2024 оны 12-р сарын 18-ны өдөр “Монруд ХХК ажилчдаа тээвэрлэж явахдаа ноцтой осол гаргаж, 30-аад хүн бэртэж, 3 хүн амь насаа алдсан” гэх тайлбартай бичлэг facebook-т түгсэн. Бид уг бичлэгт гарсан агуулгаар хайхад осол энэ оны эхэнд болсон байна. Бичлэгийг түгээсэн хаягууд осол гарсан хугацааг огт дурдаагүй нь саяхан болсон үйл явдал мэт ойлголт өгчээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгт дурдсан агуулгаар хайхад 2024 оны 03-р сарын 29-нд Улаанбаатараас Өмнөговь чиглэлд зорчин явсан автобус хүнд даацын машинтай мөргөлдсөний улмаас осол гарсан тухай Eagle News, NTV, C1 телевиз, GoGo.mn сайт зэрэг хэвлэлүүд мэдээлжээ. Автобусанд Монруд компанийн 38 ажилтан, 2 жолоотой явж байсан.
Дундговь аймаг руу явах замд Төв аймгаас 40 гаруй км зайд Ногоон дов гэх газар осол болсон ба 22 хүн гэмтэж, 2 жолооч газар дээрээ амь насаа алдсан гэж мэдээлжээ. Төв аймгийн эмнэлэгт 19 хүн хүргэгдсэн. Таван хүн хүнд гэмтэлтэй, үлдсэн хүмүүс тодорхой хэмжээний хугарал, бэртэл, гэмтэлтэй байсан хэмээн Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал мэдээлж байсан байна. “Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл сонгог судлалын үндэсний төв болон Мөнгөн Гүүр эмнэлгийн эмч нар хамтран ажиллаж 16 иргэнд анхны тусламж үйлчилгээ үзүүлээд, ГССҮТ-д хүргүүлсэн. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүнд бэртэлтэй тээвэрлэх боломжгүй 2 хүний нэг нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж, нөгөө нь хагалгаанд орсон хэмээн их эмч мэдээлсэн.
Eagle News телевизэд Монруд компанийн ажилчдыг тээвэрлэж явсан автобус тус компанийн гэрээт байгууллагын автобус байсан тухай компанийн төлөөлөгч мэдээлсэн. Монруд ХХК нь уул уурхайн салбарт нийтийн хоолны үйлчилгээ, хүнс захиалга, тээвэрлэлт, цэвэрлэгээ, угаалгын, засвар, хог хагдал цуглуулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Шалгасан бичлэг нь 2024 оны 03 дугаар сард болсон ослын үеэрх бичлэг аж. Болсон үйл явдлаас есөн сарын дараа тус бичлэгийг дахин түгээжээ. Монруд компанийн ажилчдыг зөөж байсан автобус том оврын ачааны машинтай мөргөлдсөний улмаас осол гарч, 2 хүн амь насаа алдаж, 22 хүн бэртсэн байна.