Жүрмэд Занаа фэйсбүүк хаягаас 2024.12.05-нд “АНХААР!!!!!!!!!! ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭЭЭЭЭЭ!!!!!!! ГАРДАСИЛ ВАКЦИН БОЛОН ТОВЛОЛТ ВАКЦИНЫГ БОЛОВСРОЛЫН БҮХ БАЙГУУЛЛАГА ДЭЭР ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН БАЙНА!!!!!!!!!!!! ЭМЯ НЫ АЛУУРЧИД Л УЛАЙРАН ДАЙРЧ БАЙГАА ЮМ БАЙНА!!!!!!!!!!!!! ӨРГӨН ДЭЛГЭР ШЭЙРЛЭЭД БАЙГААРАЙ, ХҮМҮҮС ЭЭЭ!!!!!!!!!!!!” гэх постын хамт Боловсролын сайдын албан бичгийн зургийг хавсаргажээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Боловсролын сайдын хариу өгсөн албан тоот
Шалгасан постод хавсаргасан зураг нь Боловсролын сайд П.Наранбаярын 2024 оны 12 дугаар срын 03-ны 1/2497 тоот “Хариу өгөх тухай” албан бичгийнх бөгөөд “Ковид-19 вакцинаас хохирогчид болон эсэргүүцэгчийн хөдөлгөөн”-ийг төлөөлөгч иргэн С.Отгонцэцэг, Б.Рэнцэнханд нарт хаяглажээ. Тус албан бичгийн гол агуулгыг харвал:
- Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолд “Хүний папиллома вирусийн эсрэг сэргийлэх тарилгыг хүүхдэд 11 настайд нь хийх”-ээр заажээ.
- Боловсролын яам нь сургууль, цэцэрлэгийн орчинд дархлаажуулалт зохион байгуулах асуудлаар хамтарсан шийдвэр батлах, гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалт, чиг үүрэг байхгүй болно.
- Сургуулийн насны хүүхдийг товлолт дархлаажуулалтад хамруулахад хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчинд бус эрүүл мэндийн байгууллагын орчинд дархлаажуулалтыг зохион байгуулах талаар байр сууриа эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн болно.
- Дархлаажуулалтын ажлын зохион байгуулалт, сэргийлэх тарилгын талаарх санал, хүсэлтээ холбогдох хуульд заасны дагуу тус чиг үүргийг хэрэгжүүлэх холбогдох байгууллагад гаргах нь зүйтэй.” гэжээ.
Шалгасан постод дурдсан “Гардасил болон товлолт вакциныг боловсролын бүх боловсролын байгууллага дээр хийхийг хориглосон” гэх агуулга Боловсролын сайдын хариу болгон хүргүүлсэн албан бичигт огт байхгүй байна.
Үүнээс гадна, МУ-ын Дархлаажуулалтын тухай хуульд товлолт вакциныг боловсролын байгууллагад хийхийг хориглосон заалт байхгүй.
Товлолт вакцины тухай
МУ-ын “Дархлаажуулалтын тухай хууль”-д товлолт вакцинууд болон заавал хийх дархжаалуулалттай холбоотой заалтуудаас онцолбол:
- 3.1.2. “заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг;
- 3 дугаар зүйлийн 3.1.11. “үндэсний товлол” гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг ойлгоно.
- 10 дугаар зүйлийн 10.1. Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.
- 8.1. Дархлаажуулалтын ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулна.
- Түүнчлэн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Сэргийлэх тарилгыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.” гэж тус тус заажээ.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаал
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд хамтран 2024 оны 12 дугаар сарын 05-нд “Боловсролын сургалтын байгууллагад суурилсан дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай” А/484 А/291 тоот тушаал баталжээ.
Уг тушаалаар “Боловсролын сургалтынн байгууллагад суурилсан дархлаажуулалтын зохион байгуулалт, цэгийн бэлэн байдлыг хангах заавар”-ыг тусгасан.
Эндээс шалгасан мэдээлэлтэй холбогдох хэсгүүдийг онцлон хүргэе.
1.1. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв харьяа нутаг дэвсгэрт байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль (цаашид “сургууль” гэх)-ийн зорилтот насны хүүхдийг тодорхойлж дархлаажуулалтын төлөвлөгөө гаргах, түүний хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих, бэлэн байдлыг хангах, удирдан зохион байгуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
4.1. Дархлаажуулалтын цэгийг төрийн болон төрийн бус өмчийн сургуульд түшиглэн зохион байгуулна.
4.2. Дархлаажуулалтын цэгийг байгуулахдаа аль болох зай талбай хангалттай, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай хурлын заал, урлаг, спортын заал, эсхүл анги танхим ашиглана.
5.1. Дархлаажуулалтын баг бүр (олон нийтийн зохицуулагч, дараалал зохицуулагч, бүртгэгч, эмч, вакцинатор, ажиглагч) 4-7 гишүүнтэй байна.
Дүгнэлт
Хууль эрх зүйн холбогдох баримт бичгүүдээс харахад шалгасан мэдээлэлд дурдсан шиг “товлолт вакциныг боловсролын байгууллага дээр хийх хориотой” гэх зүйл заалт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, фэйсбүүк хэрэглэгч Боловсролын сайдын хариу бүхий албан бичгийн зургийг нийтлэхдээ үндсэн агуулгыг мушгин гуйвуулж, хуурамч мэдээлэл түгээжээ.
Вакцинтай холбоотой эргэлзээтэй мэдээллүүд сүүлийн үед цахим орчинд их тархаж байна. Ялангуяа энэ оны 11 дүгээр сараас Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт дархлаажуулалт хийж эхэлснээс хойш энэ төрлийн хуурамч мэдээллүүдийн тархалт нэмэгдсээр байгаа юм. Манай төвөөс тэдгээр мэдээллийг тухай бүрт баримтаар шалган хүргэж байсныг энд, энд-ээс уншина уу.