Search

“Хүүхдийг загварын шоунд оруулж 5-10 сая төгрөг олгоно” гэх хуурамч мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1228

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Загвар өмсөгч хүүхдүүдийг бэлтгэж, өөртөө итгэх итгэл , харилцааны ур чадвар болон бүтээлч сэтгэлгээ гэх мэт олон талт чадваруудыг эзэмшүүлэх” тухай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Филиппин, Вьетнам, Камбож улсын бүтгэлтэй хуурамч хаягуудаар ижил төстэй мэдээллийг нэгэн зэрэг түгээсэн нь бот буюу автоматжуулалт ажиллаж буйн илрэл. Чатаар илгээсэн мэдээлэлд өндөр цалин амлаж, зураг авалтад оруулах мэтээр хууран мэхэлж байна. Энэ төрлийн үйлдэл нь залилангийн шинжтэй тул хүүхдээ яаран бүртгүүлэх, урьдчилгаа мөнгө төлөхөөс зайлсхийгээрэй.

“Талын од (Kids Fashion)” нэртэй хуудсаас “Талын Од хөтөлбөр нь хүүхдүүдэд загварын ертөнцөд амжилттай оролцох боломжийг олгох хамгийн шилдэг платформ бөгөөд энэ нь оролцогчдын ур чадварыг хөгжүүлэх, амжилтад хүрэхийн тулд өндөр стандартуудыг баримталдаг. Оролцогчид мэргэжлийн багш нарын удирдлага дор сургалт авдаг бөгөөд тайзан дээрх бэлтгэлээс эхлээд, өөртөө итгэх итгэл , харилцааны ур чадвар болон бүтээлч сэтгэлгээ гэх мэт олон талт чадваруудыг эзэмшдэг. Тиймээс энэ хөтөлбөр нь зөвхөн загвар өмсөгчдийг бэлтгэх төдийгүй, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой. Мөн оролцогчдын туршлага, ур чадвар нэмэгдэхийн хэрээр тэдний итгэл үнэмшил, мэргэжлийн ур чадвар дээшилж, загварын салбарын амжилттай ирээдүйг төсөөлөх боломжтой болдог” гэсэн тайлбартай постыг удаа дараа нийтэлжээ.   

Мөн Хөх Тэнгэр Загвар Төв гэх хаягаас “Хөх Тэнгэр Хүүхдийн Модель📸 Улсын хэмжээнд 1-18 насны хүүхдийн моделуудыг бүртгэж байна! Үнэгүй бүртгэл, туршлага шаардлагагүй, үнэгүй сургалт

  • 1-18 насны хөвгүүд, охид
  • 1.100% үнэгүй дэмжлэг, улс даяар хамрах хүрээтэй.
  • 2.Зураг авалт болон загварын шоунд оролцон 10 сая – 50 сая төгрөгийн орлого олох боломжтой.
  • 3.Шалгаруулалтад оролцож, олон нийтийн анхаарлын төвд байгаарай.
  • 4.Мэргэжилтнүүд таны хүүхдэд зориулан 2024 оны өсөлтийн төлөвлөгөөг боловсруулна.
  • 5.Хүүхдийн хувцасны брэндийн нүүр царай болох боломж.
  • 6.Зураг авалт, загварын шоу болон бүтээгдэхүүний сурталчилгаагаар нэмэлт 10%-ийн орлого олох боломжтой.

👪 Одоо бүртгүүлж, хүүхдэдээ эрүүл, найрсаг орчин бүхий үзүүлэнгийн тавцан бий болгоорой!

Хаягийг шалгах анхан шатны арга

Уг мэдээллийг шалгахын тулд тухайн мэдээллийг дамжуулж буй хуудсыг шалгалаа. Хуудасны бүртгэл хэсэгт холбогдох дугаар, и-мэйл хаяг гэх мэт нарийн мэдээлэл байхгүй байна. Уг хаягийг хөтлөн явуулж буй байршлыг харахад Филиппин, Вьетнам, Камбож улсын бүртгэлтэй байна. 

Түүнчлэн тухайн хаягийг үүсгэсэн хугацаа нь 2023 оны есдүгээр сарын 11 бол модель хүүхдүүдийг сургах мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 1-ээс оруулж эхэлжээ. 

Тухайн хуудсыг судлахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу агуулгаар хайхад ижил төрлийн мэдээлэл түгээдэг хэд хэдэн төрлийн хуудас илэрлээ. Тэдгээр хуудсан дахь мэдээллийн тайлбар хоорондоо ижилхэн, зураг, бичлэгийг адил цаг хугацаанд олон давтамжтай түгээжээ.

Сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргажээ

Үүнээс гадна Asian Idol Academy Mongolia хуудсаас эдгээр хаягуудын талаар мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд “Эдгээр худал пэйжүүд, манай болон бусад сургалтын төвүүдийн зураг бичлэгүүдийг ашиглаж, сургалт явуулна мөн зар сурталчилгаанд хүүхдээ 20 саяар тоглуулаарай гэх мэт худал луйврын зар явуулж байгааг анхааруулж байна” гэжээ.  

Asian Idol Academy Mongolia нь 2015 онд нээсэн цагаасаа хойш загварын чиглэлийн мэдээлэл хүргэдэг, Монгол Улсаас хоёр админ удирддаг пэйж байна. Танилцуулга хэсэгт байгууллагын албан ёсны вэбсайтыг оруулсан бөгөөд “Asian Idol Academy Mongolia” нь 5-18 насны хүүхдүүдийг загвар, гадаад хэл, бүжиг гэх мэт олон төрлөөр хөгжүүлдэг урлагийн боловсролын цогц төв гэжээ. Тус төвийн захирлаар 2012 оны Монголын мисс А.Уянга ажиллаж байна.

  • Филиппин, Вьетнам, Камбож улсын бүтгэлтэй хуурамч хаягуудаар ижил төстэй мэдээллийг нэгэн зэрэг түгээсэн нь бот буюу автоматжуулалт ажиллаж буйн илрэл. Чатаар илгээсэн мэдээлэлд өндөр цалин амлаж, зураг авалтад оруулах мэтээр хууран мэхэлж байна. Энэ төрлийн үйлдэл нь залилангийн шинжтэй тул хүүхдээ яаран бүртгүүлэх, урьдчилгаа мөнгө төлөхөөс зайлсхийгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document