2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар гэх нэртэй Фэйсбүүк хуудас “Геометрийн хичээлийг хассанаа, эцэг эхийн ач хариулах хичээл лам нар орно гэнэ.. Энэ дэвшил үү ухрал уу” хэмээн түгээжээ. Уг пост нь 1100 гаруй реакц, 484 сэтгэгдэл авч, 965 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Монгол Улсын Боловсролын яамд албан бичиг явуулж, энэ талаар тодруулсан ба 11 дүгээр сарын 02-ны өдөр дараах хариултыг шуудангаар ирүүллээ.
Боловсролын яамаас ирсэн тодруулга
“Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж буй математикийн сургалтын хөтөлбөрийн агуулгын 30% (боловсролын түвшнээр авч үзвэл бага боловсрол – 26%; суурь боловсрол 36%; бүрэн дунд боловсрол-27%) нь тус тус геометрийн мэдлэг, ойлголт, чадвар олгоход чиглэж байна.“
“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.1-д “Сургалтын хөтөлбөр үзэл баримтлалтай байх бөгөөд уг үзэл баримтлалыг Боловсролын ерөнхий хуулийн 23.3-т заасан Боловсролын үндэсний зөвлөл хэлэлцэж, Засгийн газар батална”, 10.2-т “Сургалтын хөтөлбөрийг энэ хуулийн 10.1-д заасан үзэл баримтлалд үндэслэн энэ хуулийн 8.2, 9.2-т заасан агуулгын хүрээнд боловсруулна.” гэж тус тус заасан.”
“Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-д ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 9.2-т заасан агуулгыг багтаасан суралцахуйн хүрээтэй байна гээд тус суралцахуйн хүрээг “монгол хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, урлаг, технологи, биеийн тамир, эрүүл мэнд” гэж тодорхой заасан.“
“Дээрх үзэл баримтлалд нийцүүлэн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 2024-2028 онд үе шаттайгаар шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх бөгөөд энэхүү шинэчлэлийн хүрээнд математикийн хичээлээс геометрийн агуулгыг хасахгүй болно.”
“Иймд цахим сүлжээнд нийтлэгдсэн “геометрийн хичээлийг хасаж, эцэг эхийн ач хариулах хичээлийг лам нар орох” гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг мэдэгдэж байна.” гэсэн тодруулгыг Боловсролын яамнаас өглөө.
Дүгнээд хэлбэл, цахим орчинд түгж буй мэдээ, мэдээллийг авахдаа давхар албан ёсны байгууллагын вэбсайт болон пэйж хуудаснаас авч байхыг зөвлөж байна.