2024 оны 12 дугаар сарын 16-нд Фэйсбүүкт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга, Засгийн газрын сайд нарыг дуудан утааны асуудлаар хатуу сануулга өгч буй бичлэг түгжээ. Бичлэгт ерөнхийлөгч “Ажлаа хийг хүнд хэцүү цаг үед ажиллаж байна. Асуудлаа шийдэг. Ийм үүднээс төрийн тэргүүн хандсан. Одоо бол үгүй шүү. Тийм учраас одоо та нар ажилдаа орцгоо. Эрх мэдэлтнүүдтэйгээ хариуцлага тооц. Тэр сайд дарга нар хулгай хийчихсэн албан тушаалтан байдаг юм бол бүгдийг нь эрхийг нь татгалзуулж байгаад түдгэлзүүлж байгаад шалга, прокурорын байгууллага…” хэмээн ярьсан ба бичлэгийн нүүрэнд “Утааг бууруулах асуудал дээр хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай чиглэл өгсөн байна.” хэмээн графикаар тэмдэглэсэн бичлэгийг Todmedee.mn (архивлагдсан хувилбар) гэх пэйж түгээсэн байна.
Энэхүү бичлэг нь Фэйсбүүкт хэд хэдэн хаягуудаар (энд, энд бас энд) түгсэн байсан нь өчигдөр болсон ерөнхийлөгч ба УИХ-ын дарга, засгийн газрын гишүүдийн уулзалт биш харин 2022 оны 12 дугаар сарын 07-нд болсон үйл явдлын бичлэг болохыг бид бичлэгийн архивуудаас тогтоосон.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид дээрх бичлэгийн эх сурвалжийг хайхад 2022 оны 12 дугаар сарын 07-нд ерөнхийлөгч Хүрэлсүх болон засгийн газрын гишүүд, хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзан “нүүрсний хэрэг”-т холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар чиглэл өгсөн тухай уулзалтын бичлэг байсан.
Энэ уулзалтын үеэр “нүүрсний хулгай“-д буюу Монгол Улсаас экспортолсон нүүрсний борлуулалт, тээврийн үеэр бүртгэлийн зөрүүг ашиглан хууль зөрчсөн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг сануулсан юм. Доорх бичлэгийн 04:16 секунд дэх хэсэгт бидний шалгасан бичлэгтэй ижил зүйл ерөнхийлөгч ярьж буйг харж болно.
Харин өчигдөр болсон уулзалт буюу ерөнхийлөгч Хүрэлсүх 12 дугаар сарын 16-нд УИХ-ын дарга, засгийн газрын гишүүдэд утааны асуудлаар чиглэл өгөхөөр уулзсан ба энэ үйл явдлын бичлэгийг Ерөнхийлөгчийн тамгын газар албан Фэйсбүүк хуудастаа нийтэлсэн.
Тус уулзалтад ерөнхий сайд Оюун-эрдэнэ оролцоогүй боловч УИХ-ын дарга Амарбаясгалан, УИХ-ын бүлгийн дарга нар болон Шадар сайд Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Алтангэрэл зэрэг засгийн газрын гишүүд, бусад төрийн албаныхан оролцсон тухай ерөнхийлөгчийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр 12 дугаар сарын 16-нд мэдээлсэн.
Ерөнхийлөгч Хүрэлсүх утааны асуудлаар “хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай чиглэл өгсөн” биш ба харин Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэсэн түлшний чанарын асуудал, хяналт шалгалтын бүтцийг татан буулгаж, сарниулсан талаар хөндөхийн хамт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах чиглэлийг засгийн газрын гишүүдэд өгсөн юм.