Search

Сэтгэл судлаач Акиёоши Китаокагийн бүтээсэн дүрслэлийг “стресс тодорхойлдог” гэх худал тайлбартай түгээж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1227

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Стресс тодорхойлдог тест гэх зургийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Японы сэтгэл судлалын Профессор Акиёоши Китаока нь геометрийн дүрс, гэрэлтүүлэг, өнгө зэргийг ашиглан хуурмаг хөдөлгөөн үүсгэдэг харааны дүрслэлүүд бүтээдэг нь үнэн ч, тэр нь стресстэй ямар ч холбоогүй болохыг мэдэгджээ.

2024 оны 04 дүгээр сарын 11-нд Б.Пагмадулам нэртэй хаягаас “Хөдлөж байна уу? СТРЕССЭЭ ТОДОРХОЙЛОХ НЬ Хэрвээ доорх зураг хөдлөхгүй байвал таныг стресст өртөөгүй буюу тайван байгааг илтгэж байгаа хэрэг. Хэрвээ дээрх зураг амьд мэт, удаан хөдлөж байвал танд амралт хэрэгтэйг гэрчилж байна. Хэрвээ зурагны хөдөлгөөн хурдан, маш хурдан байвал та стрессийн маш ноцтой түвшинд байна гэсэн үг. Үүнийг Японы сэтгэлзүйч Акиёоши Китаока боловсруулжээ.” гэх тайлбартайгаар тойрог хэлбэртэй дүрсний зургийг оруулжээ.

Ийм тайлбартайгаар түгээх үзэгдэл 2017 оноос эхтэй бөгөөд үе үе дахин түгээгддэг тул баримтаар шалгалаа.

Шалгасан постын зургийг ажиглавал цэнхэр өнгийн хүрээнд эргэлдсэн байдалтай 2 тойрог дүрс байх бөгөөд аль алинд нь шар, хөх өнгийн эрээн зураасууд харагдаж байна.  

Цахим орчинд байнгын давтамжтай түгдэг энэ төрлийн постын зураг стресс тодорхойлдог нь үнэн эсэхийг судалж, нягталсныг хүргэе.  

Тухайн постны тайлбар үнэн эсэхийг шалгахын тулд тайлбарын төгсгөлд дурдагдсан Японы сэтгэлзүйч Акиёоши Китаока гэх хүний талаарх мэдээллийг хайхад дараах илэрцүүд гарлаа.  

Акиёоши Китаока нь Японы Киото мужийн Рицүмэйкан Их сургуулийн Утга зохиолын тэнхимийн сэтгэл судлалын профессор бөгөөд “хараа зүйн урлагийн мастер” гэж нэрлэгддэг байна.  

Акиёоши Китаока нь тус дүрслэлийн ажлуудаа CorelDraw гэх график дизайны програм дээр бүтээдэг ба Рицумейкан Их Сургуулийн вэбсайтад зургуудаа албан ёсоор байршуулдаг байна.

 

  • Тухайн вебсайтад харааны хуурмаг үзэгдэл нь стресстэй ямар ч холбоогүйг онцолжээ. 

Акиёоши Китаока мөн тус тайлбараа 2019.09.18-нд Х (хуучин твиттерийн) аккаунтдаа постолж байжээ. 

Шалгасан мэдээлэлтэй төстэй постууд бусад улс оронд ч түгээмэл тархдаг ба зургийг түгээхдээ стресс эсвэл сэтгэл зүйн байдлаа хэмжих боломжтой мэтээр хачирлаж, дахин сэргээсээр байдаг аж. 2019 онд гэхэд л Энэтхэгийн “Boom” болон Vishvas News зэрэг баримт шалгах төвөөс төстэй мэдээллийг баримтаар шалгаж байжээ.  

Дүгнэлт 

Шалгасан постын зургийг тодорхой хугацаанд тогтож харвал хуурмаг үзэгдлээр хөдөлгөөн үүсгэж байгаа ч “Хэрвээ дээрх зураг амьд мэт, удаан хөдлөж байвал танд амралт хэрэгтэйг гэрчилж байна. Хэрвээ зурагны хөдөлгөөн хурдан, маш хурдан байвал та стрессийн маш ноцтой түвшинд байна гэсэн үг” гэсэн постын тайлбарыг уншвал шууд л стресстэй, хэвийн бус байгаа мэтээр итгэж, хуурамч стресс, сөрөг сэтгэл хөдлөлд ч автах магадлалтай юм. 

Энэ мэт постууд нь цаг хугацаанаас үл хамааран дахин сэргээн түгсээр байдаг төдийгүй зарим хүний хувьд агуулга нь үнэн бодит эсэхийг мэдэхгүйгээр хуваалцдаг бол зарим нь худал гэдгийг мэдсэн ч хандалтын төлөө түгээдгийг онцлон дурдах нь зүйтэй. Иймд, аливаа мэдээллийг нягталсныхаа дараа итгэж, түгээж байгаарай. 


 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document