2024 оны арваннэгдүгээр сарын 23-нд JD Online shop нэртэй хаягаас “Гүзээ хийдэг хэв гэнэ” гэх тексттэй богино хэмжээний бичлэгийг “Хятадад явж байхдаа хамаагүй #hotpot битгий идээрэй” гэх тайлбартайгаар нийтэлжээ. Тус бичлэгт гүзээний силикон хэв гаргаж авч буйг харуулсан. Мөн бичлэг нь нийт 229 реакц, 9 сэтгэгдэл авч, 24 удаа цааш түгээгдэж, 192 мянган үзэлттэй байна.
- Шалгасан бичлэгийн “Хятадад явж байхдаа хамаагүй #hotpot битгий идээрэй” гэх тайлбартай нийтэлсэн нь хятадад хуурамч гүзээ хийдэг, идэж болохгүй мэт ойлголтыг өгч, бүрэн тайлбарлаагүй учир баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн хэсгийг Baidu хайлтын системд зургаар хайхад ижил төрлийн илэрцүүд гарч ирлээ. Тус илэрцүүдээс нэгийг сонгож тайлбарыг харвал @是陈依涵呀 Weibo хаягт “Веган гүзээний хэв ингэж харагддаг” гэх тайлбартай нийтэлжээ.
Үргэлжлүүлэн Douyin (Хятадын ТикТок хувилбар) -аас веган гүзээний хэв буюу “素牛肚模具” гэх түлхүүр үгээр хайхад шалгасан бичлэгтэй ижил төрлийн бичлэгүүд гарч ирж байна. Шалгасан бичлэгийн эх хувилбар нь 2024 оны 11-р сарын 22-нд @食品级硅胶模具 杨生 (Хүнсний зориулалттай силикон хэв Ян Шен) Douyin хаягт “Хэвээс гаргаж авсан веган гүзээг юу гэж бодож байна?” гэх тайлбартай нийтэлжээ. Мөн “гүзээний хэв, Веган гүзээ, конжак бүтээгдэхүүн” гэх зэрэг түлхүүр үгийг бичлэгийн тайлбар хэсэгт хавсаргасан байна.
Дээр дурдсан Конжак бүтээгдэхүүнийг (konjac product) хийхдээ конжак ургамлын булцуунаас гаргаж авдаг. Конжак ургамлын булцуунаас гаргаж авдаг хүнсний эслэгийг глюкоманнан гэж нэрлэдэг бөгөөд энэ нь царцмаг болж хатуурдаг байна. Өөрөөр хэлбэл, Конжак ургамлын булцуунаас гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг “Конжак бүтээгдэхүүн” гэж нэрлэдэг. Гурил, паста, гүзээ гэх мэт олон төрлийн хэв, хэлбэр дүрстэй хүнсний бүтээгдэхүүний конжакаар хийж болох аж.

Тухайлбал, “конжак веган гүзээ” түлхүүр үгээр хайхад тус ургамлын булцуугаар хийсэн олон төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа халуун тогоонд ашиглаж болох веган хүнсний илэрцүүд гарч ирснийг доорх зургаас харах боломжтой.
Мөн шалгасан бичлэгийн эх хувилбарыг нийтэлсэн хаягаас 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд веган гүзээ хэрхэн хийж буйг харуулсан богино хэмжээний бичлэг нийтэлж байжээ.
Шалгасан бичлэгийн тайлбар хэсэгт “Хятадад явж байхдаа хамаагүй #hotpot битгий идээрэй” гэж оруулсан нь хэв ашиглаж хүнсний бүтээгдэхүүнийг хуурамч материалаар хийж буй мэтээр ойлголт өгөх контексттэй бичжээ. Үнэн хэрэгтээ веган буюу цагаан хоолтон хүмүүст зориулсан гүзээг хийхэд ашигладаг хэв харуулсан байна.