“Содномбалжир Мөнгөнсар” хаягаас 2024.12.08-нд “АЦСууд маш их усаар хөргөдөг учраас голцуу далайн эргээр байдаг ба хөргөсөн цацрагтай усаа далайд асгадаг аж. Ийм их ус МОНГОЛД бхгүй учраас ацсаар горьдоож, ураныг нь ухах л заль явагдаж бна Гор нь УУХ УСГҮЙ УРАГ ХОЙЧГҮЙ” гэх пост оруулсан нь 2024.12.13-ны байдлаар 353 реакц, 175 сэтгэгдэл авч, 560 удаа цааш түгээсэн байна.
Дараах байдлаар баримт шалгав
Постыг харвал “Монголд Атомын цахилгаан станц (АЦС) барих боломжгүй байхад уран ухах л зорилгоор барина гэж горьдоож байна” гэсэн агуулга илэрхийлжээ. Иймд манайд АЦС барихтай холбоотой албан ёсны мэдээллүүд болон тухайн станцыг хөргөх процесс, Монгол дахь уран олборлолтын талаарх мэдээллээр тус агуулгыг шалгав.
Засгийн Газрын 2028 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт АЦС барих суурь судалгаа хийнэ гэж тусгажээ
Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 4 үндсэн чиглэлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд атомын цахилгаан станц барихтай холбоотой ажлыг дараах байдлаар тусгажээ.
8. Монгол, Францын хамтарсан Ураны төслийг хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжиж, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2500 тонн ураныг олборлож экспортолно. Төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум гаруй ам.долларын татвар төлнө. Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон худалдан авалт, бизнесийн боломж нэмэгдэнэ. Монгол Улсад атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ” гэжээ.
Гуравдугаар үндсэн чиглэл буюу “Эдийн засгийн бодлого”-ын хүрээнд хийх үйл ажиллагааны 3.3.3.7-т мөн “Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ.” хэмээн тусгажээ.
COP28 чуулганаар олон улсын тунхаг бичигт Монгол Улс нэгдсэн
2023 оны 12 дугаар сарын 13-нд МОНЦАМЭ агентлагийн нийтэлсэн мэдээнд 2023 оны 12 дугаар сард Дубайд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын (COP28) онцлох үр дүнг мэдээлсэн байна. Тус хурлын үеэр “Атомын цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай Тунхаг бичиг”
Хурлын үеэр Оросын “Росатом” компаниас “Бага оврын АЦС-ын өдөр” гэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний төгсгөлд тухайн компанийн удирдлага Монголын “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захиралд Монголд хэрэгжүүлэх боломжтой төслийнхөө концепцыг танилцуулсан аж.
Мөн үеэр Росатомын харьяа “Rusatom Energy Projects” компани ба “Мон-Атом” компани Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Энэ талаар хэвлэлүүдэд мэдээлж байсан. Тухайлбал,
Энэ тухай 2024 оны 02 дугаар сарын 28-нд ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт “Росатом атомын бага оврын станц барих талаар ярилцаж байна” гэж мэдээлжээ.
Мөн энэ оны 10 дугаар сарын 25-нд iToim.mn сайтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиковын яриаг хүргэсэн байна. Тус мэдээлэлд,
“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины есдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотоос баруун урагш 400 км-т буюу Монгол Улсын шинэ нийслэл Хархорум хотын ойролцоо, тохиромжтой газарт Атомын цахилгаан станц байгуулах тохиролцоонд хүрсэн. АЦС-ын төлөвлөсөн хүчин чадал нь 330 МВт хүртэл байх болно.”
“Талууд Засгийн газар хоорондын зохих хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тохиролцсон. Ирэх оны эхний хагаст гарын үсэг зурна гэж найдаж байна” гэжээ.
2024 оны 10 дугаар сарын 15-нд gogo.mn сайтад Цөмийн энергийн комиссын Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабалтай хийсэн ярилцлага нийтэлснээс АЦС-тай холбогдох хэсгүүдийг онцольё.
- “Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станцыг ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ гэж тусгасан.”
- “Нүүрсийг орлуулж болох хамгийн боломжтой эрчим хүчний эх үүсвэр нь атомын цахилгаан станц байх боломжтой.”
- “Олон улсын туршлагаас харахад атомын цахилгаан станцын төсөл 100 жилийн хугацаатай. Судлаад, барихад 10-15 жил шаардлагатай. Барьснаас хойш 60-80 жил ашиглана. Бид 1-3 жил судалгаа хийнэ. Үүний дараа тайлангаа танилцуулж, олон нийтийн санал асуулга авна“ гэжээ.
