2024 оны 11 дүгээр сарын 17-нд Handaa Byamba гэх хаягтай Фэйсбүүк хэрэглэгч лайв хийж вакцинжуулалтыг “хүн амыг цөөлөх” зорилготой бүтээгдсэн болон Япон улсад дөнгөж төрсөн хүүхдэд заавал вакцин хийдэггүй гэх мэдээллийг түгээжээ.
Бичлэгт хоёр эмэгтэй вакцинжуулалтыг хүмүүст эрүүл мэндийн хохирол учруулж байна гэж эсэргүүцэж байгаагаа ярьсан. Үргэлжлүүлэн лайв бичлэгтээ өөрийгөө Оюунбилэг гэж танилцуулсан Японд амьдардаг гэх эмэгтэйг оролцуулсан ба хамтдаа Японд вакцинжуулалтыг заавал хийдэггүй, мөн вакцинжуулалтаас үүдэн хохирсон бол нөхөн олговор авдаг тухай ярьжээ. Түүнчлэн Билл Гэйтс “7 тэрбум хүнийг цөөлөхөд вакцин байхад хангалттай” гэж хэлсэн гэх мэтээр уг бичлэгт ярьсан байна.
- Дээр тайлбарласан бичлэг дэх мэдээлэл нь вакцинжуулалтын талаарх хуурамч, гуйвуулсан мэдээлэл бөгөөд Японы вакцинжуулалтын бодлого, онцлогийг бүрэн тайлбарлаагүйг дараах баримт шалгалтаас уншаарай.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Билл Гэйтс “7 тэрбум хүнийг цөөлөхөд вакцин байхад хангалттай” гэж хэлээгүй
Билл Гэйтс “7 тэрбум хүнийг цөөлөхөд вакцин хангалттай” гэж хэлсэн баримт байхгүй. Харин түүнийг дэлхийн хүн амыг цөөлөхөөр вакцин ашиглах гэж буй тухай хуурамч мэдээлэл өмнө олон удаа түгж байжээ.
Энэ мэдээлэл нь түүний 2010 онд TED Talk-д оролцох үеэрээ танилцуулсан илтгэлтэй холбоотой. Билл Гэйтс нь ядуурал, өлсгөлөнгийн эсрэг тэмцдэгээрээ алдартай. Түүний хэлснээр тогтвортой бус замаар хүн ам замбараагүй үржих нь ядуурал, өлсгөлөн зэргийг үүсгээд зогсохгүй, цаашлаад нүүрстөрөгчийн ялгарлыг нэмэгдүүлэх аж. Илтгэлдээ “Дэлхийн хүн амыг авч үзье. Одоо байгаа 6.8 тэрбум хүн тун удахгүй 9 тэрбумд хүрэхээр байна. Одоо байгаагаас 1.3 тэрбумаар нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ бид шинэ төрлийн вакцин, эрүүл мэнд, нөхөн үржихүйн чанартай үйлчилгээг бий болговол энэ тооцооллыг 10-15 хувь бууруулж болно” гэж дурдсан байна. Энэ нь вакцин хийлгэснээр дэлхийн хүн амыг цөөлнө гэсэн үг биш, эсрэгээрээ чанартай эрүүл мэндийн үйлчилгээ байвал хүмүүс урт насална, урт насалбал дагаад төрөлт буурдаг, энэ нь алсдаа одоогийнх шиг замбараагүй биш тогтвортой өсөлтийг бий болгох тухай агуулга юм. Билл Гэйтсийн энэ үзэл баримтлалын талаар Reuters, Forbes агентлагт ч онцолж байжээ.
Түүний энэ үг нь вакцин эсэргүүцэгчдэд гуйвуулах боломжтой өгөөш болсон байна. Уг нь Билл Гэйтс хүн амын тоог цөөлөх биш харин олон нийтэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулан, хүн амын өсөлтийг тогтвортой түвшинд хүргэх талаар хөндсөн юм. Энэ талаарх хуурамч мэдээллийг Reuters, USA TODAY гэх мэт дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллага шалган мэдээлж байсан.
