Daily Mongolia фэйсбүүк хуудас 2024.11.28-нд “СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Та хүүхдэдээ юу өгч байгаагаа анхаарах цаг болжээ” гэх бичлэг оруулсан ба 2024.12.05-ны байдлаар тус пост 4600 гаруй реакц, 798 сэтгэгдэл авч, 33000 гаруй удаа түгээгдсэн байна.
Бичлэгт “Үнэхээр сэтгэл эмзэглүүлэм зүйл сонслоо. Энэ Gut Pro-г та нар бүгд хүүхдэдээ өгч байсан байх. Гэхдээ Gut Pro Солонгост үйлдвэрлэгддэг Солонгостоо зарагддаггүй! Дэлхийн өөр орнуудад зарагддаггүй. Зөвхөн Монголд зарагддаг. 5 жил болж байгаа. Монголын бүх хүүхдүүд хэрэглэсэн. Зөвхөн Монголд зарагддаг Солонгосын бүтээгдэхүүн яагаад байгаа юм. Энэ орцыг нь та нар хардаа! Дандаа сүүн повдер, гүзээлзгэний повдер гээд л. Энийг хардаа XYLITOL гэж байгаа. XYLITOL-ийг CNN-ээс мэдээ гаргасан. Зүрхний өвчтэй болговол яах юм бэ? CNN. Одоо энэ Cleveland Clinic: Xylitol can be risk to your heart. Таны зүрхэнд аюултай гэж байгаа байхгүй юу даа. CBS цус харвалт болбол яах вэ? Ийм зүйлийг CBS, CNN хэлж байна шүү дээ. Xylitol-ийг Европт газтай ундаанд хийхийг хориглочихсон шүү дээ. Ийм аюултай орцтой бүтээгдэхүүн энэ Gut Pro. Тэгээд энийг манай эмч нар бүгд санал болгодог. Бүгд эмийн жор дээрээ бичиж өгдөг. Манай эмч нар өөрсдөө англи хэлтэй юу? Манай эмч нар өөрсдөө энийг судалж чадах уу? Хүүхдэд ямар эм бичиж өгч байгааг манай эмч нар өөрсдөө ойлгож байна уу та нар? Өнөөдөр та нар хар даа. Энэ мэдээг хараад үнэхээр гайхлаа. Эрүүл зүрх төсөлд 15 мянга орчим хүүхэд хамрагдаж 13 хувьд нь зүрхниий эмгэг өөрчлөлт илэрчээ гэж байна. 13 хувь гэдэг чинь 15000 мянгын 1900 бараг 2000 хүүхэд зүрхний өөрчлөлттэй болж байна шүү дээ. Хамгийн гол нь би энийг яагаад хардаад байна вэ гэхээр Монголд 5 жил зарагдсан. Өөрийнхөө Солонгостоо зарагддаггүй. Өөрийн үйлдвэрлэж байгаа орондоо 5 жил зарагдчихаад дэлхийд гардаг байх ёстой байтал яагаад өнөөдөр Монголд 5 жил зарагдаад байна. Энийг оруулж ирсэн өмнөх эмийн агентлагийн хүмүүс өнөөдөр АТГ дээр шалгагдаж байгаа. Энийг эцэг, эхчүүд анхаар. Би бол үнэхээр хардаж байна. Би өөрөө энийг судалж үзсэн. Манай хүүхдүүд маш их хэрэглэсэн. Одоо аав хүний хувьд судлаад үнэхээр сэтгэл эмзэглэлээ. Тэгээд та бүгд өөрсдөө тунгааж бодно биз дээ.” хэмээн ярьжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримтаар шалгалаа.
Интернэтэд тус бүтээгдэхүүнийг хайхад Монгол дахь албан ёсны борлуулагч нь “Вэлл Бий” ХХК бөгөөд 2024.11.29-нд нийтэд түгсэн бичлэгтэй холбоотойгоор Well Bee LLC фэйсбүүк хуудастаа дараах мэдэгдлийг постолсон байна.
![](https://i0.wp.com/mfcc.mn/wp-content/uploads/2024/12/image-9.png?resize=687%2C772&ssl=1)
Мэдэгдэлд “…Гат Про 7 ашигтай бактери нь олон улсын хүнсний аюулгүй байдлын гэрчилгээ болох НАССР, эмийн бүтээгдэхүүний чанар стандартын GMP баталгаатай бүтээгдэхүүн болно…” гэж дурджээ.