АЦС ба хөргөх процесс
Цөмийн эрчим хүчний реактор бүтээн байгуулалт нь цөмийн хуваагдлаас аль болох их дулаан гаргаж, ашигтай эрчим хүч буюу цахилгаан болгон хувиргах явдал юм. Хөргөлтийн систем нь энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөргөлтийн шингэн нь бага температуртай үед цөм рүү орж, хуваагдал бүхий эрчим хүчийг цуглуулсныхаа дараа буюу температур нэмэгдмэгц гадагшилдаг байна.
Атомын цахилгаан станцуудыг ус ашиглан хөргөдөг хамгийн түгээмэл хоёр арга байдаг.
- Дулааныг реакторын цөмөөс уурын хөдөлгүүр лүү дамжуулах
- Уурын эргэлтээс илүүдэл дулааныг гадагшлуулах
Станцын дотоод дулааны эх үүсвэр болон илүүдэл дулаанаа гадагшлуулах гадаад орчин хоорондын температурын ялгаа их байх тусам механик ажил гүйцэтгэх үйл явц илүү үр дүнтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, станцын дотоод температур өндөр, гадаад температур бага байх хэрэгтэй учир цахилгаан станцуудыг ихэвчлэн хүйтэн усны дэргэд барьдаг байна.
Атомын цахилгаан станц нь хувьд салхи болон нарны эрчим хүчний үүсгүүрүүд шиг усанд ээлтэй биш ч, өөр төрлийн эрчим хүч үйлдвэрлэх аргуудтай өрсөлдөхүйц бөгөөд бусад төрлийн бохирдол бага үүсгэдгээрээ давуу талтай.
Дэлхийн ураны нөөцөд эрчим хүчний уран нэгээс бага хувийг эзэлдэг
Цөмийн эрчим хүчний станцад “уран-235”-ыг түлш болгон ашигладаг. Байгальд ураны хэд хэдэн изотоп байх ба хамгийн түгээмэл хоёр нь:
- уран-238
- уран-235
Уран-238 нь дэлхийн ураны дийлэнх хувийг бүрдүүлдэг боловч задралын гинжин урвал үүсгэж чадахгүй. Уран-235 нь хуваагдлын аргаар эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглагдах боловч дэлхийн ураны нэгээс бага хувийг эзэлдэг байна. Байгалийн ураныг хуваагдах магадлал өндөртэй болгохын тулд “уран-235”-ын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ процессыг “ураны баяжуулалт” гэж нэрлэдэг аж.
Монгол Улсад уран олборлох гэрээ байгуулсан нь АЦС барина гэсэн үг биш
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023.07.27-нд БНФУ-ын Парис хотноо хийсэн айлчлалын үеэр Монгол болон Франц уран олборлох $1.7 тэрбумын гэрээ байгуулжээ.
- Гэрээний дагуу Францын Orano компани Дорноговь аймагт байрлах Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулах ба 2025 онд шав тавьж, 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөсөн байна. Улмаар Orano-ийн төсөл ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4%-ийг бүрдүүлэх гэнэ.
- Энэхүү төсөл нь бэлтгэл хангах, үйлдвэрлэх, нөхөн сэргээх гэсэн 3 үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд бэлтгэл ажлаа базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бол нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд үргэлжлэх аж.
Дүгнэлт
Монгол Улсад АЦС барихтай холбоотой албан ёсны мэдээллүүдийг харахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2024 оны 09 дүгээр сард Монголд хийсэн айлчлалаар манайд АЦС байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ талууд Засгийн газар хоорондын зохих хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тохиролцсон ба ирэх оны эхний хагаст гарын үсэг зурах төлөвтэй байгааг дурджээ. Дээрх тохиролцооны хувьд хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдаж, гарын үсэг зурагдсанаар баталгаажих юм.
- Шалгасан мэдээлэлд дурдсан “АЦС барих мэтээр горьдоож, уран ухах заль явж байна” гэх агуулгын хүрээнд авч үзвэл ОХУ болон Монголын талын тохиролцоонд уран олборлохтой холбоотой мэдээлэл байхгүй байгаа юм. Тиймээс шалгасан пост нь төөрөгдүүлсэн шинжтэй мэдээлэл байна.
АЦС-д ус их зарцуулагддаг нь үнэн ч нүүрсийг орлуулж болох хамгийн боломжтой эрчим хүчний эх үүсвэр бөгөөд бусад төрлийн бохирдлыг бага үүсгэдгээрээ давуу талтай гэж үздэг байна.