“Сонгогчдын боловсрол төв”-ийн фэйсбүүк хуудсаас 2023.12.01-нд “Монгол кино дахь жендэрийн хэвшмэл ойлголтын жишээнүүд” гэх видеог “Сонсъё, мэдье, амлая” хэлэлцүүлгийн хүрээнд хуучны зарим монгол кинонуудаас жендэрийн хэвшмэл ойлголтуудтай холбоотой хэсгийг түүвэрлэн бэлтгэснээ та бүхэнд хүргэж байна. Хуучны киноны эдгээр хэсгээс эрэгтэй, эмэгтэй хүйсийн талаар нийгэм соёлын хувьд уламжлагдан тогтсон хэвшмэл ойлголтуудтай танилцаж, эдгээр ойлголтууд өнөө үед өөрчлөгдсөн эсэх талаар санал бодлоо хуваалцаарай” гэх тайлбартайгаар оруулжээ.
Тухайн бичлэгт “Мөнгөн буйл”, “Энэ хүүхнүүд үү”, “Мандухай сэцэн хатан”, “Элбэг дээл” зэрэг монгол кинонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, нийтлэг дүрийн талаар нийгэмд уламжлагдан тогтсон хэвшмэл ойлголтуудыг хэрхэн тусгасныг онцлон харуулжээ.
Тухайлбал, “Мөнгөн буйл” кинонд нэгдлийн хурлаар саалийн хэсгийн ажилд эрчүүдийг нэмнэ гэхэд сааль авах нь зөвхөн эмэгтэй хүний ажил хэмээн эрчүүд эсэргүүцэж буй хэсгийг үзүүлжээ. Харин “Энэ хүүхнүүд үү…” кинонд эмэгтэй хүн үндсэн мэргэжлийн ажилд тохирохгүй, хүүхэд төрүүлдэг ч нэгдэлд чухал хэрэгтэй биш гэх мэт агуулгатай хэсгүүдийг, мөн “Мандухай сэцэн хатан” киноноос бүсгүй хүний үс нь урт, ухаан богино гэх агуулгыг илэрхийлжээ. “Элбэг дээл” кинонд улсын сайн малчдын хуралд гэрийн эзэн л явна, эхнэр нь явах ёсгүй мэтээр ярьж буй хэсгүүдийг сонгосон байна.
- Киноны хэсгүүдээс харахад эрэгтэй хүн эмэгтэй хүнээс ажил үүрэг, эрх мэдлээр дээгүүр байх хэрэгтэй, эрэгтэйчүүд удирдах шатны ажлыг, харин эмэгтэйчүүд гүйцэтгэх шатны ажлыг хийх ёстой мэтээр илэрхийлсэн нийтлэг хандлага ажиглагдаж байна.
Эдгээр нь эмэгтэй, эрэгтэй хүнийг хүйсээс нь хамаарч аливаа нийтлэг дүрд оноох жендэрийн хэвшмэл ойлголтын илрэл болж буй юм.
Урлаг, соёлын бүтээлд жендэрийн хэвшмэл ойлголт хэрхэн илэрч, хүмүүст ямар нөлөө үзүүлдэг талаар олон улсын судалгаа, мэдээллүүдээс нэгтгэн хүргэж байна.
“Кинонуудад гардаг жендэрийн хэвшмэл ойлголтод хийсэн дүн шинжилгээ”, Пакистан улсын судалгаа
2016 онд хийсэн энэхүү судалгаагаар хоёр кино сонгон авч, эмэгтэйчүүдийг жендэрийн хэвшмэл ойлголтоор харуулсан эсэхийг шинжлэн үзжээ. Сонгож судалсан Холливуд болон Болливудын хоёр кинонд эмэгтэйчүүдийг зугаа цэнгэлийн дүр төрхөөр харуулахаас гадна сул дорой, эрчүүдээс доогуур мэт үзэл хандлагыг зонхилон харуулсан байна.
Түүнчлэн, эмэгтэйчүүдийг биологийн, гэр ахуйн болон гоо зүйн талаас гэсэн гурван үүрэг, дүр төрхөөр л түлхүү харуулсан нь нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг сурталчилж, улам бэхжүүлж буйг онцолжээ.
“Кино, телевизээр гардаг хэвшмэл ойлголт нь хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?” нийтлэл
АНУ-ын Хүүхдийн Эрүүл мэндийн Зөвлөл /Children’s Health Council/-ийн вебсайтын нийтлэлд кино болон телевизийн нэвтрүүлгүүдээр гардаг хүйсийн үүрэг, хэвшмэл ойлголт нь хүмүүст хэрхэн нөлөөлөг тухай онцолжээ.
Ингэхдээ Сommon Sense Media гэх байгууллагаас гаргасан судалгааны үр дүнг оруулсан байна. Тодруулбал, тухайн судалгаанд 50 гаруй өгүүлэл, ярилцлага, ном болон нийгмийн шинжлэх ухааны бусад судалгааг авч үзжээ. Үүний үр дүнд кино, телевизийн нэвтрүүлгүүдэд жендэрийн хэвшмэл ойлголт өргөн тархсан байдаг төдийгүй хүмүүст гүнзгий нөлөө үзүүлж буйг тогтоосон байна.
