2024 оны 12 дугаар сарын 25-нд Бүсгүй Ертөнц гэх бүлгэмд Khulan Jagaa (архивлагдсан хувилбар) нэртэй хаягаас “Ээжүүд минь хэдэн хүүхэдтэйгээ бичээд яваарай маргааш хүүхдийх нь тоогоор бэлэг аваачаад өгье шинэ жилийн бэлэг гээд баярлуулая хө 🥰 “10к” нэртэй хуудаст 👍дараад “Ari shop” нэртэй хуудаст👍дараад 5 группт шэйр хийгээд хайрцаг дүүрэн бэлэгээ аваарай” гэх мэдээллийг түгээжээ. Тус пост нийт 808 реакц, 1,300 гаруй сэтгэгдэл авч 4,900 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь
Khulan Jagaa гэх хаяг өөрийн танилцуулга хэсгийг огт бөглөөгүй, хаягтаа хандалт өсгөх зорилготой постуудыг түгээдэг байна.
Мөн хаягийн био хэсэгтээ ”Пэйж лайк коммент нэмнэ Бэлэгтэй пост оруулж хандалт нэмнэ Хамтран ажиллахыг хүсвэл чат бичээрэй” гэх мэдээллийг оруулжээ.
“Бүсгүй ертөнц” гэх группэд шалгасан мэдээлэлтэй ижил төрлийн буюу “азтан шалгаруулна, хүн бүрд бэлэг өгнө” гэх агуулгатай постыг олон давтамжтай түгээдэг байна. Тухайлбал, ямар нэг хуудас, постод лайк дараад “машин, гутал бэлэгт аваарай, хүн бүрд 50 мянган төгрөг шилжүүлнэ” гэх агуулга постыг удаа дараа оруулж байсан. Гэвч азтан шалгарсан эсэх тухай, хүмүүст бэлгээ өгсөн гэх агуулгатай пост огт байхгүй. Үүнээс харахад бэлэг өгнө гэх нэрийдлээр ямар нэг хуудсын хандалтыг өсгөх зорилготой байгааг харж болох юм.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан “10к shop” гэх хуудас нь 2024 оны 11-р сарын 27-нд нээгдсэн ба хуудасны тухай мэдээлэл огт оруулаагүй зөвхөн захиалгаар бараа зарж буй тухай постууд оруулжээ. Холбогдох дугаар зэргийг мөн нийтлээгүй байна.
“Бүсгүй ертөнц” гэх группийн админ хаягууд нь өмнө нь хуурамч мэдээлэл түгээж, шалгагдаж байсан хаягууд байна.
Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд хавсаргасан бэлгийн зургийг Google lens хайлтын системээр хайхад интернэт орчинд түгээмэл ашигладаг зураг байна.
Мөн HM store гэх хуудаснаас “хямдрал бүх гацуур 29,900 боллоо” гэх тексттэй бичлэгт шалгасан мэдээлэлд хавсаргасан “10к shop” хуудсыг мөн дурджээ. HM shop хуудаст нийтлэгдсэн бичлэгийг Google Lens хайлын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг @eler.plys нэртэй ТикТок хаягт 2024 оны 10 дугаар сарын 23-нд нийтэлсэн байна. Интернэт орчинд түгээмэл байдаг бусдын зураг, бичлэгийг ашиглаж тухайн барааг бэлэглэнэ гэх агуулгатай хуурамч мэдээлэл түгээдэг аж.
Агуулгыг нягтлах
Аливаа хандалтаа өсгөх зорилготой хуудаснууд ихэвчлэн “хүн бүрд үнэгүй бэлэг өгнө, мөнгө шилжүүлнэ, үнэгүй бараа тараана” гэх агуулгатай пост оруулдаг. Үүнийгээ олон давтамжтай түгээдэг байна. Бэлэг өгнө гэж бичдэг ч бэлгээ гардуулсан эсэх, азтанаа тодруулсан тухай мэдээллийг огт оруулдаггүй. Мөн зөвхөн лайк дарж, цааш түгээх гэсэн хялбар үйлдэлд уриалан олны анхаарлыг татаж хандалтаа өсгөдөг.
Пэйж, группийг олон дагагчтай болгож хөгжүүлээд, худалдаж, эсвэл зар сурталчилгаа байршуулах зэргээр мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг тохиолдол бий. Шалгасан мэдээллийг оруулсан хаяг нь танилцуулга дээрээ ”…Бэлэгтэй пост оруулж хандалт нэмнэ. Хамтран ажиллахыг хүсвэл чат бичээрэй” гэж тодорхой бичсэн нь бэлэгт хууртаж, дагасан, лайк дарсан хэрэглэгчдээ “бүтээгдэхүүн” болгон ашиглана гэснээс өөрцгүй юм.
Иймээс аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө хаягийг шалгаж, агуулгыг нягталж хэвшээрэй.