2024.09.06-нд “GoldenTime MN” нэртэй фэйсбүүк хуудаст “ТОЛГОЙ ӨВДДӨГ ТОЛГОЙ ХАВАНТАЙ МӨН ТАРХИНЫ ДАРАЛТТАЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН МАШ ХЭРЭГТЭЙ ЗӨВӨЛГӨӨ ӨГЬЕ. ШЕЙР ХИЙГЭЭД АВААРАЙ НАЙЗУУДАА. Хэрэгтэй зөвлөгөө өгсөн бол коммент битгий мартаарай” гэх тайлбартай, 09 минут 28 секундын урттай бичлэг постолжээ. Тус пост нь 2024.12.10-ны байдлаар 7600 гаруй реакц, 989 сэтгэгдэл авч, 9200 гаруй удаа түгжээ.
Бичлэгт “Надаас хүмүүс толгой их өвддөг, бамбалзаад, халуу оргиод гэж их асуудаг. Миний толгой 20 гаруй жилийн өмнө маш их өвддөг, хавантай, цитрамон их уудаг байсан. Тэр үед нэг энэтхэг лам залуу надад нэг эмчилгээний арга зааж өгсөн. Миний толгой түүнээс хойш 20 гаруй жил өвдөөгүй. Энэ бол толгой өвддөг, тархины хавантай хүмүүс, бас тархины даралттай хүүхдүүдэд тустай. Ямар ч төрлийн цагаан архи байж болно. Том хүний толгойнд 750 гр-н архийг 3 хуваахад болдог. 750-тай архийг 3 хуваагаад, толгойгоо сайн угааж цэвэрлэчхээд архиараа сайн шавшаад бай, тэгээд хоночих. Тэгээд 3 орой яг ингээд шавшчих. Миний хувьд бол угааснаас хойш өвдөлт, хаван юу ч байхгүй болсон. Харвасан хүмүүс, нялх хүүхэд дээр ингэж болох уу гээд асуусан байсан. Би нэлээд олон нялх хүүхдийг эдгээж байсан. Харвасан хүмүүст бол би сайн мэдэхгүй байна, гэхдээ хэрэглээд үзэхгүй юу гэж зөвлөмөөр байна. Энэ аргыг би өөр дээрээ туршаад, олон хүнийг эдгээж байсан учраас та бүхэнд зөвлөж байгаа юм шүү” гэсэн агуулгатай зүйлсийг ярьжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Тухайн ярианы гол агуулга нь толгойн өвчин, хаван, тархины даралтыг архиар шавшиж эдгээх талаар байна. Иймд бид тус агуулгыг шалгахдаа спиртийн арьсанд үзүүлэх нөлөөний талаар олон улсад хийгдсэн судалгаа, баталгаат эх сурвалжуудын мэдээллүүдээр баримтжуулан шалгалаа.
Америкийн эрүүл мэндийн мэдээллийн вэбсайт МedicineNet-д согтууруулах ундааны гол төрлүүд, тэдгээрийн хэрэглээ, үр нөлөөний талаар бичжээ.
Бидний мэддэг архины химийн нэр нь этилийн спирт буюу этанол бөгөөд байгаль дээрх олон төрлийн спиртийн зөвхөн нэгд тооцогддог. Цагаан архи нь голдуу ус /60%/ болон этилийн спирт /40%/-ээс бүрддэг.
Анагаах ухааны доктор Б.Сэдэдийн мэдээлэл
Цагаан архийг толгойн өвчин эдгээхэд ашигладаг эсэх талаар хайхад холбогдох туршилт, судалгаа байхгүй байна. Иймээс бид АШУҮИС-ийн гэрээт багш, анагаах ухааны доктор Б.Сэдэдтэй холбогдож, уламжлалт анагаах ухаанд түгсэн бичлэгт дурдсантай адил эмчилгээ байдаг эсэхийг тодрууллаа.
