“Бангкокт болсон хурлаар вакцин шийдэл биш гэж үзсэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1220

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

НҮБ-ын хэд хэдэн байгууллага ДЭМБ хамтран “Даяарчилсан халдвар хамгааллын дэлхийн сүлжээ” байгуулан “вакцин бол тэмцлийн арга биш”, “хоцрогдсон” гэж дүгнэсэн гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ДЭМБ болон тус байгууллагын хамтрагчид 2023 оны 5 дугаар сард Олон улсын патоген тандах сүлжээг байгуулсан ба энэ 11 дүгээр сард Бангкок хотод болсон хурлаар вакциныг хоцрогдсон, эсвэл тэмцлийн арга биш гэж мэдэгдээгүй. Харин патогеныг судлах төслүүдэд тэтгэлэг олгосон.

2024 оны 11 дүгээр сарын 28-нд И.Цэрэнхүү гэх Фэйсбүүк хэрэглэгч Тайландын Бангкок хотод болсон чуулганаар “НҮБ-ын хэд хэдэн байгууллага ДЭМБ хамтран Даяарчилсан халдвар хамгааллын дэлхийн сүлжээ байгуулснаа зарлалаа…” хэмээгээд тус хуралдаанаар “Өнөөдрийг хүртэл халдвар авсан хойно нь вакцинаар дарна гэдэг концепци буруу байсныг, вакцин бол тэмцлийн арга биш харин ч бүр вирус бактерийн өөрийх нь чадал хурд чанар сайжраад мутацлагдаад байхад энэ арга хоцрогджээ гэдгийг хүлээн зөвшөөрцгөөлөө.” гэх мэдээллийг түгээжээ. 

  • Бид дээрх мэдээллийн талаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) албан мэдээллийг тогтоосон ба Тайландад болсон хурлаар “вакцин бол тэмцлийн арга биш”, “хоцрогдсон” гэх дүгнэлтэд хүрсэн тухай мэдээлэл байхгүй байна. 

Бид И.Цэрэнхүү нэртэй хэрэглэгчийн постын дагуу Бангкок хотод болсон хурлын талаар мэдээлэл хайхад ДЭМБ-ын вэбсайтад 11 дүгээр сарын 26-нд “Олон улсын патоген тандах сүлжээ өвчний аюулыг илүү сайн судлах грантын эхний эзэдийг зарлалаа” (International Pathogen Surveillance Network announces first recipients of grants to better understand disease threats) гэх гарчигтай мэдээ нийтэлсэн илэрц гарч ирлээ.  

Тус мэдээлэлд тайлбарласнаар Тайландын Бангкок хотод 11 дүгээр сарын 21-22-ны хооронд IPSN (ОУПТС) буюу Олон улсын патоген тандах сүлжээний глобал хамтрагчдын форум болсон ба энэ хурлаар дунд болон дундаас доош орлоготой орнуудын патоген генийг судлах чадварыг нэмэгдүүлэх 10 төсөлд 2 сая гаруй ам.долларын тэтгэлэг олгох болсныг зарласан байна. 

Олон улсын патоген тандах сүлжээ нь 2023 оны 05 сард дэлхий дахинд вирус, бактер, паразит гэх мэт өвчний эх үүсвэр болсон патогенуудын генийг судлах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлого боловсруулагчид, олон улсын байгууллага, судалгааны байгууллагууд зэрэг олон талт оролцоог хангасан хамтын ажиллагааг бий болгосон талаар вэбсайтдаа мэдээлжээ. 

ДЭМБ-ын Цар тахал, халдварт өвчний мэдээллийн хабын Хамтарсан мэдээллийн албаны захирал Сара Херсейгийн мэдэгдснээр “ОУПТС-ний тэтгэлгийн эзэд дунд болон дундаас доош орлоготой улс орнуудад патоген геномыг судлах чадамжийг өргөжүүлэхэд энэ удаагийн тэтгэлэг тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гээд, “Бид цар тахал, халдварт өвчнөөс дэлхий даяар сэргийлэх энэ ажлыг үргэлжлүүлэн дэмжих хүсэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна. 

Тэтгэлэг хүртэгчдийн нэг Бейрут дахь Америк их сургууль “бохирын усыг шинжлэх замаар халдварт өвчин дүрвэгсдийн дунд хэрхэн тархаж байгааг судлахаар” төлөвлөсөн бол Лаос дахь Пастер институт төслийн санхүүжилтээр “шувуу худалдааны захад шувууны томуу өвчнийг тандах шинэ хэрэгслийг хөгжүүлэх”-ээр болсноо зарласан байна. 

Харин тус мэдээлэлд вакцины талаар, бүр цаашлаад вакцин “хоцрогдсон” эсвэл “тэмцлийн арга биш” болохыг дүгнэсэн мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн энэ хуралдааны талаар мэдээлсэн genomeweb, The Hindu Business Line зэрэг хэвлэлээр вакцины талаар ярилцсан гэж огт дурдаагүй байна. 

Бидний шалгасан мэдээлэл дэх “Даяарчилсан халдвар хамгааллын дэлхийн сүлжээ” гэх нэр нь Олон улсын патоген тандах сүлжээг оновчтой орчуулаагүй, төөрөгдүүлсэн ойлголт үүсгэхээр байгаа ба тус байгууллагын 11 дүгээр сард болсон хурлаар вакцины талаар ярилцаагүй харин өвчин үүсгэгч патогенуудын генийг илүү сайн судлах төслүүдийг дэмжихээ зарлажээ. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document