Судалгааны үр дүнгээс:
- Кино болон телевизийн хөтөлбөрөөр эрэгтэй хүний шинж чанар, зан байдал нь эмэгтэй хүнийхээс дээр гэсэн жендэрийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл үзэл санааг сурталчлах, бэхжүүлэх нь түгээмэл байдаг.
- Хүйсийн уламжлалт шинж байдлыг илтгэсэн кино болон телевизийн контент их үзэх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс юу хийж, ямар байх ёстой, зан авираа хэрхэн илэрхийлэх хэрэгтэй вэ зэрэгт тогтсон, хэвшмэл итгэл үнэмшлийг бий болгодог.
- Эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг, шинж чанарын талаар тогтсон хэвшмэл ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх нь бага нас, өсвөр нас, насанд хүрэх үед сөрөг үр дагавар авчирдаг.
- Хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, харилцаа хандлага, тэр ч байтугай ирээдүйн ажил мэргэжилд кино, контентууд дахь хэвшмэл ойлголт нөлөөлдөг.
“Кинонуудад хүйсийн үүргийн талаарх хэвшмэл ойлголтууд нэмэгдэж байна” судалгаа
Кино урлаг нь дэлхий даяар олон сая үзэгчтэй, нөлөө бүхий салбаруудын нэг бөгөөд нийгэмд хүйсийн үүргийг дүрслэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг.
Финландын Або Академи Их сургуулийн оюутнууд 2023 онд “Хиймэл оюун ухаанаар түгээмэл сэдэвт кинонуудад хүйсийн хандлагыг илрүүлэх нь” хэмээх судалгаа явуулжээ.
Ингэхдээ Холливудын 34 киноны гар бичмэлд математик болон хиймэл оюуны машин сургалтын арга техник ашиглан эрэгтэй, эмэгтэй дүрүүдийн сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлж, хүйсийг хэрхэн танилцуулж буйг судалсан байна. Судалгааны үр дүнд киноны эрэгтэй, эмэгтэй дүрүүдийн зан төлөвийн шинж нь нийгэм дэх хэвшмэл ойлголттой тодорхой хамааралтай байгаа нь ажиглагджээ. Тухайлбал, кинон дээр эрчүүдийг ширүүн, хүчирхэг, түрэмгий, хартай мэтээр илүү харуулсан бол эмэгтэйчүүдийг дурламтгай, халамжтай, жаргалтай, хүлцэнгүй байдлаар илүүтэй харуулсан байна.
Сонирхолтой нь тус судалгаагаар сүүлийн 20 жилд кинонд хүйсийн төлөөлөл харьцангуй тэгш болж байгаа нь харагджээ. Тодруулбал, 2000-2004 онд дүрүүдийн ердөө 15% нь л эмэгтэй байсан бол 2015-2019 онд энэ тоо бараг 44% болж өссөн байна.
- Судалгааны дүгнэлтэд зохиолч, кино найруулагчид бүтээлдээ жендэрийн мэдлэг, мэдрэмжтэй байж, ялгаварлан гадуурхах үзлийг сурталчлахгүй байх нь зүйтэйг онцолжээ. Өөрөөр хэлбэл, дүрүүдийнхээ хувийн шинж чанарыг илэрхийлэхдээ хүйсээс нь үл хамаарч аливаа дүр төрхийг гаргах нь чухал гэсэн байна.
Дүгнэлт
Дээрх судалгаануудаас харахад кино урлагт эрэгтэй, эмэгтэй хүнийг жендэрийн хэвшмэл ойлголтын дагуу илэрхийлэх нь түгээмэл ба энэ нь бага нас, өсвөр нас, насанд хүрсэн үед ч тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлдөг гэж дүгнэж болохоор байна.
Нөгөө талаас, хэвшмэл ойлголтууд, хүйсийн ялгаварлал нь зөвхөн кино үйлдвэрлэлд төдийгүй урлаг, соёлын бусад бүтээлд ч тусгагдсан байдаг. Манай улсын хувьд л гэхэд эрэгтэй хүн, аавын холбогдолтой зарим дуунд “эр хүн байж би чинь уйлах нь уу дээ” гэх мэт үгсийг багтаасан нь мөн л хүйстэй холбоотой түгээмэл хэвшмэл ойлголтыг дэлгэрүүлж, улам батжуулж буй нэг хэлбэр юм.
- Тиймээс урлаг, соёлын бүтээл туурвигчид жендэрийн талаар мэдлэгтэй байж, бүтээлээрээ жендэрийн аливаа хэвшмэл ойлголтыг дэвэргэхгүй, эр, эм хүйсийг хэвшмэл ойлголт, нийтлэг дүрээр хайрцаглахгүй байх нь чухал.
Шалгасан видеонд бас нэг түгээмэл хэвшмэл ойлголт гарсан нь “эмэгтэй хүний үс урт, ухаан богино” юм. Бид энэ ойлголтын талаар өмнө нь баримт шалгалт хийж байсан бөгөөд оюун ухааны чадамж үсний уртаас хамаарахгүй гэдгийг онцолсныг эндээс уншина уу.