2024 оны арван нэгдүгээр сарын 14-нд Batchuluun Natsagdorj нэртэй хаягаас “Бусад япон охид миний охин шиг вакцин тариулж эрүүл мэндээр битгий хохироосой гэж хүсэж байна” гэх гарчигтай мэдээллийг түгээсэн (Архивлагдсан хувилбар) нь нийт 150 реакц, 33 сэтгэгдэл авч, 406 удаа цааш түгээгдсэн байна. Тус мэдээлэлд ХПВ-ийн вакцин хийлгэснээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч засгийн газраа шүүхэд өгсөн япон охидын тухай болон ковидын вакцин хийлгэсэн 28 настай залуу нас барсан тухай агуулгыг дурдаж холбогдох зургуудыг хавсаргажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
ХПВ-ийн эсрэг вакцинтай холбоотой Японы шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байна.
Шалгасан мэдээлэлд дурдсан үйл явдлыг агуулгаар хайхад 2016 онд Японы Токио, Нагоя, Осака, Фукуоко дөрвөн тойргийн шүүхэд 15-22 насны 63 эмэгтэй ХПВ-ийн вакцин хийлгэсний улмаас бүх бие нь өвдөж, ой санамж муудах зэрэг эрүүл мэндээрээ хохирсон хэмээн засгийн газар болон эм үйлдвэрлэгч хоёр компанийг шүүхэд өгч 15 сая еэн нэхэмжилсэн тухай Японы тэргүүлэх хэвлэлүүдийн нэг Nikkei сонины сайтад 2016 оны долоодугаар сарын 28-нд мэдээлжээ.
2023 оны 05 дугаар сарын 28-нд Японы өдөр тутмын Sankei сонины сайтад нийтлэгдсэн мэдээлэлд шүүхэд хандсан өвчтөний тоо 2019 онд 132 байснаа 2023 оны 05 дугаар сарын 24-ны байдлаар 117 болж буурсан. Мөн тус мэдээлэлд шүүх удахгүй (2023 оны мэдээ учир тухайн жилдээ болсон үйл явдал) нэхэмжлэгч нарын гэрч болох зургаан шинжээчээс мэдүүлэг авах бөгөөд ирэх онд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг товлосон хэмээн мэдээлжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2024 оны 11 дүгээр сарын 25-нд Нагоя дүүргийн шүүхэд шүүх хурал болох тухай мэдээлсэн байна. Үүнээс харахад шүүх хурал одоогоор дусаагүй байгаа юм.
Япон улс 2022 оноос дахин ХПВ-ийн вакцины идэвхтэй санал болгож, товлолт вакцин болгосон.
ХПВ-ийн вакцин Япон улсад 2010 оноос үндэсний хөнгөлөлттэй төсөл болж, 2013 оны 04 дүгээр сараас товлолт вакцин болгосон. Гэвч вакцин хийлгэсэн хүмүүсийн бие өвдөх, архаг ядаргаа гэх мэт шинж тэмдэг илэрсний дараа тус оны 06 дугаар сараас вакцины идэвхжүүлэлтийг түр зогсоосон. 2019 он гэхэд вакцинжуулалтын хувь нэгээс бага болтлоо буурсан үзүүлэлт гарсан тухай Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас (ЭМХНХЯ )мэдээлжээ.
2021 оны 11 дүгээр сард Японы ЭМХНХЯ-ны мэргэжилтний хорооноос вакцины зөвлөмжийг сэргээх шийдвэр гарч, 2022 оны 04 дүгээр сараас дахин 12-16 насны охидыг дархлаажуулах үндэсний хөтөлбөрийн хэсэг болгон хэрэгжүүлж байгаа аж. Мөн вакцинжуулалт түр хугацаагаар зогсох үед вакцинд хамрагдаагүй 1997-2007 оны хооронд төрсөн эмэгтэйчүүдийг нөхөн хамруулж байна.
2013 онд вакцинтай холбоотой асуудал буюу вакцин хийлгэсний дараа хүнд шинж тэмдэг илэрсэн гэх мэдэгдлүүдтэй холбоотой судалгаанууд хийжээ.