Түүнчлэн, Вэлл Бий ХХК нь 2024.11.30-нд мөн фэйсбүүктээ “Гат Про 7+ ашигтай бактери нь нь олон улсын хүнсний аюулгүй байдлын гэрчилгээ болох HACCP, эмийн бүтээгдэхүүний чанар стандартын GMP баталгаатай бүтээгдэхүүн болно. Тус бүтээгдэхүүний туслах найрлаганд орж буй Xylitol буюу Ксилитол нь: Сахар орлуулах зорилгоор өргөн хэрэглэгддэг нэмэлт амт оруулагч юм. Элсэн чихэр нь фруктозын өндөр агууламжтай тул хэрэглэсний дараагаар цусан дахь сахар болон инсулины хэмжээг өсгөх хандлагатай байдаг бол ксилитолд агуулагдах фруктозын агууламж 0 байдаг нь цусан дахь сахар болон инсулины ялгаралтад бага нөлөө үзүүлдэг. Дэлхий дахинаа бодисын солилцооны хямрал, тэр дундаа чихрийн шижин өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед өргөн хэрэглээний нийтлэг бараа бүтээгдэхүүнд агуулагдах элсэн чихэр буюу фруктозийг ксилотолоор орлуулах нь оновчтой сонголт болдог байна. Гат про 7+ бүтээгдэхүүний 1 удаагийн хэрэглээнд агуулагдах Ксилитолын тун 0.1 гр байгаа нь ямар нэгэн эрүүл мэндийн хувьд эрсдэлгүй гэдгийг дараах жишээгээр тайлбарлав. Шүдний цоорлоос урьдчилан сэргийлах зорилгоор нэг өдөрт хэрэглэж болох зөвшөөрөгдсөн тун 6-10 гр байдаг ба хүүхдэд 45 гр, насанд хүрэгчдэд 100 гр хэмжээнээс хэтэрсэн үед суулгалт үүсч буй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд хэрэв нэг хүүхэд өдөрт 450 ширхэг буюу 15 хайрцаг Гат Про хэрэглэхэд эрсдэлтэй тунд тооцогдоно.” гэсэн нэмэлт мэдэгдэл нийтэлжээ.
- Дээрх мэдэгдэлд бичлэгт дурдсан гол агуулга болох Xylitol найрлагын тухай, Gut Pro бүтээгдэхүүнд тэр нь ямар хэмжээгээр агууллагддагийг тайлбарлажээ.
Бичлэгт ярьсан судалгаа танилцуулсан гэх нийтлэлд юу гэж дурдсан бэ?
Шалгасан мэдээлэлд “XYLITOL-ийг CNN-ээс мэдээ гаргасан. Зүрхний өвчтэй болговол яах юм бэ? CNN. Одоо энэ Cleveland Clinic: Xylitol can be risk to your heart. Таны зүрхэнд аюултай гэж байгаа байхгүй юу даа. CBS цус харвалт болбол яах вэ? Ийм зүйлийг CBS, CNN хэлж байна шүү дээ.” гэж ярьсан. Тэгвэл бичлэгт дурдсан тухайн судалгаа, мэдээллүүдийг бид судалж үзлээ.
- Кливлэнд клиникийн нийтлэл, 2024.06.07
Ксилитол нь хүний биед угаас байдаг бөгөөд хүнсний үйлдвэрлэлд хэрэглэдэгтэй харьцуулахад маш бага хэмжээгээр агуулагддаг байгалийн нэгдэл аж.
Тус нийтлэлд “Ксилитол судсанд бүлэн үүсэх болон зүрх судасны эрсдэлтэй холбоотой” гэх судалгааны талаар онцолжээ. Тодруулбал, судалгаагаар цусан дахь ксилитолын түвшин ихэсвэл ялтсан эсийн бүлэгнэл идэвхждэг ба улмаар зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрхний судасны үйл ажиллагаа алдагдах эрсдэл нэмэгдэж болохыг дурджээ.
Өөрөөр хэлбэл, ксилитолын агууламж өндөр зүйлсийг байнгын давтамжтай хэрэглэх, эсвэл биеийн ксилитол үйлдвэрлэл өндөр байвал асуудал үүсгэх магадлалтай буюу зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэхийг онцолсон байна.
- Шалгасан бичлэгт мөн CNN болон CBS дээр гарсан мэдээллүүдийг дурдсан бөгөөд эдгээр нь бас дээрх судалгааны талаарх мэдээнүүд байна.
Дээрх судалгаа нь 2024.06.06-нд Оксфордын Их сургуулийн “Европын зүрх сэтгүүл”-д нийтлэгдсэн бөгөөд дүгнэлт хэсэгтээ ксилитол ба зүрх судсанд аюулгүй байдлын талаар илүү олон судалгаа хийх шаардлагатайг мөн онцолсон байгаа юм.
