тооны судалгаа байна. Тухайлбал:
- АНУ-ын Биотехнологийн үндэсний мэдээллийн төвд нийтлэгдсэн судалгаагаар вакцинжуулалт нь халдвар авах, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулж, сэтгэлийн дарамтыг багасгасан гэж үзсэн байна.
- Мөн 2023 оны “COVID-19 вакцинжуулалт нь сэтгэцийн эмгэгтэй холбоогүй: мета-анализ” судалгаагаар ковидын вакцин нь сэтгэцийн эмгэгт ноцтой нөлөө үзүүлдэггүйг харуулжээ. Үүнээс гадна зарим тохиолдолд сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгийг бууруулсан гэж тэмдэглэсэн байна.
COVID-19-ийн вакцинжуулалт ба сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын хамаарлыг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Зарим судалгаанд сэтгэцийн эмгэгийн эрсдэл нэмэгдсэн гэж үзсэн бол, зарим нь үүнийг үгүйсгэж вакцинжуулалтын эерэг нөлөөг онцолсон байна. Иймээс судалгааны аргачлал, оролцогчдын бүлэг, өгөгдлийн ялгаанаас шалтгаалж үр дүн зөрүүтэй байх тохиолдол бий.