2024 оны 12 дугаар сарын 21-нд Сарантуяа Бямба нэртэй хаягаас “Сая өвөр Монголоос эмч дүү ярьж байна. Монголчууд ковидоос хойш ханиад шуухинаа тусахад лянхуа гэдэг хятад эм их ууж байна гэж сонслоо. Хятадад уламжлалт анагаах ухаанд энэ эмийг уухыг бүрмөсөн хориглосон шүү. Учир нь лянхуа эм уусан хүмүүсийн уушгинд мананцар үүссэн. Дээрээс нь энэ эм маш сэрүүн чанартай тул Монгол хүнд огт тохирохгүй ээ. Удаан хэрэглэх юм бол бөөр хайлуулдаг гэдгийг дамжуулаад өгөөрэй гэж байна шүү” гэх пост оруулсан нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар 1300 гаруй реакц, 170 гаруй сэтгэгдэл авч, 10,000 гаруй удаа түгээгджээ.
Дараах байдлаар баримт шалгав
Тухайн постыг олон улсын судалгаа болон баталгаат мэдээллийн эх сурвалжуудын мэдээгээр баримтжуулан шалгав.
“Хятад өвчтөнүүдэд Лянхуа Чинвенийг томуугийн эмчилгээний туслах эм болгон ашиглахын үр нөлөө ба аюулгүй байдал” мета-анализ
Томуугийн эмчилгээнд Лянхуа Чинвен эмийн үр дүн, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор тус судалгааг хийсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сард нийтэлжээ. Гол мэдээлэл ба үр дүн:
- Лянхуа Чинвен нь томуугийн эмчилгээнд ашигладаг Хятадын уламжлалт эм юм. Тус эм нь дархлааг зохицуулж, вирус, бактерийн эсрэг нөлөө үзүүлэх Максин шиган, Еинчао гэсэн гол хоёр жороос бүрддэг байна.
- Лянхуа Чинвентэй эмчилгээ нь тус эмийг ашиглаагүй эмчилгээнээс илүү эерэг нөлөөтэй байсан ба эмнэл зүйн нөлөө, эдгэрэлтийн түвшин болон бусад олон үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирч, сөрөг урвалын тохиолдол багассан байна.
- Лянхуа нь вирусийн эсрэг чухал нөлөөтэй бөгөөд томуу, амьсгалын замын хурц үрэвсэл, шувууны томуу, херпес симплекс болон томуугийн A H1N1 вирусүүдийг мэдэгдэхүйц дарангуйлдаг учир өвчлөлийн тархалтын үед ихээхэн ач холбогдолтой гэжээ.
- Лянхуа нь бактерийн болон вирусийн гаралтай халдварт өвчний эмчилгээнд тусалдаг. Халуун бууруулах, үрэвсэл дарах, ханиалга намдаах, эсийн дархлааг сайжруулах зэрэг нөлөөтэй ба толгойн өвдөлт, хоолой өвдөх болон ханиадны бусад шинж тэмдгийг намдаахад үр дүнтэй аж.
Томуугийн бус вирусийн гаралтай уушгины үрэвслийг эмчлэхэд Лянхуа Чинвений үр дүн болон аюулгүй байдал: олон төвт клиник судалгаа
Судалгаанд нийт 169 хүн хамрагдсан бөгөөд туршилтын бүлэг, хяналтын бүлэг гэж хуваарилсан байна. Туршилтын бүлэгт Лянхуа эмийг ашигласан ба 7 хоногийн дараагаас ханиалгах болон бусад шинж тэмдэг хяналтын бүлэгтэй харьцуулахад ихээхэн буурсан байна. Гэхдээ халуурах, шүлсний өнгө өөрчлөгдөх, цээжний өвдөлт, булчингийн өвдөлт, амьсгалах, чичрэх, цангах зэрэг шинж тэмдэг хоёр бүлэгт онцын ялгаа гараагүй аж.
Лянхуа эм нь томуугийн бус вирусийн гаралтай уушгины үрэвсэлтэй өвчтөнүүдийн эмнэл зүйн шинж тэмдгүүдийг сайжруулж, ялангуяа ханиалгах, хатгуулах зэргийг бууруулсан байна.
Хятадын уламжлалт Лянхуа Чинвен эмийг хөнгөн болон дунд зэргийн COVID-19 өвчтэй өвчтөнүүдэд барууны эмтэй хамт хэрэглэх нь” мета-анализ
Дээрх судалгаагаар Лянхуа Чинвенийг Ковид-19-ийн эсрэг барууны эмтэй хослуулсан эмчлэх нь ханиалга, ядаргаа, уушгины өөрчлөлтүүдийг хурдан эдгээхэд клиникийн хувьд илүү үр дүнтэй байжээ.
