2024 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Luminarc Saruul market нэртэй хуудсаас “Яг одоо хая! Хэрэв танай гэрт удаан хугацаанд хэрэглэсэн модон савх, халбага байвал яг одоо хогийн савандаа хаяарай! Саяхан нэгэн гэр бүлийн 4 хүн бүгдээрээ зэрэг хорт хавдар туссан байна. Тэдэнд хорт хавдар үүссэн гол шалтгаан нь удаан хэрэглэсэн модон савхнууд байсныг тогтоожээ. Модон савхаа дутуу угааж, буруу хатаах үед өнгө нь харлаж эхэндээ хөгц үүснэ. 2-р шатанд хорт хавдар үүсгэгч “Афлатоксин” үрждэг байна. “Aflatoxin” гэдэг хорт бодис хүний биед ямар нөлөөтэй талаар уншаад үзвэл ойлгомжтой юм. Иймд модон савхаа хаяад, оронд нь мөнгөн буюу ган төмрөөр хийсэн халбага, савх авч хэрэглээрэй” гэсэн тайлбартай пост оруулжээ. Уг пост 144 реакц, 1 сэтгэгдэл авч, 100 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хөгц, мөөгөнцөр нь микотоксин гэх хорт бодис агуулж байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас микотоксин нь тодорхой төрлийн хөгц мөөгөнцрөөс үүсдэг байгалийн гаралтай хорт нэгдлүүд гэж тайлбарласан байна. Микотоксин үүсгэдэг мөөгөнцөр нь үр тариа, хатаасан жимс, самар, халуун ногоо зэрэг бүтээгдэхүүнд ургац хураахын өмнө эсвэл хураасны дараа дулаан, чийглэг нөхцөлд хадгалснаас үүдэн бий болдог.
Хэдэн зуун өөр төрлийн микотоксиныг тодорхойлсон боловч хүн, малын эрүүл мэндэд аюул учруулдаг микотоксинуудад афлатоксин, охратоксин А, патулин, фумонизин, зеараленон, ниваленол/дезоксиниваленол ордог байна.
Афлатоксин гэж юу вэ?
Афлатоксин гэдэг нь эрдэнэ шиш, газрын самар, хөвөн үр, модны самар зэрэг хөдөө аж ахуйн ургамалд агуулагддаг зарим мөөгөнцөр, хөгцөөс үүсдэг хорт бодис юм. АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгээс афлатоксинд өртөх нь элэгний хорт хавдар тусах эрсдэлтэй талаар мэдээлсэн байна. Түүнчлэн афлатоксин нь Aspergillus flavus болон Aspergillus parasiticus төрлийн хөгцөөс үүсдэг бөгөөд ихэвчлэн буруу хадгалсан үр тариа, самар зэрэгт ургадаг. Эдгээр хөгц нь чийгшил ихтэй, дулаан орчинд хурдан ургадаг байна.
Афлатоксин нь хэд хэдэн төрөлтэй бөгөөд хамгийн түгээмэл нь дараах хэлбэрээр байдаг.
Афлатоксин M1: Ихэвчлэн бохирдсон тэжээл идсэн малын сүүнд агуулагддаг.
Афлатоксин B1: Бусад төрлөөсөө илүү хортой бөгөөд элэгний хорт хавдар үүсгэх шалтгаан болох боломжтой.
Афлатоксин B2, G1, G2: B1 төрлөөсөө бага хортой боловч эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг.
Афлатоксин нь халуун, чийглэг бүс нутагт түгээмэл байдаг нь хөгжиж буй зарим орнуудад асуудал болдог. Гэхдээ энэ нь хүнсний бүтээгдэхүүнээ зөв зохистой хадгалж, эрүүл ахуйг сахиснаар урьдчилан сэргийлэх боломжтой аюул юм.
Модон савх, хэрэгслийг битүү, агааргүй орчинд, бүрэн хатаахгүйгээр хадгалах нь хөгц ургах нөхцөл бүрдүүлж болзошгүй. Гэвч модон гадаргуу нь хүнсний бүтээгдэхүүн шиг тэжээллэг бодис агуулдаггүй тул хөгц ургаж, афлатоксин ялгаруулах магадлал бага. Тиймээс модон хэрэгслээ тогтмол угааж, бүрэн хатааж, хуурай, агаар сайн нэвтрэх газар хадгалах хэрэгтэй. Мөн хагарсан, өнгө нь өөрчлөгдсөн, хөгц үүссэн модон хэрэгслийг хаяж, шинээр солих нь зүйтэй. Энэ тохиолдлоос бусад нөхцөлд модон эдлэлийг зохистой ашиглахад аюулгүй.