Search

Ковидын вакцин төрөлтөд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1232

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ковидын вакцины 3 тунтай эхчүүдийн 7/10 нь ургийн өсөлтгүй гэдэг нь тогтоогджээ. Туршилтын үр дүн” гэсэн агуулгатай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ковидын вакцины аюулгүй байдлыг холбогдох байгууллагууд шалгаж баталгаажуулсан байдаг. Мөн уг вакциныг хийлгэснээр төрөлтөд сөргөөр нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй бөгөөд жирэмслэлт, урагт аюулгүй гэдгийг судалгаагаар харуулж, илүү нарийвчлан судлах хэрэгтэйг дурдсан байна.

2024 оны арван хоёрдугаар сарын 5-ны өдөр Жүрмэд Занаа нэртэй хуудсаас “Ковидын вакцины 3 тунтай эхчүүдийн 7/10 нь ургийн өсөлтгүй гэдэг нь тогтоогджээ. Туршилтын үр дүн” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 210 реакц, 13 сэтгэгдэл авч, 100 удаа цааш түгээгджээ.  

Ковидын вакцины аюулгүй байдлыг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас шалгаж, баталгаажуулсан. Ковидын вакцин хийлгэсэн 10 жирэмсэн эмэгтэй тутмын 7 нь ургийн өсөлтгүй гэдгийг баталсан нарийн судалгаа илрээгүй. Харин уг вакцин нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд аюулгүй бөгөөд төрөлтөд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг хэд хэдэн төрлийн судалгаагаар харуулсан байна.

АНУ-ын Өвчний хяналт ,урьдчилан сэргийлэх төвөөс жирэмсэн үед COVID-19 вакцин хийлгэх нь урагт аюулгүй гэдгийг мэдээлж байжээ. Мөн “Ковид-19 вакцин нь зулбалт, дутуу төрөлт, амьгүй төрөлт, ургийн гажиг зэрэг хүндрэлийн эрсдэлийг үүсгэдэггүй бөгөөд Америкийн Эх барих эмэгтэйчүүдийн коллеж, Эх ургийн анагаах ухааны нийгэмлэг, Америкийн нөхөн үржихүйн анагаах ухааны нийгэмлэг зэрэг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын зөвлөмжтэй нийцдэг” гэж мэдээлсэн байна. 

АНУ-ын Үндэсний анагаах ухааны номын сангийн судалгааны санд 2023 нийтлэгдсэн “Ковид-19 вакцин хийлгэсний дараа зулбах эрсдэл“-ийн талаар системчилсэн, мета анализ судалгаанд уг вакцин нь зулбах эрсдэл нэмэгдүүлэх, жирэмслэлт, амьд төрөлтийн түвшин буурахтай холбоогүйг баталжээ. Тодруулбал, Уг судалгааг 149,685 эмэгтэйн дунд явуулсан байна. Үүнээс гадна энэ хүрээнд хийсэн судалгаануудыг хамруулж үзжээ. Үр дүнгээс нь харахад ковидын вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд зулбах эрсдэл нэмэгдээгүй. Цар тахлын өмнөх үед нийт хүн амын дунд тохиолдсон зулбалтын түвшин вакцинжуулалтын дараа өөрчлөгдөөгүй үзүүлэлттэй байна. Энэ нь вакцинжуулалттай хамааралгүй, харин нийгэм, эдийн засаг, хавсарсан өвчин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байж болно. Иймд илүү өргөн хүрээний судалгаа хийх шаардлагатай байгааг дурдсан байна.

Мөн ковидын вакцин хийлгээгүй болон хийлгэсэн эмэгтэйчүүдийн хэвийн төрөлт, давтан жирэмслэлтийн үзүүлэлтэд мэдэгдэхүйц ялгаа гараагүй гэжээ.


 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document