Цаашлаад 2014 онд Билл Гэйтс сан олон нийтэд хандсан жил болгоны захидалдаа эрүүл мэндийн үйлчилгээ тааруу газруудад хүүхдийн эндэгдэл өндөр байдаг нь эмэгтэйчүүд өсвөр насандаа жирэмслэдэгтэй холбоотой, цаашлаад олон хүүхэд төрүүлдэг гэх судалгааг онцолсон. Эрүүл мэндийн үйлчилгээ сайжирсан газруудад хүүхдийн эндэгдэл буурахтай зэрэгцээд төрөлтийн түвшин буурч байгааг Бразил зэрэг Өмнөд Америкийн улсуудын жишээг татан дурдсан байна.
Мөн 2018 онд Билл Гэйтс сангийн захидал дахь бичлэгтээ “эрүүл мэндийн үйлчилгээ сайжирснаар хүмүүс цөөн хүүхэдтэй болохыг илүүд үздэг тухай” дурдан, энэ үзэгдэл олон улсад ажиглагдаж байгаа талаар өгүүлсэн байна.
Монголд хүүхэд төрснөөс 24 цагийн дотор 2 вакцин тарьдаг
Бидний шалгасан бичлэгт Японд дөнгөж төрсөн хүүхдэд заавал вакцин тариулах шаардлагагүй тухай ярилцсан ба Оюунбилэг гэх эмэгтэй Японд хүүхдээ төрүүлэх гэж ирсэн гэжээ. Гэхдээ сонирхолтой нь, тэрээр бичлэгийн турш вакцины тухай “анхааруулж” байсан ч өөрөө хүүхдэдээ вакцин тариулснаа хэлсэн юм.
Харин Монгол Улсад дөнгөж төрсөн хүүхдэд 3 вакцин тарьдаггүй. Одоогоор мөрдөгдөж буй дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн эсрэг вакцин (БЦЖ), гепатитын В вирусийн эсрэг вакцин гэсэн 2 вакциныг хүүхэд төрсний дараа 24 цагийн дотор хийхийг “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-д тусгасан байдаг.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Сүрьеэ, гепатит В вирусийн халдварт өвчлөл нь вакцинаар сэргийлэгддэг халдварууд учраас үндэсний хэмжээнд вакцинжуулах шаардлагатай. Сүрьеэ нь халдварт өвчин дотроос нийгмийн шалтгаант халдварт өвчинд ордог. Сүрьеэгийн вакцин нь өвчний хүндрэлээс сэргийлдэг” хэмээн бидэнд мэдээлсэн юм.
Монгол Улс сүрьеэ болон гепатит В вирусийн халдварт өвчлөл өндөр улсуудын нэг юм. 2021 онд ДЭМБ-аас гаргасан судалгаанд Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарласан. ХӨСҮТ-өөс 2023 онд гаргасан “Сүрьеэгийн тандалтын тайлан мэдээний эмхэтгэл (2017-2022)”-д дурдсанаар 100,000 хүнд ногдох сүрьеэгийн өвчлөлийн тоо 428 байгаа нь Номхон далайн баруун бүсийн орнуудын дунджаас 3.2-4.4 дахин өндөр байгааг дурдсан байна. Мөн ЭМЯ-наас 2022 онд танилцуулсан мэдээлэлд “Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс 3 дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан” хэмээн мэдэгдсэн.
ЭМЯ-наас 2018 онд гепатит В вирусийн халдварт өвчлөлийн талаар “2017 онд хийсэн судалгаагаар гепатитын В вирусийн халдвар нийт хүн амын дунд 10.6-11.1 хувийн тархалттай, элэгний эст өмөнгийн шалтгааны 35% нь В вирусийн, 14% нь В, С вирусийн хавсарсан халдвартай…” гэж мэдээлж байсан байна. 2022 онд нийтлэгдсэн Vaccines сэтгүүлд хэвлэгдсэн Монгол дахь гепатит вирусийн халдварын талаарх судалгаанд “нийт хүн ам дахь халдварын түвшин өндөр ба олонх хүн халдвартай, эсвэл өвчин нь хүндэрсэн гэдгээ мэдэхгүй” байдгийг онцолсон байна.
