“Хүйтэн өрөөнд байх тусам бор өөх нэмэгдсээр илүүдэл жинтэй болдог” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1223

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүйтэн өрөөнд унтахад хүний бие бор өөх (brown fat) ялгаруулдаг. Энэ нь өөрийгөө дулаацуулах рефлекс. Бор өөхний хэмжээ их болчихсон үед сэрүүн өрөөг өөрийн эрхгүй хайдаг байна. Сэрүүн байх тусам бор өөх нь бага багаар нэмэгдсээр илүүдэл жинтэй болдог” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бор өөх ихсэх нь жин нэмэгдэхтэй холбоогүй. Харин ч эсрэгээрээ илчлэг шатаахад тусалж, биеийн жинг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг

2024 оны арван нэгдүгээр сарын 24-ий өдөр Thread платформд boloroobonita нэртэй хэрэглэгч “Хүйтэн өрөөнд унтахад хүний бие бор өөх (brown fat) ялгаруулдаг. Энэ нь өөрийгөө дулаацуулах рефлекс. Бор өөхний хэмжээ их болчихсон үед сэрүүн өрөөг өөрийн эрхгүй хайдаг байна. Сэрүүн байх тусам бор өөх нь бага багаар нэмэгдсээр илүүдэл жинтэй болдог. Жин ихтэй хүмүүс иймэрхүү зүйл анзаарагдаж байна уу?” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.  

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж хүргэдэг Кливленд клиник сайтад “бор өөхний” талаар нийтэлжээ. Үүнд, бор өөх нь дулаан үүсгэж, биеийг дулаацуулахад зориулагдсан өөхөн эд бөгөөд энерги хуримтлуулж, биеийн илчлэгийг шатаахад тусалдаг. Хүйтэн орчинд (ойролцоогоор 18°C орчим) удаан хугацаанд байх нь бор өөхийг идэвхжүүлдэг бөгөөд цусан дахь сахар (глюкоз) болон өөхний молекулуудыг задалж, биеийн температурыг хадгалахад тусалдаг байна. 

Хүний биед агуулагдах өөхний хэмжээ харилцан адилгүй байдаг. Шинээр төрсөн хүүхдийн нийт жингийн 2-5% -ийг бор өөх эзэлдэг бөгөөд нас ахих тусам багасдаг байна. Бор өөх нь ихэвчлэн хүзүү, мөр, бөөр, нуруу, гэдэс дагуу бага хэмжээгээр байрладаг. Түүнээс гадна бор өөхний эсүүд нь төмрөөр баялаг митохондриар дүүрэн байдаг тул “бор” өнгийг үүсгэдэг байна.

Бор өөх ихсэх нь жин нэмэгдэхтэй холбоогүй. Харин ч эсрэгээрээ илчлэг шатаахад тусалж, биеийн жинг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг байна. 2014 онд “Олон улсын дотоод шүүрлийн нийгэмлэг“-ээс танилцуулсан судалгаанд хүйтэн орчинд удаан хугацаагаар байснаар бор өөхний идэвхжил нэмэгдэж, инсулины мэдрэг чанар сайжирч, энерги шатаалт нэмэгддэгийг харуулжээ. Судалгаанд оролцогчид хүйтэн өрөөнд унтсанаар бор өөх идэвхжиж, бодисын солилцооны үйл явц эрчимжиж байсныг мөн дурдсан байна. Түүнчлэн АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн “Хүйтэн температур нь хүний ​​өөх тос, бодисын солилцоог өөрчилдөг” талаарх судалгаагаар хүйтэн орчинд байх нь бор өөхний идэвхийг нэмэгдүүлж, өөх тос задрах процессыг эрчимжүүлдэг болохыг тогтоосон байна. Энэ нь чихрийн шижин болон таргалалтын эсрэг нөлөө үзүүлж болох тухай ч онцолжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document