ЭМЯ: Gut Pro нь Монгол Улсад бүртгэлтэй боловч энэ оны 03 дугаар сард тус бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл дууссан
Шалгасан бичлэгтэй холбогдуулан бид Вэлл Бий ХХК-ийн оруулж ирдэг “Гат Про 7” бүтээгдэхүүний талаар ЭМЯ-наас тодруулахад “Gut Pro нь Монгол Улсад бүртгэлтэй боловч энэ оны 03 дугаар сард тус бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл дууссан байна. Түүнчлэн, ЭМЯ-ны Чанарын хяналтын газраас тус бүтээгдэхүүнийг шалгаж байгаа”-г мэдэгдсэн юм. Эмийн бүртгэлд Гат Про 7 нэрээр оруулсан байна.
![](https://i0.wp.com/mfcc.mn/wp-content/uploads/2024/12/image-12.png?resize=800%2C201&ssl=1)
HACCP гэрчилгээ, GMP стандарт гэж юу вэ?
![](https://i0.wp.com/mfcc.mn/wp-content/uploads/2024/12/Screenshot-2024-12-10-at-19.44.36.png?resize=360%2C394&ssl=1)
Олон улсын хүнсний аюулгүй байдлын гэрчилгээ НАССР, эмийн бүтээгдэхүүний чанар стандартын GMP баталгаатай бүтээгдэхүүний гэрчилгээ, стандартын талаар товч мэдээллийг хүргэе.
- НАССР (Hazard Analysis and Critical Control Points) нь түүхий эдийн үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлтээс эхлээд бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээ хүртэлх биологи, хими, физикийн аюулд дүн шинжилгээ хийх, хянах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах менежментийн стандартыг хэлдэг байна. Үүнийг хэрэгжүүлэх удирдамжийг Codex Alimentarius GENERAL PRINCIPLES OF FOOD HYGIENE CXC 1-1969 (2020)-д тусгасан байдаг.
НАССР гэрчилгээ нь хүнсний худалдаа эрхлэгчид хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаж байгаа гэсэн баталгаа болдог байна.
- Good Manufacturing Practices (GMP) буюу Үйлдвэрлэлийн сайн туршлага гэдэг нь эмийн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу чанарын стандартад нийцүүлэн, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтод нийцүүлэн тогтмол үйлдвэрлэх, хянахыг баталгаажуулдаг чанарын баталгаа аж.
1968 онд ДЭМБ-аас анхны GMP-ийн төслийг баталсан байдаг. Харин 1969 онд Дэлхийн эрүүл мэндийн асамблей олон улсын зах зээлд нэвтэрч буй эм, эмийн бүтээгдэхүүний чанарын тухай уг GMP-г хөтөлбөрийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү өдгөө дэлхийн 100 гаруй улс орон ДЭМБ-ын GMP-ийн заалтуудыг үндэсний эмийн хуульдаа тусгасан байдаг аж.
Дүгнэлт
Шалгасан бичлэгт “Gut Pro-д агуулагдаж буй ксилитол нь зүрхэнд аюултай” гэж ярихдаа ксилитолын өндөр түвшин нь зүрх судасны өвчлөл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж болно гэсэн зөвхөн нэг судалгааны мэдээлэл харуулсан нь тухайн орц, найрлагын үйлчилгээг бүрэн нотлоход хангалтгүй, тэнцвэргүй мэдээлэл юм. Түүнчлэн, судалгааны дүгнэлт хэсэгтээ “ксилитол ба зүрх судсанд аюулгүй байдлын талаар илүү олон судалгаа хийх шаардлагатайг онцолсон” гэснийг дурдаагүй, нэг талаас мэдээлэл хүргэжээ.
Өөрөөр хэлбэл, ксилитолын агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнүүдийг тогтмол, ихээр хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь эрсдэл учруулж болзошгүй.
Үүнээс гадна, Гат про 7+ бүтээгдэхүүний 1 удаагийн хэрэглээнд агуулагдах Ксилитолын тун 0.1 гр байдаг гэж борлуулагч компанийн мэдэгдэлд дурджээ.
![](https://i0.wp.com/mfcc.mn/wp-content/uploads/2024/12/image-10.png?resize=456%2C686&ssl=1)
Бичлэгт харагдаж буй бүтээгдэхүүний найрлагад тухайн бодисын хэмжээг тодорхой бичээгүй ч олон улсын стандартыг хангаж, гэрчилгээг байршуулдаг бүтээгдэхүүний хувьд эрүүл мэндэд эрсдэлтэй тун хэмжээ ашиглахгүй.
Өөрөөр хэлбэл, тус бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд НАССР болон GMP гэх олон улсын стандартыг хангасан нь хүнсний аюулгүй байдал болон эмийн бүтээгдэхүүний зохих чанарын үзүүлэлттэй гэдгийг харуулж байна.