Coca Cola брэндийн нэрийг барьсан худал мэдээллийг 12 мянган удаа хуваалцжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1212

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Кока Кола компанийн төрсөн өдрийг тохиолдуулан хүн бүрд бэлэг, бэлэн мөнгө өгнө гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шинэ нээгдсэн хаягийн хандалтыг өсгөхийн тулд хуурамч мэдээлэл түгээж байна. Аливаа мэдээллийг түгээж буй хаягийг шалгаж, агуулгыг нягталж хэвшээрэй

2024 оны арван нэгдүгээр сарын 20-нд Coca Cola fans нэртэй хуудаснаас “Сайн байцгаана уу, @Coca Cola-н төрсөн өдрийг тохиолдуулан 2024 оны 11-р сарын 23-наас өмнө манай PAGE хуудсанд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн хүн бүр бэлгийн уут, бэлэн мөнгө, дэлгүүр хэсэх эрхийн бичиг хэлбэрээр онцгой шагналын эзэн болно. Амжилт хүсье.” гэх мэдээллийг кока кола компанийн ууттай бэлэг барин зогсож буй хүмүүсийн зурагтай хамт нийтэлжээ. Тус мэдээлэл нь нийт 1,100 гаруй реакц, 6,600 гаруй сэтгэгдэл авч, 12 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

 Хаяг шалгах нь

Шалгасан мэдээллийг түгээсэн хуудасны танилцуулга хэсгийг шалгахад “Фэн хуудас · Үл хөдлөх хөрөнгө · Өргөн нэвтрүүлэг, медиа продакшн” гэх олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэмээн тэмдэглэжээ. Мөн тухай хаягт нүүр зургаас өөр зураг мэдээллийг огт оруулаагүй, холбогдох дугаар, байгууллагын хаяг байхгүй нь хуурамч хаягийг илтгэж буй эхний таних тэмдэг юм.

Үргэлжлүүлэн тухайн хуудасны ил тод байдал (page transparency) хэсгийг шалгахад 2024 оны 11 дүгээр сарын 20-нд нээгдсэн байна. Үүнээс харахад хуудсыг нээсэн өдөр азтан шалгаруулах, хүн бүрд бэлэг өгөх агуултай мэдээлэл түгээсэн нь хурдан хугацаанд их хэмжээний хандалт авах зорилготой байж болзошгүйг харуулж байна.

Монгол дахь Кока Кола үйлдвэрийн албан ёсны хаяг нь “Coca-Cola Mongolia” нэртэй бөгөөд нийт 309 мянган дагагчтай хуудас байна.

Иймд аливаа мэдээллийг түгээж буй хаягийг нягталж, жинхэнэ, албан ёсны хаяг мөн эсэхийг үргэлж нягтлаарай.

Агуулгыг нягтлах

Шалгасан мэдээлэлд “Coca Cola-н төрсөн өдрийн тохиолдуулан” хэмээн мэдээлсэн нь ойн баярыг тохиолдуулан бэлэг өгнө мэт агуулгатай байна. Кока Кола компанийн төрсөн өдөр буюу байгуулагдсан ойг хайхад компанийн албан ёсны сайтад “1886 оны тавдугаар сарын 8-нд үүсгэн байгуулагдсан” хэмээн мэдээлсэн. Иймд байгуулагдсан сар өдөр зөрүүтэй байгаа учир 11 дүгээр сард ойн баяраа тэмдэглэх боломжгүй юм.

Мөн ”сэтгэгдэл бичсэн хүн бүр бэлгийн уут, бэлэн мөнгө, дэлгүүр хэсэх эрхийн бичиг хэлбэрээр онцгой шагналын эзэн болно” гэх агуулга дурдсан. Тухайн хэсэгт шагналыг тодорхой тусгаагүй, ямар төрлийн бэлэг, хэр их хэмжээний бэлэн мөнгө, эрхийн бичгийн хэмжээг дурдаагүйгээс гадна ямар шалгуураар азтан шалгаруулах нь тодорхойгүй. Мөн тус өгүүлбэрт хүн бүр гэж эхлүүлсэн боловч сэтгэгдэл хэсэгт мессеж хүлээж авбал азтан болно гэж хэлсэн нь логик зөрчилтэй байна.

Зургаар хайх

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургуудыг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд түгээмэл ашиглагддаг гадаад хүмүүсийн зураг байгааг доор зургаас харж болох юм.

Интернэт очинд түгээмэл байдаг зургийг ашиглан худал мэдэл түгээж буй тул зургаар хайх аргыг хэрэглээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document