2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бадарч Бямбадулам гэх нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Гардасилыг сургууль дээр тарихыг Боловсролын яам зөвшөөрөөгүй тул зогсоо!” хэмээн түгээжээ. Уг пост нь 134 реакц, 19 сэтгэгдэл авч, 58 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Бид энэ талаар Боловсролын яамны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад,
- “Боловсролын яам вакцинжуулалтыг хориглох эрхтэй субъект биш юм. ЭМЯ-аас ирсэн бичигт вакцинжуулалтыг эрүүл ахуйн шаардлага хангаж, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулна. Боловсролын яамаас сургууль дээр вакцин тарихыг хориглосон шийдвэр гаргаагүй” гэлээ.
Мөн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан “Боловсролын сургалтын байгууллагад суурилсан дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай“ A/484 болон A/231 дугаар тушаалд “”Боловсролын сургалтын байгууллагад суурилсан дархлаажуулалтын зохион байгуулалт, цэгийн бэлэн байдлыг хангах заавар”-ыг хавсралтаар баталсугай” гэжээ.
- Хавсралтын 4.1-д “Дархлаажуулалтын цэгийг төрийн болон төрийн бус өмчийн сургуульд түшиглэн зохион байгуулна” гэж заасан байна.
Ингэхдээ “Дархлаажуулалтын цэгийг байгуулахдаа аль болох зай талбай хангалттай, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай хурлын заал, урлаг, спортын заал, эсхүл анги танхим ашиглана” гэжээ.
Дүгнээд хэлбэл, дээр дурдсан хоёр баримт болох Боловсролын яамны хэвлэл, мэдээллийн ажилтны тодруулга болон хоёр яамны сайд нарын хамтарсан тушаалаас харахад “Боловсролын яам Гардасилыг сургууль дээр тарихыг хориглосон” гэх мэдээлэл худал болох нь батлагдаж байна.