- Тэрээр, “Уламжлалт анагаах ухаанд архи, этилийн спиртийг эмчилгээнд ашиглах нь бий. Ялангуяа, ясны хугарал, бэртэл, үе мөчний өвчний эдгэрэх үе шатанд цагаан архийг ашиглан эмчилгээ хийж болдог. Гэхдээ цагаан архи, спиртийг дангаар нь ашиглахгүй, зөвхөн тухайн өвдөлт, үрэвслийг намдаах үйлчилгээтэй эмийн ургамалтай хольж, өвчтэй газарт боолт тавин, шарлага хийн эмчилдэг.
- Архийг толгойнд дангаар нь шавшиж, толгойн өвчнийг эдгээх эмчилгээ бол байхгүй. Ардын уламжлалт эмчилгээг уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч нар зөвлөж хийхээс гадна, зохих тун хэмжээний дагуу л эмчилдэг” хэмээн мэдээллээ. Түүнчлэн, уламжлалтын энэ төрлийн эмчилгээний талаар интернэт орчинд байхгүй, хэвлэмэл материал, номонд байдгийг онцолсон юм.
Энэтхэгийн анагаах ухаанд архиар толгойн өвдөлт эмчилдэг эсэх
Шалгасан бичлэгт толгойн өвдөлт эмчлэх тухайн аргыг энэтхэг ламаас сурсан тухай дурдсан. Тэгвэл Энэтхэгийн анагаах ухаанд энэ арга үнэхээр байдаг эсэхийг хайж үзэхэд шинжлэх ухааны үүднээс нотолсон, туршилт, судалгаа байхгүй байна.
Толгойн өвдөлтийг эмчлэх энэтхэг эмчилгээний талаар Healthline эрүүл мэндийн мэдээний вэбсайтын 2024.06.17-ны нийтлэл гарсан байна. Энэтхэгийн эртний анагаах ухаан (Аюурвед)-д толгойн өвдөлтийн нэг төрөл болох мигренийг хэрхэн эмчилдэг талаар бичжээ.
Мигрень нь толгойн хүчтэй өвдөлт бөгөөд толгой таллаж, лугшиж өвдөх, дотор муухайрах, бөөлжих, дуу чимээ, гэрэлд мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Аюурведээр мигрень өвчнийг эмчлэхийн тулд ургамлын гаралтай эм уух, иог, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, амрах техник зэрэг байгалийн эмчилгээний арга зам ашигладаг байна. Гэсэн хэдий ч зарим хүн Аюурвед ашиглан мигрень өвчнийг намдаана гэдгийг шинжлэх ухааны нотлоогүй учир зарим эмчилгээ хортой ч байж болохыг онцолжээ.
Дүгнэлт
Толгойн өвдөлт нь олон төрлийн хүчин зүйлээс үүсэж болох бөгөөд нарийвчилсан шинжилгээнүүдээр л илрүүлэх боломжтой төдийгүй зөвхөн мэргэжлийн эмч нарын зөвлөсөн эмчилгээг, жорын дагуу хийлгэх нь зөв юм. Шалгасан бичлэгт дурдсан агуулгыг бид баримтаар нотлохын тулд олон улсын судалгааны мэдээллүүдийг хайсан ч баттай мэдээлэл олдсонгүй. Үүнээс гадна бичлэгт дурдсан шиг Энэтхэгийн ардын эмчилгээ байж болохыг нотолсон мэдээлэл ч байхгүй байна.
Healthline вэбсайтын мэдээлэлд мигренийг Аюурведээр эмчилж болох уламжлалт аргуудыг оруулсан ч энэ дунд архи, спирт ашиглан намдаах талаар байгаагүй. Түүнчлэн, Монголын уламжлалт анагаах ухаанд архи, спиртийг эмийн ургамалтай хольж, эмчилгээ хийдэг талаар доктор Б.Сэдэд тайлбарласан.
Нэгтгэн дүгнэвэл шалгасан бичлэгт 750 мл-тэй архийг 3 орой хуваан, толгойгоо шавшсанаар тархины өвдөлт, хаван эмчилнэ гэх агуулга нь батлагдаагүй юм. Анагаах ухаанаар батлагдаагүй энэ мэт мэдээлэл, аргуудыг турших нь эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах ч эрсдэлтэй тул толгойн өвчтэй хүмүүст зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахыг анхааруулж байна.