Search

“Цэнэглэгч дэргэдээ залгаатай унтсанаас болж тогонд цохиулсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1255

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ-ын Оклахома мужид 16 настай хүүхэд утасны цэнэглэгч дэргэдээ залгаатай унтаж байгаад цэнэглэгчийн залгуурт хүзүүний гинж нь хүрч тогонд цохиулаад ийм 2, 4-р зэргийн түлэгдэл авсан гэнэ” хэмээн түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

16 настай хүү уртасгагч залгуур луу тонгойход хүзүүний зүүлт нь дутуу залгасан залгуурын ил гарсан хэсэгт хүрснээр тогонд цохиулжээ.

2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Сурвалж.мн – Survalj.mn нэртэй пэйж “АНУ-ын Оклахома мужид 16 настай хүүхэд утасны цэнэглэгч дэргэдээ залгаатай унтаж байгаад цэнэглэгчийн залгуурт хүзүүний гинж нь хүрч тогонд цохиулаад ийм 2, 4-р зэргийн түлэгдэл авсан гэнэ. Утасны цэнэглэгч залгаатай хонох нь утас дэлбэрэхээс эхлээд металь эдлэлд ойрхон залгаж хонохгүй байхыг анхааруулж байна!” хэмээн түгээжээ. Тус пост нь 114 реакц, 11 сэтгэгдэл авч, 272 удаа цааш түгээгджээ.

Хэдийгээр болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээлэл мэт харагдах боловч хүний анхаарал татсан зургаар айлгаж, сэрдхийлгэж, сэтгэл хөдлөлд автуулж хариу үйлдэл хийлгэх нийгмийн сүлжээний алгоритмын нөлөөг ашигласан хэлбэр тул бодит үйл явдлын талаар хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой Оклахома мужид Данейлле Дэвис гэх эмэгтэй 16 настай Рэйс Огдэйл хүүгийнхээ өрөөнөөс хашхирах чимээ гарахыг сонсжээ. Дэвис яаран сандран хүүгийнхээ өрөөнд орж шалгахад, хүү нь ухаантай байсан хэдий ч тэвдсэн байдалтайгаар “хүзүүний зүүлтээр дамжаад тогонд цохиулчихлаа.” гэжээ.

Хүүгийн ээж Данейлле Дэвис болсон явдлын талаар Mirror сонинд ийн хэлжээ:

“Хүү маань тэрээр гар утсаа цэнэглэж байгаа эсэхийг шалгахаар уртасгагч залгуур луу тонгойход, хүзүүний зүүлтийнх нь загалмай нь дутуу залгасан залгуурын (доорх зурагт харагдсанаар) ил хэсэгт хүрснээр тогонд цохиулсан. Энэ бүхэн хэдхэн секундийн дотор л болж өнгөрсөн.”

“Иймд цахилгааны залгууруудаа сайтар хянаж, ер нь л уртасгагч залгуур ашиглахгүй байхыг зөвлөж байна” хэмээн тогонд цохиулсан хүүгийн ээж Дэвис хэлжээ.

Дүгнээд хэлбэл, 16 настай хүү утасны цэнэглэгчээ залгаатай эсэхийг шалгах гэж тонгойхдоо дутуу залгасан залгуурын ил гарсан төмөрт нь хүзүүний зүүлтээрээ хүрч тогонд цохиулсан золгүй явдал болжээ. Үүнийг цахим орчинд гар утасны цэнэглэгчээ дэргэдээ залгаж унтсанаас болж тогонд цохиулжээ хэмээн төөрөгдүүлэн түгээж байна.

Цахим орчинд хандалт авах, сонирхолтой болгох зорилгоор гаднын мэдээ, мэдээллүүдийг орчуулан түгээхдээ агуулга, утгыг гуйвуулж өөрчилж түгээх явдал түгээмэл байдаг. Иймд та аливаа мэдээлэл авахдаа анхдагч эх сурвалжийг нь давхар шалгаж байхыг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document