2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баримт нэртэй Фэйсбүүк пэйж “Интермед эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хакердуулсан. Тэгвэл алдагдсан мэдээлэл эхнээсээ задарч тус эмнэлэгт үзүүлж, хяналтад байсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын мэдээлэл ил боллоо. Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын хувьд TPHA+ буюу тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан байна. Бэлгийн замын халдварт өвчтэй олны танил, нөлөө бүхий хүмүүс ч байгаа юм байна.” гэх гарчигтай постыг скриншот болон бусад зургийн хамт түгээжээ.
Бид энэхүү мэдээллийг тухайн хакдсан гэх хаягийн мэдээлэлтэй харьцуулахад таарахгүй, огт байхгүй мэдээллийг засварлан оруулсныг харж болохоор байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын талаар түгээсэн мэдээллийн скриншотыг ажиглавал зарим латин үсгээр бичсэн үгсийн доор MS Word дээр байдаг шиг автомат үг, үсгийн алдаа шалгагчийн “улаан зураасан” тэмдэглэгээ байгааг харж болно. Форумд нэгэнт нийтлэгдсэн постод ийм тэмдэглэгээ байдаггүй. Иймд энэ нь скриншотыг хуурамч байж болохыг илэрхийлэх нэг шинж тэмдэг юм.
Мөн бид Интермед эмнэлгийн датаг хулгайлсан гэх zina_shutova гэх хэрэглэгчийн постын эх хувилбарыг хайхад crackingx.com дээрх 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийтэлсэн цор ганц илэрц (архивлагдсан хувилбар) гарч ирсэн.
Энэхүү постын агуулга, өнгө дизайн, хэрэглэгчийн профайл таарч байгаа ба нэг өдөр буюу 11 дүгээр сарын 07-нд бидний шалгасан зурагтай ижил тайлбартай пост оруулсныг харж болохоор байна. Үүнд дата зарах тухай тайлбарлан “Price: 50,000$ can be sold only once, I posted this on other forums in order to make it more visible for others, so always remind that data can be sold only once.” гэх тайлбар зургуудад яг ижил орсон байгааг харж болно.
Харин “Example data” буюу хулгайлсан датаны жишээг харуулсан хэсэгт хүний овог нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, утасны дугаар гэх зэрэг л мэдээллүүд орсон байсан ба түгээсэн скриншотод өвчний онош, эмчийн мэдээлэл зэрэг нэмэлт мэдээлэл оруулсан нь засвар орсон, хуурамч болохыг илтгэж буй юм. Цаашлаад хакдсан гэх zina_shutova хаягийн оргинал постод УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай мэдээлэл байхгүй юм.
Мөн Интермед эмнэлэг 11 дүгээр сарын 23-нд албан X хаягаараа (архивлагдсан хувилбар) дамжуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын өвчний оношны тухай тархсан мэдээллийг “засварласан, хуурамч” болохыг мэдэгдсэн байна.
Дүгнээд хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын талаар түгсэн мэдээлэл нь мэдээллийн эх хувилбарыг өөрчлөн засвар оруулж, хуурамч мэдээлэл түгээжээ.