Search

Эмийн жор бичүүлсэн кодоо эм зүйчид хэлбэл авах ёстой эмүүд нь гарч ирнэ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1236

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Цахим жорыг эсэргүүцэж засгийн газрын 1111 дугаарт хэлнэ үү. Өндөр настанууд эм тариагаа авч чадахгүй эхнээсээ өвдөж үхэж байна” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эмнэлэгт үзүүлээд эмээ бичүүлэхэд тухайн хүнд код өгнө. Аль ч эмийн санд очоод кодоо хэлэхэд авах ёстой эмүүд нь жагсаалтаараа гараад ирнэхэмээн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Мөн иргэн цахим жорын үйлчилгээг Emongolia платформын Эрүүл мэнд цэс“, Эмийн жор хэсгээс сонгон харах боломжтой. 

“Орос Монгол Найрамдал Дружба” фэйсбүүк хаягааас 2024.11.14-нд “Цахим жорыг эсэргүүцэж засгын газрын 1111 дугаарт хэлнэ үү. Өндөр настанууд эм тариагаа авч чадахгүй эхнээсээ өвдөж үхэж байна.” гэсэн пост нийтэлжээ. 2024.12.11-ний байдлаар Тус пост нь 275 реакц, 64 сэтгэгдэл авч, 68 удаа түгсэн байна.  

Энэхүү пост нь жороор олгох эмүүдийг цахим системд байршуулсныг эсэргүүцсэн ба эмүүдийг заавал цахим жорын дагуу өгвөл өндөр настай хүмүүс эм тариагаа авч чадахгүй гэсэн агуулга илэрхийлжээ.  Бид тус постод дурдсан цахим жорын талаарх асуудлыг баримтаар шалгалаа.  

11-11 төвд жороор эм олгохтой холбоотой ирсэн санал хүсэлт 

2024.11.01-ээс 2024.12.12-ны хооронд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд эмийн жортой холбоотой ирүүлсэн санал, хүсэлтүүдийг “жор” гэх түлхүүр үг ашиглан шүүж хайхад нийт 27 санал, хүсэлт байна. Харвал ихэвчлэн жороор эмээ авах болон эмнэлгийн ачаалалтай холбоотой гомдлууд байгаа хэдий ч цахим жортой холбоотой гомдол бүртгэгдээгүй байна.  

Эмийн жорыг цахимд шилжүүлэх талаар: 

“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сараас улсын хэмжээнд эмийн жорыг цахимд шилжүүлж байгаа тухай НЗД-ын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрүүл мэндийн газрын 2024.05.06-ны мэдээнд дурджээ. Түүнчлэн, 

  • Эмийн бүртгэлийн мэдээний санд бүртгэгдсэн, жортой болон жоргүй олгох эмийг цахимаар бичих боломжтой. 
  • Сэтгэцэд нөлөөт болон мансууруулах эмийг цахимаар бичихээс гадна ногоон болон шар ташуу зураастай цаасан жорын маягтад давхар бичнэ. 
  • Иргэн цахим жорын үйлчилгээг E-mongolia платформд нэвтрэн “Эрүүл мэнд цэс”-ийн “Эмийн жор” хэсгээс сонгон харах боломжтой талаар тус тус мэдээлсэн байна. 

2024.11.11-нд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд цахим жорын талаар мэдээлэл өгч ажилласан байна. Энэ тухай ikon.mn сайт салбарын сайдын яриаг мэдээ болгон хүргэжээ

  • Тус ярианд, “Эмнэлэгт үзүүлээд эмээ бичүүлэхэд тухайн хүнд код өгнө. Аль ч эмийн санд очоод кодоо хэлэхэд авах ёстой эмүүд нь жагсаалтаараа гараад ирнэ. Эрүүл мэндийн байгууллагууд бараг бүгд цахимаар холбогдсон. Ихэнх эмийг зөвхөн эмчийн жорын дагуу олгох нь ихээхэн хүндрэлтэй байгааг иргэд хэлж байна. Тухайлбал даралт ихэссэн үед яаралтай эмээ уух ёстой байтал жор нэхэж байгаа нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж буй тухай гомдол байгаа. Даралтны эмийг жоргүй олгодог болчихвол бүр ч их асуудал үүсэж болно. Жишээлбэл тухайн даралтны эм нь үйлчлэхээ больчихсон байхад үргэлжлүүлж уусаар байгаад харвах, амь нас нь эрсдэх тохиолдол асар их. Ууж байгаа эм нь тохирохгүй байгаагаас даралтыг нь хэт буулгаж, зүрх судасны системийн өөрчлөлтөд орох ч тохиолдол бий. Иймээс эдгээр эрсдэлээс сэргийлж, тухайн хүний өөрийнх нь амь насыг нь хамгаалах л зорилготой.” гэжээ. 

Эмийн жорыг цахимжуулах ажил нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хэрэглэх, эмийн сангаас авах үйлчилгээг хялбаршуулж буй талаар дээрх мэдээллүүдээс харж болохоор байна.

Монгол Улсын “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль”эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хэрэглэх талаар холбогдох этгээдүүдийн эрх, үүргийг дараах байдлаар тусгажээ.  

Жор баригчийн эрх, үүргээс: 

  • 29.4.3.жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгох; 
  • 29.4.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгох; 

Иргэний эрх, үүргээс: 

29.5.3. эмийг эмчийн зааврын дагуу тасалдалгүй, бүрэн, зөв хэрэглэх;   

E-Mongolia платформоор цахим жор харах тухай 

И-Монголиа академи вэбсайтад 2024.03.27-нд “Эмийн жорын мэдээлэл” үйлчилгээ нэвтэрсэн талаар мэдээлжээ. Түүнчлэн, тус үйлчилгээг хэрхэн авах талаар зааварчилсан байна.  

  • Цахим жорын мэдээлэл нэг жилийн хугацаатай хадгалагдах ба эмч системд шивж, жор бичнэ.  
  • Иргэн бичсэн жорыг эмийн санд үзүүлж эмээ авна. Үйлчилгээнд зөвхөн жороор бичигддэг эм хамаарах бөгөөд жороор олгодоггүй эмийг иргэд шууд авах аж. 

Эмийн жорын цахим мэдээлэл харах заавар:  

  • E-Mongolia платформд нэвтрэн орж “ЭРҮҮЛ МЭНД ЦЭС”-ийн “ЭМИЙН ЖОР” үйлчилгээг сонгох 
  • Үйлчилгээ авах товчийг дарахад дэлгэц дээр таны болон таны хүүхдийн мэдээлэл гарч ирэх ба эмийн жор харах гэж буй хүнээ сонгон цааш үргэлжлүүлнэ 
  • Эмийн жор олгосон огноо, эмнэлгийн нэр, жорын дугаар зэрэг мэдээллийг харж болох ба идэвхтэй болон идэвхгүй жор гэх 2 сонголт гарч ирнэ. 
  • Идэвхтэй жор нь хүчинтэй огноо дуусаагүй /7-14хоног/ буюу хараахан худалдаж аваагүй эмийн жагсаалтыг харуулах бөгөөд өвчний онош болон жор бичсэн эмчийн мэдээллийг агуулна. 
  • Идэвхгүй жор нь хүчинтэй огноо дууссан буюу өмнө нь бичүүлж байсан жорын түүхийг харуулна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document