Search

“Улаанбаатар хотод нийт 1.2 сая Хятад иргэн амьдарч байна” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1229

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Улаанбаатар хотод  1.2 сая Хятад улсын иргэд байна гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2024 оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын хилээр 188,103 хятад улсын иргэн нэвтэрч, 178,558 иргэн гарсан. Мөн Улаанбаатарт 1.2 сая хятад улсын иргэн байна гэх статистик мэдээлэл огт байхгүй.

2024 оны 12-р сарын 04-нд Narantuya Tserendorj (Архивлагдсан хувилбар) нэртэй хаягаас “2024.12.03 Одоогийн байдлаар Улаанбаатарт  1.2 сая хятад улсын иргэд байна гэсэн статистик тоо гарсан байна” гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 1.3 мянган реакц, 661 сэтгэгдэл авч, 1.1 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

ШИНЭЧЛЭЛ: (12 дугаар сарын 06)

Гадаадын иргэн харяатын газраас 12 дугаар сарын 5-нд оршин суугаа гадаад иргэдийн талаар мэдээлэл гаргасан. Үүнд: “Монгол Улсад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 132 улсын 32543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1511, БНСУ-ын 1776, БНХАУ-ын 17849, ОХУ-ын 4424 иргэн, бусад улсын 6983 иргэн байна” гэжээ.

Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдээс хамгийн их нь БНХАУ-ын иргэд бөгөөд 12 дугаар сарын 05-ны байдлаар 17849 бүртгэлтэй оршин суугч байна.

Нээлттэй статистик

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн тоон мэдээлэлд 2024 оны гуравдугаар улирлын байдлаар гэрээгээр ажиллаж буй нийт 17,831 гадаад иргэн байгаагаас 12,364 нь Хятад улсын иргэд байна.

Улсын хилээр нэвтэрсэн нийт гадаад зорчигчдын тоо 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 699,030 байгаа бол гарсан зорчигчдын тоо 677,087 байгаа юм. Үүнээс Хятад улсын 188,103 иргэн нэвтэрч 178,558 зорчигч гарсан байгааг доорх зургаас харж болох юм. Улсын хилээр нэвтэрсэн гадаад зорчигчдын тоо 2023 онд нийт 644,064 иргэн нэвтэрч, 638,885  иргэн гарсан гэх үзүүлэлттэй байна.

Монгол Улсын хилээр нэвтэрсэн болон гарсан Хятад иргэдийн тоон мэдээлэл зөрүү багатайгаас гадна  хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй хятад иргэдийн тоо мөн 12 мянга гаруй байгаа нь шалгасан мэдээлэлд дурдсан “Улаанбаатар хотод 1.2 сая гаруй Хятад иргэн амьдарч байна” гэх мэдээллийг үгүйсгэж байна.

Мөн шалгасан мэдээлэлд “хятад улсын иргэн амьдарч байна гэсэн статистик тоо гарсан байна” гэж дурдсан боловч хаанаас гаргасан статистик мэдээлэл болох нь тодорхойгүй. Уг агуулгаар хайхад “Улаанбаатарт 1.2 сая хятад улсын иргэд амьдарч байна” статистик тоон мэдээлэл байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document