2024 оны 12-р сарын 22-нд Хажидмаа Гантөмөр нэртэй хаягаас “Гахайн тахиан махны хор уршиг” гэх тексттэй компьютер томографын зурагтай бичлэг оруулжээ. Тус зурагт хүний биеэр жижиг өт шиг зүйл тархсан байгааг харж болох юм. Уг бичлэг нь нийт 1,100 гаруй реакц, 160 сэтгэгдэл авч, 1,400 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд олон хэлээр түгээмэл тархсан зураг байна. Мөн Times of India, The Mirror US болон New York Post зэрэг мэдээллийн сайт тус зургийг тайлбарлан нийтэлжээ.
Шалгасан зургийг Флоридагийн эрүүл мэндийн Жаксонвиллийн их сургуулийн (the University of Florida Health Jacksonville) яаралтай тусламжийн эмч Доктор Сэм Гали (Dr. Sam Ghali) сошиал медиад хуваалцсанаар олон нийтэд түгжээ. Зураг нь туузан хорхой тээсэн гахайн махыг бүрэн болгоогүй, эсвэл түүхийгээр нь идсэн хүнд шимэгч халдварласныг харуулж байгаа аж.
Доктор Сэм Гали өөрийн албан ёсны Х (хуучнаар твиттер) хаягтаа 2024 оны 08 дугаар сарын 26-нд “Энэ бол миний харж байсан хамгийн галзуу компьютер томограф зургийн нэг юм. Ямар оноштой вэ?” хэмээн нийтэлж үргэлжлүүлэн тус зургийн тайлбарыг мөн жиргэжээ.
Тодруулбал, тэрээр “Хүмүүс Taenia Solium буюу гахайн махны туузан хорхойн өндөгтэй дутуу болгосон гахайн мах идсэнээр Цистицеркоз (Cysticercosis) буюу шимэгч хорхойн халдвар авдаг. Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа эдгээр авгалдай ходоод гэдэсний замд боловсорч туузан өт болдог байна. Үүнийг гэдэсний таениз гэж нэрлэдэг байна. Туузан хорхойн өндөг залгисны дараа авгалдай болж, гэдэсний ханыг нэвтлэн цусны урсгал руу нэвтэрч, биеийн бусад хэсэг рүү шууд тархдаг. Ихэвчлэн тархи, нүд, арьсны доорх эд, булчингууд руу нэвтэрдэг. Авгалдай тархинд хүрвэл тархины эдэд уйланхай үүсгэж толгой өвдөх, таталт өгөх болон бусад ноцтой мэдрэлийн эмгэг үүсгэх боломжтой…” хэмээн тайлбарлажээ.
Шалгасан мэдээлэл нь гахайн мах идэх нь шууд шимэгчийн халдвартай болох мэт ойлголт өгч байна. Гэвч мэдээллийг түгээсэн анхдагч эх сурвалжид эрүүл ахуйн шинжилгээгүй, түүхий болон дутуу болгосон гахайн мах идсэнээр халдвар авсан тухай мэдээлсэн. Мөн Доктор Сэм Гали “Үргэлж гараа угааж, дутуу болгосон эсвэл түүхий гахайн мах битгий идээрэй” гэх сануулгыг өгсөн байна.
Бид өмнөх баримт шалгалтаараа гахайн маханд байж болох шимэгчийн халдварын тухай мэдээлсэн.
“Трихинеллёзын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тодорхой бус байдал”, “Мексикийн Юкатан хотод түгээмэл хэрэглэгддэг давс даршлах болон түгээмэл хоол хийх аргаар бэлтгэсний дараах халдвартай гахайн маханд Taenia solium метацестодын амьдрах чадвар” зэрэг судалгаанд Трихинелла шимэгч нь 58°C-д үхдэг, туузан хорхойн өндөг, авгалдай 50-65°C-д устдаг хэмээжээ. Иймд гахайн маханд чанаж, шарсан ч устдаггүй тэсвэртэй өт байдаг гэх агуулгыг үгүйсгэж байна.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвөөс гаргасан судалгааны ажилд гахайн мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах бактери, шимэгч хорхойг устгахад шаардлагатай тооцоолсон температур болон хугацаа нь:
- -20°C-д 8 минут,
- -15°C-д 64 минут,
- -10°C-д 4 хоног байлгана гэжээ.
- -23.3°C-д Трихинелла шимэгч бүрэн устдаг гэсэн байна.