2024 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр Гэрэлт-Одон нэртэй хаянаас “103 дуудахад төлбөр төлнө. Аймар сонсогдож байгаа биз!” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 49 реакц, 24 сэтгэгдэл авч, 19 удаа цааш түгээгдсэн ба яг ижилхэн текстийг 19 хаягаар 11/20-25-ны хооронд түгээжээ.
Бид дараах байдлаар баримт шалгалаа:
Энэ талаарх мэдээллийг тодруулахын тулд эрүүл мэндийн түргэн тусламжийн утас 103 дугаарт дуудлага хийлээ. Уг дуудлагын зөвлөгөө авах “2” товчлуурын дагуу залгаж тухайн мэдээллийн талаар лавлахад, үнэ төлбөргүй үйлчилж байгааг мэдэгдлээ.
Мөн ЭМЯ-аас шалгаж буй мэдээллийн агуулгыг тодруулахад “Нийслэлийн түргэн тусламжийн төв /103/ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа” гэсэн юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 103 дугаараар яаралтай дуудлага хүлээн авч, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хэрэглэсэн эм, тариа, дуудлагын хөлс, эмнэлэгт хүргэх үйлчилгээ гэх мэт бүхий л үйлчилгээ нь үнэ төлбөргүй.
Харин хуурамч дуудлага өгсөн бол хохирлыг төлүүлж, нэмж торгодог.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх:
1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.