2024 оны 11-р сарын 27-нд Handaa Byamba (Архивлагдсан хувилбар) нэртэй хаягаас “Амны хаалт зүүж аутизм, хавдраас сэргийлнэ гэнэ үү, нөгөө ковидын эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр чинь ХӨСҮТ-ын дэд захирал – бүх төслийн удирдагч хийдэг албанд очоод дэвшчихжээ!!! Вакцинд чип ордог талаар ярьсныг нь сэтгэгдэл хэсэгт орууллаа” гэх мэдээлэл түгээсэн нь нийт 2 сэтгэгдэл авч 10 удаа цааш түгээгджээ. Тус мэдээллийн сэтгэгдэл хэсэгт ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр вакцинтай холбоотой тархсан хуурамч мэдээллийн тухай ярилцлага өгч буй бичлэгийг оруулжээ. Сэтгэгдэл хэсэгт оруулсан ярилцлагад “Хүмүүсийн цусанд вакцинаар дамжуулж чип суулгаж байна гэсэн хуурамч мэдээ байсан. Оны төгсгөлд тэр мэдээ маань нэг талаараа үнэн болж байх шиг байна. Шведэд вакцины паспортыг хүмүүст чип суулгаж өгсөн. Заавал E-mongolia-аас вакцины сертификат үзүүлэх шаардлагагүй чипээрээ үйлчилгээ авах гэж байгаа” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Вакцинд чип байхгүй. Шведэд хүмүүс вакцины гэрчилгээг харуулах чипийг гартаа суулгуулсан байна.
Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар хайхад Швед хүмүүс гартаа чип суулгасан тухай мэдээллүүд гарч ирлээ. Тодруулбал 2021 оны 12 дугаар сард Швед улсад 100-аас дээш хүн цугласан үйл ажиллагааны үеэр вакцин хийлгэсэн гэрчилгээг харуулах шаардлага тавьсан байна. Үүнтэй холбогдуулан хүмүүс гартаа микрочип суулгах нь ихэссэн бөгөөд энэ нь вакцин хийлгэсэн мэдээллийг харуулах зорилготой аж. 2021 онд гарсан мэдээллээр Шведэд 6,000 орчим хүн гартаа чип суулгасан байгаа тухай мэдээлсэн. Микрочип суулгасан хүмүүс вакцины гэрчилгээ, иргэний үнэмлэх, түлхүүр, гал тэрэгний тасалбар зэргээ ч авч явахаа больсон аж.
Мөн France 24 мэдээллийн сувгийн youtube сувагт орсон бичлэгт гарт суулгаж буй микрочип хүний нүдэнд харагдахуйц байгааг харж болох юм.
Дээрх бичлэгт Epicenter дижитал төвийн эрсдэлийн ахлах мэргэжилтэн өөрийн гартаа чип суулгасан бөгөөд вакциныхаа мэдээллийг оруулсан гэжээ. Тухайн микрочип нь батарейгүй, чип дангаараа ямар нэг дохио дамжуулж чадахгүй, идэвхгүй, байршил заахгүй, зөвхөн гар утсаар уншуулахад ажиллах ба хүмүүс сайн дурын үндсэн дээр чипийн гартаа суулгаж байгаа тухай ярьжээ.
Иймд “хүмүүс вакцины мэдээллээ оруулсан чип гартаа суулгасан” тухай мэдээллийг буруугаар тайлбарлаж ковидын вакцин чиптэй мэтээр ойлгуулжээ.
Олон улсын мэдээллийн агентлагууд болон баримт шалгах төвүүд вакцин чиптэй гэх мэдээллийг баримтаар шалгаж үгүйсгэсэн. Тухайлбал, BBC агентлагаас гаргасан “Ковид-19 вакцины ухай таван худал онолыг үгүйсгэв” гэх мэдээлэлд Ковидын вакцин хүмүүст микрочип суулгадаг гэх хуйвалдааны онолыг худал болохыг тайлбарлажээ.
Австралийн эрүүл мэндийн яам, АНУ-ын Өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Reuters, AP агентлаг, FactCheck.org баримт шалгах төв зэрэг байгууллагаас ковидын вакцин чиптэй гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.