Search

Монгол Улсын эмийн фондын 80 хувийг хуурамч эм эзэлдэг гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1244

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эмийн фондын 80%-ийг хуурамч эм эзэлдэг орнуудын тоонд Монгол оржээ” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эмийн фондын 80 хувийг хуурамч эм эзэлдэг орнуудын жагсаалт байдаг гэсэн баримт байхгүй бөгөөд Монголд хийгдсэн судалгааны үр дүн эмийн фондын 10  гаруй хувь нь хуурамч гэж гарчээ.

2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Зангараг.мн нэртэй Фэйсбүүк пэйж “Эмийн фондын 80%-ийг хуурамч эм эзэлдэг орнуудын тоонд Монгол оржээ.” хэмээн түгээжээ. Тус пост нь 1 мянга гаруй реакц, 122 сэтгэгдэл авч, 2100 гаруй удаа цааш түгээгджээ.

2024 оны 12 дугаар сарын 4-ны өдөр ДЭМБ стандартын бус болон хуурамч эм, эмийн бүтээгдэхүүний талаар судалгаа хийж, мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд 4 түлхүүр фактыг дурджээ.

  • “Стандартын бус болон хуурамч эмийн бүтээгдэхүүнүүд дэлхий даяар хүмүүст нөлөөлдөг
  • Бага болон дундаж орлоготой улсын нийт эмийн 10 хувь нь стандартын бус болон хуурамч байдаг
  • Нэг улс дунджаар жилд 30.5 тэрбум ам.долларыг хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнд зарцуулдаг
  • Стандартын бус болон хуурамч эмийн бүтээгдэхүүнүүд ихэнхдээ цахимаар эсвэл албан бус эмийн сангуудаар худалдаалагддаг” гэжээ.

Иймд эмийн худалдаа, үйлдвэрлэлд хяналтаа сайжруулж, онлайнаар болон баталгаагүй газраас эм, эмийн бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийгээрэй.

Стандартын бус болон хуурамч эмийн судалгаа

2020 оны 05 дугаар сард АНУ-ын Үндэсний биотехнологийн хүрээлэнгийн судалгааны санд нийтлэгдсэн Х.Дариймаа, Д.Гэрэлтуяа, Брюс Сандерлэнд нарын “Дундаж орлоготой орны хуурамч, чанаргүй эмийн талаарх шинжилгээ” нэртэй судалгаа нийтлэгдсэн байна.

2017 оны зун нийслэл болон орон нутгийн 118 эмийн сангаас 1770 дээж цуглуулж уг судалгааг хийжээ. Үүний үр дүн нь 179 дээж буюу 10.1% нь эргэлзээтэй, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний биш гэж гарсан байна. Энэхүү эргэлзээтэй дээжийн 105 нь буюу 5.9% нь дотоодын, 74 нь буюу 4.17% нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн байжээ. Судалгааны дүгнэлт нь “Монгол Улсад стандартын бус, хуурамч эм зонхилох боллоо. Хуулийн байгууллага болон хувийн үйлдвэрлэгчид үүнд анхаарал хандуулж, импортын эм, эмийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ” хэмээн гарчээ.

Дүгнээд хэлбэл, “Эмийн фондод нь хуурамч эм эзэлдэг орнууд” гэсэн жагсаалт байхгүй бөгөөд Монгол Улс 80 гаруй хувийг нь эзэлдэг гэх баримт байхгүй. Харин ДЭМБ болон Х.Дариймаа, Д.Гэрэлтуяа, Брюс Сандерлэнд тэргүүтэй судлаачдын хийсэн судалгаанаас үзвэл “Монгол болон бага, дундаж орлоготой улсын эмийн фондын 10 гаруй хувийг хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн эзэлдэг” гэсэн үр дүн гарчээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document