2024 оны 11 дүгээр сарын 15-нд Жүрмэд Занаа нэртэй хаягаас “ХҮҮХЭДДЭЭ ВАКЦИН ШАХУУЛАХ ДУРТАЙЧУУД ЭМ САЙДЫН 2012 ОНЫ 217 ДУГААР ТУШААЛЫГ ОЛЖ ҮЗЭЭРЭЙ!!! 3.1.10-Т “ҮХЭЛД ХҮРГЭНЭ” ГЭЖ ЗААСАН БАЙДАГ ШҮҮ!!!” гэх пост нийтэлжээ.
- ЭМ-ийн сайдын долоон хавсралт бүхий тушаал нь бүхэлдээ дархлаажуулалтын үед тохиолдож болзошгүй урвал, хүндрэлүүд болон түүнээс хэрхэн сэргийлэх, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах тухай заасан байна. Үүнд богино хугацаанд үхэлд хүргэж болзошгүй урвал хүндрэл байж болохыг заасан ч вакцинжуулалтын үед ийм тохиолдол бүртгэгдээгүйг ЭМЯ-аас мэдээллээ.
FACTCHECK: Дараах байдлаар шалгалаа.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Дархлаажуулалтын тухай” 217 дугаар тушаалд 3.1.10 гэх заалт байхгүй. Уг тушаалыг Дархлаажуулалтын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан байна. “Энэхүү журмыг хэрэгжүүлснээр дархлаажуулалтын дараах урвал хүндрэлээс (ДДУХ) сэргийлэх, илрүүлэх, тандан судлах, дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа сайжруулах юм” гэж тодорхойлжээ.
Тушаалын нэгдүгээр хавсралтаар “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл тандах журам” баталсан. ДДУХ гэдэг нь вакцин хийлгэсний дараа хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг хэлдэг.
Харин хоёрдугаар хавсралтаар Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн ангилалыг зааж өгжээ.
- Дархлаажуулалтын үйл ажиллагааны алдаа
- Вакцинаас үүдэлтэй
- Эрүүл мэндийн эмзэг байдал нь вакцин тарьсан цаг хугацаатай давхцаж илэрсэн
- Шалтгаан тодорхойгүй гэж байдаг.
Урвал хүндрэлийн ангилал нь:
- Хэсэг газрын урвал
- Төв мэдрэлийн тогтолцоонд илрэх сөрөг нөлөөлөл
- Бусад урвал, хүндрэл
ЭМЯ-д “ДДУХ-ээр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй” гэв.
ДДУХ-ийн гурав дахь хэсэгт бусад урвал, хүндрэлийг тоочсон бөгөөд 3.11-д “Хордлогын шокийн хам шинж” хэсэгт “Дархлаажуулалт хийлгэснээс хэдэн цагийн дотор маш огцом эхэлж халууралт, бөөлжилт, усан суулгаар илэрдэг, ихэвчлэн 24-48 цагийн дотор үхэлд хүргэж ч болно” гэсэн байна.
Ийм тохиолдол бүртгэгдсэн эсэхийг ЭМЯ-аас лавлахад:
“ЭМЯ-ны дэргэдэх зарим орон тооны бус зөвлөл комисс батлах тушаалын дагуу “Сэргийлэх тарилгын (дархлаажуулалт) дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох хороо” ажилладаг. Энд дархлаажуулалтын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралд хийсэн тохиолдлын судалгааны дүн шинжилгээг хэлэлцэж, шалтгаан, хамаарлын үнэлгээ гарган, санал зөвлөмж хүргүүлдэг. ДДУХ-ийн 3.11-т заасан хордлогын шокийн хам шинжийн улмаас 48 цагийн дотор үхэлд хүргэсэн тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ.