2024 оны 11 дүгээр сарын 29-нд Galsandorj Sevjidmaa гэх хаягтай Фэйсбүүк хэрэглэгч хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг вакцинжуулалттай холбогдуулан хүүхдүүдээ вакцинжуулахгүй байх тухай уриалан “ковидын вакцин хийлгэсний дараа хэдэн зуугаараа өвчлөлд хамрагдаж үрэгдсэн” ба 2012 онд ХПВ-ийн эсрэг вакциныг “туршсан” боловч судалгаагаа танилцуулаагүй ил болгоогүй хэмээгээд вакцин нь хорт хавдар үүсгэдэг, үргүйдэлд хүргэдэг цаашлаад вакцин нь хүн амыг устгах зэвсэг болсон тухай мэдээлэл түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Ковидын вакцинаас болж хэдэн зуугаар өвчлөлд үхсэн баримт байхгүй
Монгол улс коронавирусын цар тахалтай холбогдуулан 2021 оны 02 дугаар сараас коронавирусын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэн ойролцоогоор 2.2 сая хүнийг вакцинжуулсан ба ковидын вакцины улмаас олон зуун залуус нас барсан гэх баримт байхгүй юм. Хэдийгээр вакцинаас шалтгаалсан зүрхний үрэвсэл (myocarditis) залуусыг үхэлд хүргэж байна гэх мэдээлэл байсан ч энэ нь судалгаагаар батлагдаагүй юм.
Тодруулбал АНУ-ын Өвчний сэргийлэлт, хяналтын төвөөс 2024 онд танилцуулсан мэдээлэлд ковид-19-ийн эсрэг вакцин болон залуусын гэнэтийн үхлийн хооронд хамаарал байхгүй байгааг тогтоосон байна.
2012 онд зохион байгуулсан ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтын судалгааны үр дүн ил хэвээр байна
2012 онд ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтыг 14,063 охидод хийхээр төлөвлөсөн боловч вакцин эсэргүүцэгчдийн улмаас уг хөтөлбөр зогссон тухай “Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч доктор Б.Цэцэгсайхан мэдэгдсэн байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 11-17 насны нэгээс гурван тунгаар 9,111 охидыг хамруулсан ба энэ хөтөлбөрийн үр дүнгийн талаарх тандалт судалгаа олон нийтэд нээлттэй хэвээр байна. Тодруулбал, 2019 онд Papillomavirus Research сэтгүүлд доктор Б.Цэцэгсайхан нарын олон улсын эрдэмтэд 2012 онд хийгдсэн дархлаажуулалтын хөтөлбөрт үндэслэн вакцинд хамрагдсан 726 хүн болон вакцинд хамрагдаагүй 790 хүнийг харьцуулсан шинжилгээнд хамруулан судлан 4 цэнт ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан хүмүүсийн дундах вирусийн тархалт 4.8% байсан бол хамрагдаагүй оролцогчдынх 17.2% байсан болохыг харуулсан байна.
Мөн дээрх хөтөлбөрийн үр дүнг үргэлжлүүлэн тандан судлан доктор Б.Цэцэгсайхан нарын олон улсын судлаачид 118 вакцинд хамрагдсан эмэгтэй болон 357 вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдийг харьцуулан ХПВ-ийн 16, 18 хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд 92%-аар багассан байсныг тогтоосон судалгааг Vaccine сэтгүүлд хэвлүүлсэн байна. Түүнчлэн энэ судалгаанд вакцинжуулалтаас хойш 6 жилийн дараа эсрэг биетийн хэмжээ өндөр байгааг мэдэгдсэн байна.
Харин энэхүү вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд олон эмэгтэйчүүд үргүйдэлтэй болсон гэх баримт байхгүй бөгөөд ХПВ-ийн эсрэг вакцин нь үргүйдэл үүсгэдэг гэх хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай судалгаа байхгүй юм.
ХПВ-ийн эсрэг вакцин хорт хавдар, үргүйдэл үүсгэдэггүй ба клиник туршилт хийгдсэн
Вакцинжуулалтын улс орныг устгах зэвсэг болсон тухай баримт огт байхгүй бөгөөд өвчлөлийн тохиолдлыг бууруулж байгаа судалгааны үр дүнг харах боломжтой. Тодруулбал ХПВ-ийн эсрэг вакцин нь хорт хавдар үүсгэх биш хавдраас сэргийлэх зорилготой вакцин юм.н
ХПВ-ийн эсрэг вакцин нь хорт хавдар эсвэл үргүйдэл үүсгэдэггүй нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон ба эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд үүнийг няцаасан байдаг. Тодруулбал, 2019 онд Pediatrics сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд АНУ-д 200,000 эмэгтэйд хийсэн судалгааны дүнг танилцуулсан үүнд ХПВ-ийн эсрэг вакцин ба үргүйдэл ямар нэг холбоо хамаарал байхгүй байгааг тогтоосон байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) вакцины аюулгүй байдлыг хянаснаа олон нийтэд мэдээлсэн байдаг. Үүнд ДЭМБ-ын Вакцины аюулгүй байдлын олон улсын зөвлөх хорооны 2019 оны 12 дугаар сарын дүгнэлтэд дурдсанаар “Өндгөвч эрт цуцах хам шинжийн [үргүйдэл] талаарх Австрали, Европ, АНУ зэрэг нээлттэй дата тайлангуудын тандалт судалгаа нээлттэй байна. Бүгд баталгаатай буюу Хорооноос дүгнэснээр ХПВ-ийн эсрэг вакцин болон өндгөвч эрт цуцах хам шинжийн хооронд шууд хамаарал тогтоосон баримт байхгүй ба 4 цэнт болон 9 цэнт вакцинуудын аюулгүй байдлын профайл зөвшөөрөл авахаас өмнөх болон зах зээлд нэвтрүүлсний дараах дататай нийцэж буй юм.” хэмээн дүгнэсэн байна.
Цаашлаад АНУ-ын Үндэсний хавдрын институтийн 2021 онд мэдээлснээр “ХПВ-ийн эсрэг вакцины 12 жилийн турш дахь аюулгүй байдлын үнэлгээгээр ноцтой гаж нөлөө илрээгүй. Хамгийн нийтлэг асуудал нь тодорхой хугацаанд хөндүүрлэх зэрэг бусад хэсэгчилсэн шинж тэмдэг тариулсан газар үүсдэг. Эдгээр асуудал нь бусад вакцинуудын нийтлэг шинж тэмдгүүдтэй адил.” хэмээн мэдэгдсэн байна.
Дүгнээд хэлбэл эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд болон олон жилийн судалгааны үр дүнгүүд ХПВ-ийн эсрэг вакцин нь аюулгүй болохыг илтгэсэн бөгөөд Монгол улсад 2012 онд хэрэгжсэн вакцинжуулалтын хөтөлбөрийн үр дүнгийн судалгаа олон нийтэд нээлттэй байгааг харж болно.
Бид хүний папиллома вирус буюу хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины талаарх олон хуурамч мэдээлэл баримт шалгалт хийсэн ба дараах линкээр нэвтрэн манай баримт шалгалтуудтай үргэлжлүүлэн танилцаарай.