2024 оны 12 дугаар сарын 12-нд И.Цэрэнхүү (архивлагдсан хувилбар) гэх Фэйсбүүк хаягаас “16000 хүүхдийг бэлгийн ид бойжилтын үед нь хор шахаж мөнхийн бэлгийн сулралтай болох нөхцөл үүсгэлээ…” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 1,100 гаруй реакц, 235 сэтгэгдэл авч, 1,100 гаруй удаа цааш түгээгджээ.
Энэ нь хүний хөхөнцөр вирус буюу хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг вакцины талаарх ээлжит нэгэн хуурамч мэдээлэл бөгөөд тус вакцин нь бэлгийн сулрал үүсгэдэг тухай баримт байхгүй юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2024 оны 11 сарын 28-наас ХПВ-ийн халдвараас сэргийлэх дархлаажуулалт эхэлсэнтэй холбоотой 16,000 хүүхэд хамрагдаад байгаа тухай isee.mn, news.mn зэрэг сайтууд 12 дугаар сарын 10-нд нийтэлсэн. Бид Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй (ХӨСҮТ) холбогдож вакцинжуулалт хамрагдсан хүмүүсийн тоог баталгаажуулсан ба бидний шалгаж буй вакцин нь бэлгийн сулрал үүсгэдэг тухай мэдээлэл нь дээрх дархлаажуулалтын хөтөлбөртэй холбоотой байхаар байна.
ХПВ-ийн эсрэг вакцин бэлгийн сулрал үүсгэдэг гэх батлагдсан судалгаа байхгүй. Харин ХПВ-ийн халдвар бэлгийн сулралтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх судалгаа бий
Австралийн Шинжлэх ухааны академиас гаргасан мэдээлэлд ковидын вакцин болон бусад вакцин бэлгийн сулрал, үргүйдэл, төмсөг хавагнахад нөлөөлдөг гэх баталгаа байхгүй тухай дурдсан. Мөн бэлгийн сулрал нь өндөр нас, түгшилт, халдвар өвчин, архаг өвчин, сэтгэцийн эмгэг зэрэг олон зүйлээс шалтгаалан үүсэх боломжтой тухай анхааруулжээ.
Эрүүл мэндийн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлдэг PubMed, ScienceDirect болон ResearchGate сайтаас “ХПВ вакцин бэлгийн сулрал үүсгэдэг” гэх агуулгаар хайхад уг агуулгатай холбоотой судалгаа огт байхгүй байна. Харин 2022 онд нийтлэгдсэн Тайвань улсад хийгдсэн “Хүний папиллома вирусийн халдвар ба бэлгийн сулралын эрсдэл: Улс даяарх хүн амд суурилсан хосолсон судалгаа”-гаар (Human Papillomavirus Infection and the Risk of Erectile Dysfunction: A Nationwide Population-Based Matched Cohort Study) хүний папиллома вирусийн халдвар нь бэлгийн сулрал үүсгэх эрсдэлтэй гэх дүгнэжээ. Тус судалгаанд ХПВ-ийн халдвартай 13,296 субьект (2000-аас 2012 оны хооронд ХПВ-ийн халдвараар оношлогдсон 18-аас дээш насныхан), халдвар огт аваагүй 53,184 субъектийг хамруулсан. Мөн судалгаанд ХПВ-ийн халдвараас гадна бусад төрлийн өвчин хавсарсан эсэхийг нарийвчлан үзсэн байна. Судалгааны үр дүнгээр ХПВ-ийн халдвартай өвчтөн бэлгийн сулралтай болох эрсдэл өндөр байгааг дүгнэжээ.
ХПВ-ийн эсрэг вакцин вирусийг биед халдаахгүй, үргүйдэл үүсгэхгүй
Филадельфийн хүүхдийн эмнэлгийн Вакцины боловсролын төв болон Мэйо клиникээс ХПВ-ийн эсрэг вакцин ХПВ-ийн халдвар үүсгэдэггүй гэдгийг мэдээлсэн. Мэйо клиникийн мэдээлснээр “ХПВ-ийн эсрэг вакцин аюулгүй болохыг баталсан олон судалгаа байдаг… Вакцины хамгийн нийтлэг гаж нөлөө нь тариулсан хэсэгт хөндүүрлэх, хавагнах, улайх зэрэг байдаг.” хэмээсэн байна.
Мөн ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зэрэг байгууллагууд ХПВ-ийн эсрэг вакцин нь үргүйдэлд хүргэдэггүй гэдгийг мэдэгдсэн. Мөн бид өмнөх баримт шалгалтуудаараа (энд бас энд) ХПВ-ийн эсрэг вакцин үргүйдэлд хүргэдэггүй тухай баримт шалгалт хийн олон нийтэд мэдээлж байсан.
Бэлгийн сулрал юунаас болж үүсэх боломжтой вэ?
Бэлгийн сулрал нь гормоны асуудал, сэтгэлийн хямрал, түгшүүр, мэдрэлийн эмгэг, булчингийн үйл ажиллагаа, цусны даралт өндөрсөх зэргээс үүдэн үүсэх боломжтой болохыг Кливлэндийн клиник мэдээлсэн байна. Мөн зүрхний өвчин, чихрийн шижин, таргалалт, архи тамхины буруу хэрэглээ, давсгийн хавдар, бөөрний өвчин гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг байна.
ХПВ-ийн эсрэг вакцин нь аюулгүй болохыг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн ба тус вакцин нь үргүйдэл эсвэл бэлгийн сулрал үүсгэдэг гэдэг нь батлагдаагүй юм.