Search

Агаарын бохирдол уушгинаас гадна тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1230

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Агаарын бохирдлоос үүссэн химийн хүнд элементүүд цусанд хуримтлагдан тархины өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Гадаадад, агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүүхдийн ой тогтоолт, суралцах чадвар нь мууддаг. Ааш араншинд хүртэл нөлөөлж, тогтворгүй, уур уцаартай, догшин болдог. Сэтгэлийн гутрал гэх мэт сэтгэцийн эмгэг үүсэхэд хүртэл нөлөөлдгийг олон улсын судлаачид нотолсон байдаг” гэсэн агуулгатай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Агаарын бохирдол ихтэй бүс нутагт байрладаг сургуулиудын сурагчид хичээлийн хоцрогдол ихтэй, академик гүйцэтгэл муутай байсан байна. Үүнд агаарын бохирдлоос гадна нийгэм, эдийн засгийн ялгаатай хүчин зүйл нөлөөлж буйг ч дурдсан.

2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Dulguun Batbold нэртэй хаягаас “Агаарын бохирдол таны хүүхдийг мангар болгож байгаа” гэсэн эхлэлтэй пост оруулсан ба нэг минутын дараа “…гэхдээ энэ нь хараахан нотлогдоогүй байна” гэж зассан. Уг постод нийт 9 удаа засвар хийсэн. Гэхдээ агуулгыг эрс өөрчилсөн зүйлгүй, сайжруулж, зураг хавсаргах зэрэг засвар хийжээ.

Уг мэдээлэл нь “… Агаарын бохирдол ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилд маш их хортой. Уушгины архаг үрэвслээс гадна, химийн хүнд элементүүд цусанд хуримтлагдан тархины өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлдөг! Гадаадад, агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүүхдийн ой тогтоолт, суралцах чадвар нь мууддаг. Ааш араншинд хүртэл нөлөөлж, тогтворгүй, уур уцаартай, догшин болдог. Сэтгэлийн гутрал гэх мэт сэтгэцийн эмгэг үүсэхэд хүртэл нөлөөлдгийг олон улсын судлаачид нотолсон байдаг. Харин Монголд, сонирхолтой нь яг энэ чиглэлээр хийгдэж хэвлэгдсэн судалгаа одоогоор алга байна. Иймд нотлох боломжгүй юм. Судлаачид энэ фактыг мэдэхийн дээдээр мэддэг ч агаарын бохирдол ба хүүхдийн цусан дахь химийн элементийг оюуны чадавх, сурлага, ааш араншинтай нь харьцуулсан судалгаа хийдэггүй. Сонин?! Эсвэл монгол хүүхдийн ген онцгой юм болов уу? Тэгж бодохгүй л байна шүү” гэсэн байна. Уг пост 104 реакц, 32 сэтгэгдэл авч, 46 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийн дагуу агаарын бохирдол хүүхдийн тархины өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, сэтгэл зүй, зан аашийг тогтворгүй болгодог тухай хайлт хийхэд энэ чиглэлээр хийгдсэн олон тооны судалгаа илэрлээ. Тухайлбал, 2018 оны “Агаарын бохирдлын тархинд үзүүлэх нөлөө хүрээлэн буй орчноос үүдсэн өвчлөлийн давтамжийн талаарх тоймчилсон судалгаанд “Агаарын бохирдолд удаан хугацаагаар өртөх нь нийт хүн амын тархины бүтэц, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд эдгээр нөлөөг MRI-ийн янз бүрийн аргуудаар илрүүлэх боломжтой” гэж үзжээ. 

Мөн агаарын бохирдол сэтгэл зүйд нөлөөлдөг эсэх талаар АНУ-ын Сэтгэл судлаачдын холбооноос “Агаарын бохирдол их байх нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг гэмтээж, насанд хүрэгчдийн тунгаан бодох чадамж муудах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж, сэтгэлийн хямралд хүргэж болзошгүйг” дурджээ. 

Үүнээс гадна агаарын бохирдол болон хүүхдийн сурлагын амжилт хоорондын уялдаа холбоог харуулсан “Сургуулиудын орчим дахь агаарын бохирдол: Сурагчдын эрүүл мэнд болон суралцах чадварт үзүүлэх нөлөө” судалгаанд Мичиган мужийн 3660 сургуулийг хамруулжээ. Тус судалгааг Мичиганы их сургуулийн профессор, доктор Пол Мохай болон түүний багийнхан хийсэн. Тэд сургууль орчмын нэгээс гурван километрийн зайд хэмжилт хийхэд нийт сургуулийн 18% нь агаарын бохирдол ихтэй бүсэд байрлаж байжээ. Агаарын бохирдол ихтэй бүс нутагт байрладаг сургуулиудын сурагчид хичээлийн хоцрогдол ихтэй, академик гүйцэтгэл муутай байсан байна. Үүнд агаарын бохирдлоос гадна нийгэм, эдийн засгийн ялгаатай хүчин зүйл нөлөөлж буйг ч дурдсан.

Эдгээр судалгаанаас агаарын бохирдол бие махбодиос гадна, сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлөх боломжтой ба амьсгалын замаар дамжин уушги өвчлүүлэхээс гадна тархи бусад эрхтэн тогтолцоонд ч нөлөөлөх боломжтойг харж болно.

Мөн хүүхдийн амьсгалын хурд, биеийн хэмжээ, өндөр зэргээс хамааран энэ төрлийн өвчлөлд насанд хүрсэн хүнээс илүү өртөмтгий байдаг. Хүүхдийн амьсгалын салст зэрэг бие физиологи нь тоосонцроос хамгаалахад бүрэн хөгжөөгүй байдаг тул хүрээлэн буй орчны бохирдолд хамгийн мэдрэмтгий нь бага насныхан. Иймд хүүхдийн дархлааг дэмжих витамин, хүнс тэжээлийг сонгон хэрэглэж цэвэр агаарт ойр ойрхон гарч байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document