ХПВ-ийн вакцинжуулалт үргүйдэлд хүргэдэг гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1222

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины нөлөөгөөр залуу америк эмэгтэйчүүдийн төрөлт 50% -иар буурч, зулбалт 27% -ийг давж өссөн байна. Мөн 9-12 насны охидын өндгөвчийг гэмтээж, насанд хүрэгсдэд цэвэршилтийг эрт ирүүлж, үргүйдэлд хүргэдэг” гэсэн мэдээллийг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

“HPV Vaccine on Trial: Seeking Justice for a Generation Betrayed” номыг мэргэжилтнүүд шинжлэх ухааны үндэслэлгүй, баталгаагүй жишээнүүдийг эш татаж бодит үр дүнгийн судалгааг үл ойшоосон гэж шүүмжилдэг байна. Мөн хүний хөхөнцөр вирусийн вакцин нь үргүйдэлд хүргэж, нөхөн үржихүй, жирэмслэлтэд нөлөөлдөггүйг олон улсын судалгааны байгууллагуудаас тогтоож, аюулгүй байдлыг баталгаажуулсан. Үүнээс гадна АНУ-ын төрөлтийн түвшин буурсан үзэгдэл эдийн засаг, нийгмээс шалтгаалсан бөгөөд вакцинтай шууд хамааралгүй.

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Handaa Byamba нэртэй хаягаас “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины нөлөөгөөр залуу америк эмэгтэйчүүдийн төрөлт 50%-иар буурч, зулбалт 27%-ийг давж өссөн байна. Мөн 9-12 насны охидын өндгөвчийг гэмтээж, насанд хүрэгсдэд цэвэршилтийг эрт ирүүлж, үргүйдэлд хүргэдэг зэрэг сөрөг нөлөө илэрсэн тухай дээрх номд буй судалгаанд тодорхой тоо баримттайгаар дурджээ. Тус судалгааны дэлгэрэнгүйг Амазоны бестселлер ном болох “HPV-ийн эсрэг вакцины туршилт: Урвасан үеийн шударга ёс” номоос олж болно” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.  Уг пост 13 реакц, 4 сэтгэгдэл авч, 14 удаа цааш түгээгджээ. 

“HPV Vaccine on Trial: Seeking Justice for a Generation Betrayed” номыг Мэри Холланд, Ким Мак Розенберг, Эйлин Иорио нар бичсэн бөгөөд ХПВ-ийн вакцины аюулгүй байдал, үр нөлөөг эргэлзээтэй гэж үзсэн тухай өгүүлжээ. Мэри Холланд нь хуульч, хүүхдийн эрүүл мэндийн хамгаалагчдын байгууллагын ерөнхий зөвлөх. Ким Мак Розенберг ч мөн адил хуульч бол Эйлин Иорио санхүү болон эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан аж.

Түүнчлэн уг номын оршил хэсгийг бичсэн Др. Люк Монтанье нь Францын вирус судлаач бөгөөд хүний дархлал хомсдолын вирус (HIV)-ыг хамтран нээсэн гавьяагаараа 2008 онд Анагаахын салбар дахь Нобелийн шагнал хүртсэн юм. Тэрээр 1980-аад онд Пастерын хүрээлэнд ажиллаж байхдаа ДОХ-ын цар тахлын үед энэхүү вирусийг илрүүлж, оношилгооны тестүүдийг боловсруулсан нь ДОХ-ын судалгаа, эмчилгээнд хувьсал авчирсан билээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Монтанье маргаантай үзэл баримтлал гаргаж, олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгээс шүүмжлэл хүлээх болсон. Тэрээр вакцины аюулгүй байдалд эргэлзэж, ДНХ цахилгаан соронзон дохио ялгаруулдаг гэх мэт шинжлэх ухааны үндэслэлгүй онолуудыг дэвшүүлж байсан нь эрдэмтдийн дунд маргаан дагуулсан талаар Нью Йорк Таймс мэдээлжээ.

ХПВ-ийн вакцин үр тогтооход саад учруулж, үргүйдэлд хүргэдэг гэх шууд хамаарал байхгүй

ХПВ-ийн вакцин нь үр тогтоох чадварт сөрөг нөлөө үзүүлж, үргүйдэлд хүргэдэггүй гэдгийг олон улсын байгууллагуудаас баталсан байна.

  • Уг вакцины аюулгүй байдлыг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаар баталгаажуулсан байна. Торуулбал, уг вакцины аюулгүй байдлыг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв , ДЭМБ зэрэг байгууллагын судалгаагаар баталжээ. 

АНУ-д төрөлт буурсан нь хүн ам зүй, амьдралын чанараас шалтгаалан оройтож гэрлэх зэрэг нийгмийн шалтгаантай гэжээ

Харин АНУ-ын төрөлтийн тухай CNN агентлагийн мэдээлснээр 2023 оны байдлаар төрөлтийн түвшин 3%-иар буурсан гэжээ. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэргэдэх Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвийн тайланд дурдсанаар төрөлтийн түвшин хамгийн дээд цэгтээ хүрсэн 2007 оноос хойш төрөлтийн тоо 17%-иар буурч, төрөлтийн ерөнхий түвшин 21%-иар буурсан байна. Үүний шалтгааныг Охайо мужийн их сургуулийн, Хүн амын судалгааны хүрээлэнгийн захирал Сара Хэйфорд, “АНУ-д төрөлтийн түвшин бурч байгаа нь нийгэм, эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйлсээс нөлөөлтэй” гэсэн байна. Жишээлбэл, хүн ам зүй өөрчлөгдөж, хүмүүс хожуу гэрлэж, сургуульд илүү олон жилийг өнгөрөөн, тогтвортой ажилтай болохын тулд илүү их цаг зарцуулдаг болсныг дурджээ. Энэ нь төрөлтийн түвшин буурахад вакцин шууд хамааралгүй болохыг илтгэж байна гэжээ.

Түүнчлэн АНУ-ын Үндэсний анагаах ухааны номын сангаас 2020 онд гаргасан “АНУ-ын 18-33 насны эмэгтэйчүүдийн ХПВ-ийн вакцинжуулалт ба үргүйдлийн хооронд холбоо байхгүй” вакцинаас үүдсэн үргүйдэл хоорондын хамааралд хангалттай нотолгоо байхгүй гэжээ.

Мөн тухайн вакцин нь өндгөвчид хохирол учруулдаг, эрт цэвэршилт үүсгэдэг гэх нотолгоо байхгүй бөгөөд АНУ-ын Үндэсний Хавдрын Институт, АНУ-ын Хүнс, эмийн агентлаг болон бусад зохицуулах байгууллагууд хүний хөхөнцөр вирусийн аюулгүй байдлыг нарийвчлан шалгаж, үргүйдэл, жирэмслэлт, нөхөн үржихүйн асуудалд ямар нэг сөрөг нөлөөлөл учруулдаггүйг тогтоосон байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document