Р.Кеннедийн ном шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарласан гэж шүүмжлүүлдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1211

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Роберт Кеннедигийн номоос умайн хүзүүний вакцины сөрөг нөлөөтэй гэх агуулгыг орчуулж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Роберт Ф. Кеннедийн номыг шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарлаж, ташаа мэдээлэл түгээсэн бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ХПВ-ийн вакцины аюулгүй байдлыг олон улсын байгууллагуудаас баталсан.

2024 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Жүрмэд Занаа гэх Фейсбүүк хаягаас “Роберт Кеннедигийн номоос Умайн хүзүүний вакцины талаар бичсэн хэсэг” гэх тайлбартай пост оруулжээ. Уг мэдээлэлд, “Merck үйлдвэрийн хүний хөхөнцөр вирусийн вакциныг Энэтхэгийн хөдөөний 11-14 насны 23 мянган охидод шууд туршсан… Америкт дунджаар 58 настай 40 мянган эмэгтэйчүүдийн дунд ердөө 1 нь л ийм өвчнөөр өвчилдөг гэсэн ба “1200 охидын хорийн нэг нь ноцтой дам сөрөг нөлөөнд нэрвэгдэж, өөрийн дархлааны өвчинтэй болж үргүйдэлд хүрсэн юм. Долоон охин амь насаа алдсан. Үхлийн аюул нь энэхүү умайн хүзүүний өмөн үү хэмээх өвчнөөр үхэгсдийн эрсдэлээс 10 дахин их давсан. Энэтхэгийн эрүүлийг хамгаалах яам туршилтыг зогсоож, шившигт явдлыг шалгах онцгой комисс томилон ажиллуулсан”, “2010 онд Энэтхэгийн Анагаахын Ёс зүйн Зөвлөл Гэйтсийн ажиллагаа Энэтхэгийн хууль эрх зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн” гэх мэт мэдээлэл оруулжээ. Түүнчлэн, Ийм тарилга хийлгэсэн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөн үү 46.3 хувиар өссөн гэсэн мэдээ бий, “Гэйтсийн Gardasil ба Cervarix хэмээх вакцин ихээхэн санхүүжүүлж дэмждэг нь хүн амыг цөөлөх зорилготой нь холбоотой. Меркийн өөрийнх нь клиник туршилтын дүгнэлтэд Гардасил үргүйдэлд хүргэдэг тухай бичсэн байдаг” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 29 реакц, 6 сэтгэгдэл авч, 14 удаа цааш түгээгджээ.  

Баримт шалгах төвүүд Р.Кеннедигийн номыг төөрөгдүүлсэн ойлголт өгсөн, худал мэдээлэл агуулсан гэж дүгнэсэн

Энэхүү номын талаар АНУ-ын баримт шалгах Factcheck.org төв шалгасан байна. Үүнд, Роберт Ф. Кеннеди “The Real Anthony Fauci: Bill Gates, Big Pharma, and the Global War on Democracy and Public Health” номд вакцины аюулгүй байдал болон цар тахлын менежментийн талаар олон ташаа мэдээлэл байгааг дурдсан. Мөн Кеннедигийн мэдээлсэн вакцинтай холбоотой хэд хэдэн баримт шалгалт буйг онцолсон байна. Тухайлбал, “Кеннеди нэгэн ярилцлагадаа “Вакцин бол тусгай зөвшөөрөл олгохоос өмнө аюулгүй байдлын шинжилгээнд хамруулдаггүй цорын ганц эмнэлгийн бүтээгдэхүүн” гэж хэлсэн. Энэ нь хуурамч мэдээлэл бөгөөд бүх вакциныг аюулгүй байдлын шинжилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллага зөвшөөрөл олгодог байна.

