2024 оны 11 дүгээр сарын 20-нд Алдаржавын Аюуш нэртэй хэрэглэгч “Энэтхэгээс авчирсан нь ийм шар өнгөтэй. Монголд байгаа нь туулайн баас шиг бор өнгөтэй. Мэдээж үйлчилгээ, үр дүн эрс ялгаатай. Монголд хүн бүр асуудлыг мэдсэн ч нүдээ аниастай, амаа түгжээтэй амьдардаг…” гэсэн тайлбартай, хоёр эмийн зурагтай пост оруулсан нь 738 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Монгол Улсын Эмийн бүртгэлд БНЭУ-аас Цахиур төмөр ХХК импортолж оруулж ирдэг, жоргүй олгодог уламжлалт эм гэж бүртгэгдсэн байна.
Цахиур төмөр ХХК нь 2001 оноос Himalaya Drug компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна гэжээ.
Мөн 2002 оноос Аюурвед хэмээх ургамлын гаралтай эрүүл мэндийн эмийг Монголын зах зээлд бүртгүүлсэн анхны компани болсон байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас /ЭЭХХЗГ/ дараах тодруулгыг авлаа.
“Эм шинжлэх лабораторийн 2020, 2021, 2022 оны шинжилгээгээр “Цистон” уламжлалт эм стандарт бус гараагүй. “Цистон” уламжлалт эмийн үйлдвэрлэгчээс ирүүлсэн дагалдах шинжилгээний гэрчилгээнд гадна байдал нь “бор өнгөтэй дугариг хэлбэртэй шахмал” гэж заасан. Шар өнгөтэй дугариг шахмалтай “Цистон”-ы анхдагч савлалт нь бүртгэлийн загвараас зөрүүтэй байна. Бор өнгөтэй, “Цистон” гэж крилл үсэг, монгол заавартай бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлтэй.
Шар өнгөтэй “Cystone” гэж латин үсэг, англи заавартай бүтээгдэхүүн манай улсад бүртгэлгүй байна. Иймд бүртгэлгүй, шар өнгөтэй “Cystone” нэртэй бүтээгдэхүүнийг Эм шинжлэх лабораторит шинжлүүлэх нь зүйтэй” гэжээ.
Цистон эмийн гол найрлага болсон ургамлын үндэс нь бор өнгөтэй
Циспоны найрлагад 98 гр ордог Saxifraga ligulata гэх бор өнгөтэй ургамлын үндэс нь уламжлалт эмчилгээнд шээс хөөх эм, давсагны агшилтыг тайвшруулах үйлчилгээтэй, бөөрний чулуу уусгадаг гэж үздэг байна.
Саксифрага /Saxifraga/ нь Афганистан, Гималайн нуруу, Төвөдийн өмнөд хэсэг, Лушай толгод зэрэг чийглэг, сүүдэртэй газар сайн ургадаг олон наст авирдаг ургамал юм. Саксифрага гэсэн латин үг нь “чулуу бутлагч” гэсэн утгатай буюу saxum (“чулуу”) + frangere (“хагарах”) гэсэн утгатай аж. Энэ нь бөөрний чулууг эмчлэхэд ашигладаг ургамал гэж үздэг.