2024 оны арвагн нэгдүгээр сарын 21- нд Олег Быков нэртэй хаягаас “Кока кола бүхнийг устгадаг” гэт тексттэй лаазтай кола бактерийг идэвхгүй болгож устгаж байгааг харуулсан дүрслэлтэй богино хэмжээний бичлэгийг түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн эх хувилбар нь @microzoomguy гэх ТикТок хаягт 2024 оны гуравдугаар сарын 22-нд нийтлэгджээ. Тус хаягт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг микроскопоор харж буй бичлэгийг оруулдаг. Бид өмнөх баримт шалгалтуудаараа (энд бас энд) тухайн хаягт оруулдаг бичлэгийг зохиомлоор хийдэг тухай мэдээлсэн.
Кола бүх төрлийн нянгийн эсрэг хэрхэн үйлчилдгийг хараахан судлаагүй ч тодорхой төрлийн нянгийн эсрэг үйлчилдгийг судалжээ. Мөн “нянгийн эсрэг нөлөө үзүүлээгүй” ч гэх дүгнэлттэй судалгаа бий.
Шалгасан мэдээлэлд “кока кола бүхнийг устгадаг” гэх текст оруулсан нь бүх төрлийн бактери, нянг устгах мэт ойлголт өгчээ. Энэ талаар хийсэн судалгаа цөөхөн. “Кола зарим нянгийн эсрэг үйлчилгээтэй”, мөн “ямар ч нөлөөгүй” гэсэн судалгаа ч байна.
2014 онд нийтлэгдсэн “Колагийн хэд хэдэн бичил биетэнд үзүүлэх нянгийн эсрэг нөлөө” судалгаанд Турк улсад зарагддаг 3 төрлийн коланд туршилт хийж үзжээ. Судалгааны үр дүнгээр Кола нь дараах төрлийн бактерийн эсрэг хүчтэй нөлөөтэй гэж гаржээ. Үүнд, савханцар, Enterococcus faecalis, Escherichia coli, Escherichia coli O: 157 H: 7, Salmonella enteritidis, Yersinia зэрэг багтсан байна. Харин enterocolitica болон бусад бактерийн эсрэг сул нөлөө үзүүлдэг гэжээ. Гэхдээ “коланд мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ ажиглагдаагүй” гэж гарсан байна. Мөн уг туршилтад бүх бактерийн эсрэг үзүүлэх нөлөөг хамруулж судлаагүй тул харьцуулах боломжгүйг дурдсан.
- Кола зарим нянгийн эсрэг үйлчилгээтэй ч кола ундааг хэтрүүлэн, тогтмол хэрэглэх нь дархлаа сулруулж, витамины дутагдалд оруулан, хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэж болзошгүйг судалгааны дүгнэлтэд онцолжээ.
Харин 2007 нийтлэгдсэн “Хүнсний гаралтай эмгэг төрүүлэгчийн эсрэг оливийн тос, цуу, төрөл бүрийн ундаа дахь нянгийн эсрэг үйлчилгээ” судалгаанд кола ундаа нянгийн эсрэг нөлөөгүй нь ажиглагдсан байна. Шинжилгээнд хамрагдсан ихэнх бүтээгдэхүүн (жимсний шүүс, сүүн бүтээгдэхүүн, шар айраг, кока кола болон кофе, цай, оливын тосны ханд) нь нянгийн эсрэг үйлчилгээ багатайг тогтоосон. Судалгаанд нянгийн эсрэг нөлөөг илрүүлэхийн тулд шингэнийг нянд хүргэж, 5 минутын дараа микробын тоог тогтоож үзсэн. Кола, сүүн бүтээгдэхүүн зэрэгт бактери үхэлгүй 5 хүртэлх минут амьд байсан нь эдгээр шингэн хүнс эмгэг төрүүлэгчийг хангалттай дарангуйлдаггүйг харуулжээ .
Мөн 1988 онд нийтлэгдсэн “Гэдэсний эмгэг төрүүлэгч нийтлэг ундаанд амьд үлдэх нь: in vitro судалгаа“-нд хоол хүнсээр дамждаг эмгэг төрүүлэгч бичил биетүүд сүү болон коланд 48 цаг хүртэл амьд үлдэж байгааг харуулжээ. (in vitro гэдэг нь ердийн биологийн орчноос тусгаарлагдсан организмын бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглан хийдэг судалгаа юм)
Шалгасан мэдээлэлд “кока кола бүхнийг устгадаг” гэх текст оруулсан нь бүх төрлийн бактери, нянг устгах мэт ойлголт өгчээ. Колаг зарим төрлийн нянгийн эсрэг үйлчилгээтэйг харуулсан судалгаа бий ч бүх төрлийн нянгийн эсрэг үйлчилгээтэй эсэхийг судлаагүй. Мөн нянгийн эсрэг үйлчилгээ ажиглагдаагүй гэх судалгаа бий.