Энэтхэгт охид нас барсан гэх заргыг судалж, вакцинаас болоогүйг тогтоосон. Харин зөвшөөрөл авалгүй вакцинжуулсан нь ёс зүйн алдаа гэж дүгнэжээ

Эрүүл мэндийн технологийн хөтөлбөрийн байгууллага буюу PATH-ын тайланд Энэтхэгт явуулсан умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг талаар нийтэлжээ. Уг байгууллага нь 2009-2010 оны хооронд Энэтхэгийн Андра Прадеш, Гужарат мужуудад ХПВ-ийн вакцин нэвтрүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж Merck-ийн Gardasil болон GSK-ийн Cervarix вакциныг ашигласан. Тухайн вакцинжуулах үйл ажиллагааг Энэтхэгийн анагаах ухааны судалгааны дээд байгууллага болох ICMR баталсан бөгөөд эмнэл зүйн туршилт биш гэдгийг тогтоосон. Мөн тухайн вакцины аюулгүй байдлыг Энэтхэг болон бусад улсад эмнэл зүйн туршилтаар шинжлэх ухааны үндэслэлтэй нь батлагдсан гэж мэдээлжээ.

Тухайн төсөлд нийтдээ 10-14 насны 24,000 орчим охин оролцсон бөгөөд Билл ба Мелинда Гейтсийн сангаас зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, харин судалгааг шууд зохион байгуулж, хэрэгжүүлэхэд оролцоогүй байна.

Энэтхэгийн Парламентын хороо, засгийн газрын албан тушаалтнууд уг байгууллагыг “умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг ёс зүйгүй эмнэл зүйн туршилт явуулж, вакцин хийлгэсний дараа зарим охид нас барсан” гэж буруутгаж шалгасан байна. Гэвч Энэтхэгийн Парламентын Байнгын Хороо болон бусад байгууллагын хяналт, шинжилгээний дараа зарим оролцогчдын нас баралсан нь уг вакцинтай холбоогүй гэж мэдээлжээ. Харин оролцогчдын зөвшөөрлийг бүрэн аваагүй ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. 

“АНУ-д вакцинжуулалтын дараа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар 46.3 хувиар өссөн” гэх мэдээлэл худал

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн мэдээлснээр АНУ-д жил бүр 13 сая орчим хүний хөхөнцөр вирусийн халдвар бүртгэгддэг. Үүнээс гадна уг вирусээр үүсдэг умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 11,500 шинэ тохиолдол оношлогдож, 4,000 орчим хүн нас бардаг тооцоолол бий. Ихэнх тохиолдол 35-44 насны эмэгтэйчүүдэд тохиолддог. ХПВ-ийн эсрэг вакцин, шинжилгээг нэмэгдүүлснээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл эрс буурсан гэжээ.


Мөн 2006 онд нэвтрүүлсэн ХПВ-ийн вакцин умайн хүзүүний урьдчилсан хорт хавдрын өвчин буурсан гэдгийг Америкийн Үндэсний хорт хавдрын институтийн судалгаагаар харуулсан байна. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдраар нас барагсдын тоо сүүлийн жилүүдэд тогтворжсон хэдий ч урьдчилан сэргийлэх үзлэг хийснээр 1970-аад оны дунд үеэс хойш хоёр дахин буурсан байна. Түүнчлэн уг вакцинжуулалтын дараа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар 46.3 хувиар өссөн тухай батлагдсан судалгаа алга байна.

Gardasil вакциныг үргүйдэлтэй холбоотой гэх нотлох баримт байхгүй

Merck-ийн клиник туршилтын тайлан нь Gardasil вакцин үргүйдэл үүсгэдэг гэсэн хэсэг агуулаагүй бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв зэрэг байгууллага Gardasil вакциныг үргүйдэлтэй холбоотой гэх нотлох хангалттай баримт байхгүй гэж үзсэн. Харин ХПВ-ээс үүдэлтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийг умайг тайрах (эмэгтэйчүүдийн хувьд), хими эмчилгээ, цацраг туяа гэх мэт хүүхэд төрүүлэх чадварыг хязгаарлах эмчилгээг хийх шаардлагатай болдог байна.

Үүнээс дүгнэхэд Роберт Ф. Кеннедийн уг ном нь вакцины ховор гаж нөлөөг онцолж, вакцины үр дүнтэй байдлыг баталсан өргөн хэмжээний мэдээлэл судалгааг үл дурдсан нь нэг хүний үзэл бодлоор хэт нэг талыг барьж, олон нийтийн үзэл санаанд нөлөөлж төөрөгдүүлэх эрсдэлтэй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document