Японд дархлаажуулалтад заавал хамрагдахгүй байж болох ч нийт хүн амын хамрагдалт өндөр байдаг
Бичлэгт “Японд хүүхэд заавал вакцинд хамрагдах шаардлагагүй байдаг” гэх агуулгыг дурдсан боловч Японы вакцинжуулалтын бодлогын талаар хэд хэдэн чухал мэдээллийг огт өгөлгүй орхигдуулжээ.
Японд 1994 онд Дархлаажуулалтын тухай хуулийг шинэчлэн батлахдаа “заавал вакцинжуулалт”-ад хамрагдах шаардлагыг сайн дурын болгож өөрчилсөн. Гэхдээ Японы засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагууд идэвхтэй вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн хуулийн шаардлага гэхээсээ илүүтэй иргэний үүрэг гэж үздэг байна. ДЭМБ-ын мэдээлснээр 2022 оны байдлаар Японы нэг настай хүүхдүүдийн дундах гепатит В вирусийн эсрэг вакцинжуулалтын түвшин 96%, улаан бурхан (measles) өвчний эсрэг вакцины эхний тунгийн хамрагдалт 98%-тай байна.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээллээс вакцинжуулалтын түвшин өндөр байгааг харж болох ба сахуу (diphtheria), татран (tetanus) өвчний эсрэг вакцинжуулалт 100 хүртэл хувьтай байдгийг харж болно.
- Бичлэгт Японд “вакцины улмаас амь насаа алдсан хүмүүст 1 тэрбум төгрөг ар гэрт нь өгдөг” болон “эрүүл мэндээрээ хохирвол 160-180 сая орчим тэтгэмж төгрөг олгодог” тухай дурдсан.
Японы “Вакцинжуулалтын эрүүл мэндийн хохирлыг арилгах систем” гэж бий. Тус баримт бичигт “Вакцинжуулалтын гаж нөлөөний улмаас эрүүл мэндэд хохирол учруулах нь маш ховор боловч тохиолддог тул үнэхээр вакцинаас болсон гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоосны дараа эрүүл мэндийн нөхөн олговор авах нь зүй ёсны юм” гэжээ.
- Японы ЭМЯ вакцинаас шалтгаалан нас барсан хүнд 1 тэрбум гаруй төгрөг буюу 46.7 сая иен олгохыг 2024 оны 04 дүгээр сард шинэчилсэн журамдаа заажээ. Мөн вакцинаас шалтгаалан эрүүл мэндийн хохирол учирсан болон хөдөлмөрлөх чадвараа алдсан тохиолдолд нас, гэмтэл зэргээс хамаарч 36,900 иенээс (837 мянга орчим төгрөг) 5,340,000 иен (121 сая орчим төгрөг) хүртэл тэтгэмж олгодог байна.
Гэхдээ Японы Asahi мэдээллийн вэбсайтын мэдээлснээр тэтгэмжийг авахад вакцин болон гэмтэл, үхлийн шууд хамаарал байх ёстой ба үүнийг эрүүл мэндийн нарийн шинжилгээгээр дүгнэдэг байна. 2023 оны байдлаар зөвхөн ковид-19 вирусийн эсрэг вакцинтай холбоотой ийм төрлийн 2076 кэйс бүртгэгдсэнээс 99.4 хувь нь хангалттай мэдээлэл байхгүй улмаас дүн шинжилгээнд тэнцээгүй байна.
Бид хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбоотой хэд хэдэн хуурамч мэдээллийг шалгасан (энд бас энд) ба өмнө нь вакцинжуулалтыг эсэргүүцэж хуурамч мэдээлэл түгээж хүмүүс мөн энэ удаагийн мэдээллийг түгээжээ.
Дархлаажуулалт болон вакцины тухай мэдээллийг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд, эмч, эмнэлгийн алба хаагчид зэрэг найдвартай эх сурвалжаас хүлээн авахыг зөвлөж байна.