Элон Маск 299 долларын үнэтэй Тесла утас бүтээнэ гэж мэдэгдээгүй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1216

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Элон Маск “299 долларын үнэтэй Тесла гар утас iPhone-ийн төгсгөл болно!” гэж мэдэгдсэн ба энэ утсаа 12 дугаар сард танилцуулна гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тэрээр Тесла компани утас бүтээнэ гэх мэдээллийг олон удаа үгүйсгэсэн ба түүнийг утас танилцуулах гэж буй тухай албан ёсны, баталгаатай эх сурвалжийн мэдээлэл байхгүй.

2024 оны 11 дүгээр сарын 21-нд Элон Маск IPhone-той өрсөлдөх Тесла гар утсыг худалдаанд гаргах гэж буй тухай мэдээлэл түгжээ. Тус утас нь 299 долларын үнэтэй байх ба “…хиймэл дагуулаар дамжуулан дэлхийн интернэт холболтыг санал болгодог, нарны гэрлээр өөрийгөө цэнэглэдэг, таны машин, гэр болон бусад зүйлийг саадгүй удирддаг утас…” байх тухай онцлон Элон Маскыг оролцуулсан хиймэл оюун ухаанаар бүтээсэн олон төрлийн зургуудын хамт Фейсбүүкт түгээжээ. Мөн зарим мэдээлэлд түүнийг 12 сард энэ утсаа танилцуулахаар бэлдэж буй тухай мэдээлэн энэ утас худалдаанд гарснаар “IPhone, Samsung, Huawei утаснуудын мөхөл ирнэ” гэж мэдэгджээ.

Бид Элон Маск гар утас худалдаан гаргах гэж буй тухай баталгаатай мэдээллийн эх сурвалж олоогүй. Энэ талаар олон улсын томоохон хэвлэлүүд мэдээлээгүй байна. Харин бид энэ мэдээлэлтэй төстэй агуулгатай мэдээллийг өмнө нь шалган мэдээлж байсан ба тэрээр утас зохион бүтээж байгаа талаар албан ёсоор танилцуулаагүй эсрэгээр энэ мэдээллийг хэд хэдэн удаа үгүйсгэж байжээ.

Тодруулбал Тесла компанийн вэбсайтад тус компанийг утас бүтээж буй тухай мэдээлэл байхгүй. Түүнчлэн тэрээр 2024 оны 06 дугаар сард хийсэн шууд бичлэгтээ Тесла утас гаргахгүй гэж мэдэгдсэн тухай Mashable мэдээлж байсан ба 10 сард болон 11 дүгээр сард энэ байр сууриа давтаж байсан юм. 

10 дугаар сарын 18-нд АНУ-ын Пеннсилвани мужид болсон ерөнхийлөгч Доналд Трампын кампанит ажлын үеэр утас бүтээх тухай сэдэвт “Маш их ажил болно. Утас бүтээх тухай санааг бодохоор үхмээр санагдаж байна. Хэрвээ бид утас хийх шаардлагатай бол хийнэ гэхдээ бид утас бүтээх сонирхолгүй байна.” хэмээн мэдэгдсэн байна. 

Мөн 11 дүгээр сарын 05-нд нийтлэгдсэн The Joe Rogan Experience подкастад (1:33:19 секундэд) энэ талаарх асуултад хариулахдаа “Үгүй. Бид утас бүтээхгүй.” гээд үргэлжлүүлэн өмнөх байр сууриа давтан “Бид шаардлагатай биш л бол хиймээргүй байна.” хэмээн мэдэгдсэн байна. 

Бидний шалгасан Тесла утас гаргах тухай мэдээлэл нь энэ сэдвийн талаарх ээлжит нэгэн хуурамч мэдээлэл бөгөөд одоогоор энэ утасны тухай албан ёсны мэдээлэл байхгүй, Элон Маск 299 долларын үнэтэй гэх утасны талаар ямар нэг зүйл хэлсэн мэдээлэл алга. Харин олон удаа Элон Маск утас бүтээхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document