- ЭМХНХЯ-ны судалгааны групп улсын хэмжээнд тархвар судалгаа хийж вакцин хийлгээгүй хүмүүст ч ижил шинж тэмдэг илэрч болохыг тогтоосон. Тодруулбал, 2015 оны долоодугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31 хүртэл улсын хэмжээнд 508 эмнэлэгт өвдөлт, мэдрэхүйн болон хөдөлгөөний эмгэг, аутономит шинж тэмдгээс дор хаяж нэг нь илэрч, гурваас дээш сар үргэлжилсэн гэх 12-18 насны хүмүүсийг судалгаанд хамруулсан. Тус судалгаагаар вакцин хийлгэсэн 100,000 эрэгтэй хүүхэд тутмын 20,2 нь, мөн тооны эмэгтэй хүүхэд тутмын 40,3-т нь илэрсэн шинж тэмдэг вакцин хийлгээгүй 100,000 эмэгтэй хүүхдийн 20,4-т нь мөн адил илэрсэн гэх үр дүн гаржээ. Энэ нь шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан тохиолдол болгон вакцинаас болоогүй гэдгийг илтгэж байна.
Японы ЭМХНХЯ-ны сайтад жил бүр 11,000 хүн умайн хүзүүн хорт хавдараар өвчилж, 2,900 орчим эмэгтэй нас бардаг тухай мэдээлжээ. ДЭМБ-ын сайт дахь статистик мэдээллээс харвал 2023 оны байдлаар япон эмэгтэйчүүдийн 26,18 хувь нь ХПВ-ийн вакцины эцсийн тунг хийлгэсэн байна.
Шалгасан мэдээлэлд дурдсан шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байгаа ба Японы ЭМХНХЯ-аас судалгаа хийсний үндсэн дээр 2022 оноос вакцинжуулалтыг идэвхжүүлж, үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулсан.
Азид умайн хүзүүн хорт хавдрын тохиолдлоор Япон 18-д, Монгол Улс 4-т жагссан байна.
ДЭМБ-ын албан ёсны сайтад орсон мэдээлэлд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилох хавдрын дөрөвдүгээрт ордог бөгөөд 2022 оны байдлаар дэлхий даяар 660 гаруй мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 350,000 орчим нь нас барсан байна.
ДЭМБ-ын Хорт хавдрын судалгааны олон улсын агентлагаас гаргасан статистик мэдээлэлд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 60 хувийг Азийн улс орон эзэлдгийг харуулж байна.
2022 оны байдлаар Япон улс Азид 100,000 хүн тутамд 12.5 умайн хүзүүн хорт хавдрын тохиолдлоор 18-т жагссан бол Монгол Улс Азидаа умайн хүзүүн хорт хавдрын тохиолдлоор 4-т жагссан байна.
Монгол Улсад 2022 оны байдлаар 100,000 эрэгтэй хүн амд ногдох элэгний 77.8, ходоодны 48.4, уушгины 24.3, улаан хоолойн 11.8, бүдүүн шулуун гэдэсний 8.8 хорт хавдрын тохиолдол харин эмэгтэйд элэгний 59.5, ходоодны 22.7, умайн хүзүүний 18.8, хөхний 16.7, улаан хоолойн 8.7 хорт хавдрын тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Монгол Улсад 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 4.6% буюу 316-г нь умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.
ДЭМБ-аас гаргасан ХПВ-ийн вакцинжуулалтын хувь мэдээллийг 2023 оны байдлаар түүвэрлэн харахад вакцины бүтэн тундаа хамрагдсан эмэгтэйчүүд:
- Норвег 92.59 хувь,
- Швед 87.6 хувь,
- Итали 45.39 хувь,
- Япон 26.18 хувь байна.
ХПВ-ийн вакцин умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг буруулдаг
Швед улсад 2006-2017 оны хугацаанд 10-30 насны 1.6 сая гаруй эмэгтэйн эрүүл мэндийн бүртгэлд хийсэн судалгааны үеэр 31 нас хүртлээ умайн хүзүүний хорт хавдрын оношилгоонд орсон хүмүүсийг харахад вакцин хийлгэсэн 19 эмэгтэйд, вакцин хийлгээгүй 538 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрын нийт өвчлөл вакцин хийлгэсэн 100,000 эмэгтэй тутмын 47, вакцин хийлгээгүй хүмүүсийн 100,000 тутамд 94 тохиолдол байна гэх үр дүнг гаргаж, ХПВ-ийн вакцинжуулалт хүн амын түвшинд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг эрс бууруулдаг хэмээн дүгнэжээ.
Данид 2006-2019 оны хооронд 17-30 насны эмэгтэйчүүдийн дунд хийсэн когорт судалгаагаар 16 ба түүнээс доош насны охид болон 17-19 насны охидын умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг тус тус 86%, 68%-иар бууруулж байгааг тогтоосон байна.