Search

“Уушги цэвэрлэх ундаа” гэх бэлдмэл нь утаанаас бүрэн хамгаалж чадахгүй бөгөөд хэтрүүлбэл харшлах эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1254

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Лийр,  улаан чавга, цагаан гаа, цагаан лийр зэрэг орцоор уушги цэвэрлэх шүүс бэлдэх боломжтойг харуулсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Лийр, улаан чавга, цагаан гаа, цагаан лийр зэрэг жимснүүдийг зохистой хэмжээгээр, биеийн онцлогт тохируулан хэрэглэвэл сөрөг нөлөө багатай. Гэсэн ч жимс, жимсний шүүс зэрэг нэмэлт бүтээгдэхүүн нь дархлаа дэмжих ч утаа, агаарын бохирдол, өвчлөлөөс шууд хамгаалж чадахгүй.

2024 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Luminarc Saruul market нэртэй хаягаас “Бид ямар утаатай орчинд амьдарч байгаа билээ. Үр хүүхдүүддээ долоо хоногт нэг удаа ч болтугай хийж өгөөрэй. Уушги цэвэрлэх, Хүчтэй антибиотик эмчилгээний дараа, Ханиад хүрсэн бол, Ханиад хүрээгүй ч заавал хийж өгөөрэй уушгийг маш сайн цэвэрлэдэг шүү” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ. Тухайн бичлэгт лийр,  улаан чавга, цагаан гаа, цагаан лийрийг жижиглэн хэрчээд жигнэж идэхээс гадна шүүс болгон уух боломжтойг харуулжээ. Уг бичлэг 2.7 мянган реакц, 99 сэтгэгдэл авч, 6.1 мянган удаа цааш түгээгдсэн байна.  

Лийр, улаан чавга, цагаан гаа, цагаан лийр зэрэг нь уушги болон биеийн бусад системд үзүүлэх эерэг нөлөөтэй, олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг жимс, ургамал юм. Тухайлбал, АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны номын сангийн судалгааны төвд 2018 онд нийтлэгдсэн судалгаанд цагаан гаа нь уушгины гэмтлийг үр дүнтэй бууруулж, уушгины үрэвслийн гэмтлээс хамгаалдгийг баталсан байна. Мөн цагаан гааг уушгины гуурсан хоолойн дисплазийн эмчилгээнд ашиглах боломжтой жимс гэж таамаглал дэвшүүлсэн байна.

Researchgate олон улсын судалгааны санд Хүнс, хоол тэжээл, хүн амын эрүүл мэндийн сэтгүүлээс эрхлэн гаргасан чавганы ач тусын талаарх судалгаанд уг жимс нь витамин А, бета-каротин агуулдаг. Байгалийн жимсний А аминдэм нь уушги болон амны хөндийн хорт хавдраас сэргийлэхэд тустай гэж дурдсан байна.

  • Хэдийгээр эдгээр жимс эрүүл мэндэд ашиг тустай ч зарим тохиолдолд харшлах, гэдэс дүүргэх зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Жишээ нь, улаан чавганы хүчиллэг чанараас шалтгаалан ходоод гэдэсний орчны хүчлийг нэмэгдүүлж, зовуурь үүсгэж болзошгүй. Мөн лийр нь чихрийн агууламж өндөр тул чихрийн шижинтэй хүмүүс бага хэмжээгээр хэрэглэх шаардлагатай.

Лийр, улаан чавга, цагаан гаа зэрэг жимсийг зохистой хэмжээгээр, биеийн онцлогт тохируулан хэрэглэвэл сөрөг нөлөө багатай. Хэдийгээр жимс, жимсний шүүс зэрэг нэмэлт бүтээгдэхүүн нь дархлаа дэмжих хүнс ч гэлээ утаа, агаарын бохирдол, өвчлөлөөс шууд хамгаалж, эдгээж чадахгүй. Тиймээс амьсгалын замтай холбоотой архаг өвчин, ханиад зэргээс сэргийлэх боломжтой арга хэмжээг авч, өвдсөн тохиолдолд эмчийн заавраар анагаагаарай.

Америкийн уушгины холбооноос тамхи татахгүй байх, дасгал хөдөлгөөн хийж, тогтмол үзлэгт хамрагдах, дотор агаарын чанарыг сайжруулж сэлгэлт хийх зэргийг зөвлөхөөс гадна томуу, уушгины хатгалгаа, РСВ (Амьсгалын замын синцитиал вирус) зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдахыг зөвлөжээ. Мөн эрүүл хооллохдоо анхаарч, гадна орчны агаарын бохирдлоос тусгаарлах арга хэмжээ авч байхыг сануулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document