Search

14 хоногт 1-2 удаа мацаг баривал зохимжтой ба үүнээс ойртуулах нь эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1246

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Долоо хоногт нэг удаа мацаг барьснаар бие махбод өөрийгөө эдгээж эхэлдэг. Хэт олон өдөр мацаг барих нь цөсний чулуу үүсэх, бодисын солилцооны эмгэгтэй болох, өөхний эсийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг” гэсэн мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мацаг барих нь гэдэсний үүдэл эсийн хөгжилд сайнаар нөлөөлдөг ч энэ талаар илүү судалгаа хийх шаардлагатай байна. Учир нь мацаг барих нь хүн бүрд харилцан адилгүй нөлөөлдөг бөгөөд хооллолт, амьдралын хэмнэлээс шалтгаалан бие махбодод сөрөг нөлөө учруулж болзошгүй. Энэ талаар судлаачид илүү дэлгэрүүлэн судалгаа хийхээр ажиллаж байна.

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Gantumur Tumursukh нэртэй хаягаас “7 хоногт 1 удаа мацаг барьснаар бие махбод өөрийгөө эдгээж эхэлдэг. Хэт олон өдөр мацаг барих нь цөсний чулуу үүсэх, бодисын солилцооны эмгэгтэй болох, өөхний эсийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тухайн бичлэгт  “24 цагийн турш мацаг барихад гэдсэн дэх үүдэл эсүүд дахин ажиллаж эхэлдэг. Үүдэл эсүүд биеийн аль ч хэсэгт очиж өөрийгөө засаж чаддаг. Гэхдээ 24 цагийн дараа гэдэс маш их хэмжээгээр хүлээж авдаг. Харин гэдсэнд их хэмжээгээр гэмтсэн микробиом байдаг. Хоёр долоо хоногт 1-2 удаа мацаг барьснаар үүдэл эсүүд гэмтсэн хэсэгт орж засах боломжийг олгодог. Гэхдээ хэт олон өдөр мацаг барих нь зохимжгүй юм” гэжээ. Уг бичлэг дөрвөн мянга гаруй реакц, 52 сэтгэгдэл авч, 2700 орчим удаа цааш түгээгдсэн байна. 

Уг бичлэгийн анх The Diary Of A CEO подкастад нэг жилийн өмнө нийтэлсэн байна. Уг подкастын 256 дахь дугаарын зочноор доктор Минди Пелз оролцож, мацаг барихын аx холбогдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрээр хэвлийн өөхийг шатаах мацгийн тухай тайлбарлахдаа “24 цагийн турш мацаг барихад үүдэл эсүүд гэдсэнд хуримтлагдаж биеийг анагаах боломжтой” талаар дурдсан байна. 

Массачусетсийн Технологийн Их Сургуулийн Технологийн хүрээлэнгийн биологичдын 2018 онд хийсэн судалгаагаар мацаг барих нь гэдэсний үүдэл эсийг нөхөн төлжүүлж, гэмтлийг эдгээхэд тусалдаг гэж үзжээ. Уг судалгааг хулгана дээр туршсан бөгөөд огт мацаг бариагүй хулганын гэдэсний үүдэл эсээс мацаг барьсан хулганын эс илүү их үржиж байгааг ажигласан байна. Мөн мацаг барьсан хулганын эсүүд глюкозын оронд өөх тосны хүчлийг задалж, үүдэл эсийг илүү нөхөн төлжүүлэхэд түлхэц болсон гэжээ. Мацаг барьдаг хулганаас авсан үүдэл эс нь нөхөн төлжих чадвараа хоёр дахин нэмэгдүүлснийг судлаачид тогтоосон байна. Үүнээс гадна, Гэдэсний үүдэл эс нь гэдэсний салст бүрхэвчийг хадгалах үүрэгтэй бөгөөд ихэвчлэн таван өдөр тутамд өөрийгөө шинэчилж байдаг. Осол гэмтэл, халдвар авсан тохиолдолд үүдэл эс нь аливаа гэмтлийг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс нас ахих тусам гэдэсний үүдэл эсийн нөхөн төлжих чадвар буурдаг бөгөөд сэргэхэд удаан хугацаа шаардагддаг байна.  

Харин тус сургуулийн албан ёсны мэдээллийн сайтад 2024 нийтлэгдсэн “Судалгаагаар мацаг барихын ашиг тус болон сул талыг илрүүлээ” гэсэн мэдээнд илчлэг багатай хооллолт, завсарлагатай мацаг барих нь эрүүл мэндэд маш олон ач тустай нь нотлогдсон ч үүдэл эсүүд их хэмжээгээр нөхөн төлжих үед хорт хавдар үүсгэх магадлалтай гэжээ. Үүний шалтгаан нь мацаг барьсны дараа шарсан, хуурсан хүнс хэрэглэх, удаан хугацаагаар үргэлжлүүлэн мацаг барих зэрэг юм. Энэ талаар тус сургуулийн Технологийн дэд профессор Омер Йылмаз “Үүдэл эсийн  үйл ажиллагаа нь бие нөхөн төлжихөд сайнаар нөлөөлдөг ч удаан хугацаагаар үргэлжлэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Мацаг барих нь хүмүүст ижил төстэй нөлөө үзүүлдэг эсэх талаар дүгнэлт гаргахын өмнө нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна” гэж мэдээлжээ. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document