2024 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдөр North Mongolia хуудсаас “Бяцхан оцон шувууг асарч байна” гэсэн тайлбартай цагаан баавгай оцон шувууг тэвэрч буй бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэг 14.1 мянган реакц, 433 сэтгэгдэл авч, 1600 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалаа
Уг бичлэгт буй оцон шувуу, цагаан баавгай нь дэлхийн эсрэг тэсрэг туйлын бүс нутгуудад амьдардаг. Тодруулбал, Оцон шувуу нь голчлон өмнөд туйл, Антарктид болон ойролцоох арлуудад амьдардаг. Зарим төрөл нь Антарктидаас гадна Чили, Аргентин, Өмнөд Африк, Шинэ Зеланд зэрэг халуун бүсийн ойр хэсэг далайн эрэг дээр ч тааралддаг байна. Тэгвэл цагаан баавгай нь хойд туйл буюу Арктикийн бүс нутгаар амьдардаг. Мөн Канад, Аляск, Гринланд, Оросын хойд хэсэг, Норвегийн Шпицберген арал зэрэг мөсөөр бүрхэгдсэн бүсээр нутагладаг.
Дээрх бичлэгийг баримтаар шалгахын тулд InVID хэрэглүүр ашиглан дүрс бүрээр салгаж, AI илрүүлэх Hive Moderation 99.7 хувийн хиймэл оюун ухаанаар бүтсэн дүн гарлаа. Уг бичлэг өмнө нь гаднын цахим хуудсаар ч түгээмэл нийтлэгджээ.
Тухайн бичлэгт хор хөнөөлтэй агуулга байхгүй ч зарим тохиолдолд энэ төрлийн контентоор хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг санаархсан, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг. Түүнээс гадна санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийг төөрөгдүүлж болзошгүй тул хиймэл оюунаар хийсэн бүтээлдээ тусгай тэмдэглэгээ зүүхийг Метагаас сануулсан байна.
Бид өмнө нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг ашиглан төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл түгж байсан талаар анхааруулж баримт шалгалтууд нийтэлж байсныг эндээс үзнэ үү.