“Lianhua Qingwen-ийн Омикроны хөнгөн ба шинж тэмдэггүй өвчтөнүүдэд Лянхуа Чинвений нөлөө: Бодит байдлын судалгаа”
Уг судалгааг БНХАУ-ын эрдэмтэд хийж, 2024 оны 03 дугаар сард нийтэлжээ.
- Халуун бууруулах, хоргүйжүүлэх үйлчилгээгээрээ алдартай 13 ургамлын охиос бүрдсэн Лянхуа Чинвен нь Хятадын уламжлалт анагаах ухааны эм бөгөөд улсдаа өргөн хэрэглэгддэг ч гаднын улсуудад төдий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй байгаа талаар тайлангийн эхэнд дурдсан байна.
- Тус эмийг Ковид-19-өөр өвдсөн хүмүүсийг эмчлэхэд үр дүнтэй гэж үздэг ч Ковид-19-ийн Омикрон BF.4/5, BF.7 хувилбараас үүдэлтэй хөнгөн болон ямар нэг шинж тэмдэггүй өвчтөнүүдэд хэрхэн нөлөөлөх нь бүрэн тогтоогдоогүй байна. Иймээс эмийн үр дүнг тодорхойлох зорилгоор эмнэлгийн нөхцөлд Ковид-19 оноштой өвчтөнүүдийг хамруулан бодит судалгаа хийжээ.
- Судалгааны үр дүнд Лянхуа эмтэй эмчилгээ хийлгэсэн болон хийлгээгүй өвчтөнүүдийн хувьд вирусийн тархалт хоорондын үзүүлэлтэд төдийлөн ялгаа ажиглагдаагүй байна. Иймд, эмийн бүх талын үр нөлөөг үнэлэхийн тулд нэмэлт судалгаа зайлшгүй шаардлагатай гэжээ.
Клиникийн хэрэглээний үед Лянхуа Чинвенийг ердийн эмтэй харьцуулан сөрөг урвалыг тодорхойлох мета анализ
Нийт 217 хүнд туршилт явуулж, судлахад Лянхуа эмээр эмчлүүлж буй бүлэгт ердийн эмийн бүлгийнхээс бага сөрөг урвал илэрчээ. Тодруулбал,
- Дэд бүлгийн шинжилгээгээр Лянхуа эмийн бүлэгт дараах өвчлөлийн шинж тэмдгүүд багасчээ. (арьсны үрэвсэл, хавсарсан гэмтэл, мэдрэлийн системийн гэмтлээс болж толгой эргэх, толгой өвдөх, ходоод гэдэсний системийн гэмтлээс болж дотор муухайрах, бөөлжих зэрэг болон өвдөлт дахин давтах гэх мэт)
- Томуу А (H1N1) болон томуугийн эмчилгээнд Лянхуа хэрэглэж байсан бүлэгт сөрөг урвал үүсэх нь эрс бага байжээ. Аюулгүй байдлын индексийг үнэлэхэд амьсгалын замын гэмтэл, арьс болон түүний хавсарсан мэдрэлийн системийн гэмтэл, ходоод гэдэсний замын гэмтэл болон бусад сөрөг үр дагавар багассан байна.
Судалгааны дүгнэлтэд дээрх үр дүнг бүрэн батлахын тулд цаашид урт хугацааны, чанартай судалгаанууд нэн чухал гэжээ.
Лянхуа Чинвен эмийн Монгол Улс дахь бүртгэлийн мэдээлэл
Монгол Улсад бүртгэлтэй эм, оношлуур, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, түүхий эдийн жагсаалтуудаас тус эмийг хайхад “Лянхуа Чингвен капсул” нэрээр албан ёсны бүртгэлтэй байгаа бөгөөд жоргүй олгодог, 2025 оны 11 дүгээр сарын 20 хүртэл хүчинтэй байна. Тус бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл нь 2023 оны 08 дугаар сарын 25-нд дууссан байна.
Дүгнэлт
Олон улсын баталгаат мэдээллийн эх сурвалжуудад Хятадын уламжлалт анагаах ухаанд Лянхуа Чинвен эмийг хориглосон талаар мэдээлэл олдсонгүй. Үүнээс гадна, тус эмийн үр нөлөө, сөрөг урвалыг судалсан судалгаануудад шалгасан постод дурдсан шиг уушгинд мананцар үүсгэдэг, удаан хэрэглэвэл бөөр хайлуулдаг гэх мэтийг баталсан үр дүн байхгүй байна.
Түүнчлэн, Лянхуа Чинвен нь Монгол Улсад бүртгэлтэй, жоргүй олгох эм бөгөөд хууль, журмын дагуу холбогдох зөвшөөрөлтэй байгаа юм. Иймд, бидний шалгасан пост нь албаны эх сурвалж дурдаагүй, баттай бус бөгөөд туршилт, судалгаагаар батлагдаагүй мэдээлэл байна.