Умайн хүзүүний хорт хавдрын вакцин хийх гэж байгаатай холбогдуулан олон төрлийн хуурамч мэдээлэл түгсээн байна. 2024 оны 11-р сарын 20-нд Tserenkhuu Ishtseden (архивлагдсан хувилбар) нэртэй хаягаас “Хүүхдүүдэд шахах гээд чичрээд байгаа вакцин нь энэ бол нэгж нь 5000$ юм байна, энийг манайх дийлэхгүй. Үүнтэй төст G9 гэж байдаг юм байна, тэр нь хямд папиломын халдварыг багасгана л гэсэн байна, батлагаа байхгүй юм байна. Зөвхөн 16;18-р вирусийг л эсэргүүцэж халдварыг багасгана гэсэн байна. Номоороо бол 2 сарын дараа мөн 6 сарын дараа гээд 3 тун тарих юм байна! Энэ нэг л биш болоод явчлаа даа ээжүүд ээ! За мэдэх чинээндээ л хариуллаа!” гэх мэдээллийг түгээжээ. Энэхүү мэдээлэл 2024 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт 692 реакц, 100 орчим сэтгэгдэл авч, 700 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Гардасил вакцин 5,000 ам.долларын үнэтэй гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
ДЭМБ болон Монголын Засгийн газрын хамтран гаргасан “Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үндэсний стратеги төлөвлөгөөний өртөг: Монгол Улс 2020-2024” баримт бичигт Гави-Олон улсын вакцины холбооны хөнгөлөлттэй үнээр хүний паппилома вирусийн (ХПВ) эсрэг вакцины нэг тун 4.5 ам.доллар хэмээн мэдээлсэн. Мөн нэг хүүхдийг бүтэн тун вакцинд хамруулахад ойролцоогоор 31.1 ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан ХПВ-ийн эсрэг вакцины үнийн тухай мэдээлэлд 2024 болон 2025 оны байдлаар Гави-Олон улсын вакцины холбооны хөнгөлөлттэй үнэ 4.5 ам.доллар, Гавид хамаарахгүй дундаж орлоготой улсын вакцины үнэ 13.5-26.7 ам.доллар хэмээн буулгасан байна.
2024 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдэгдэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрөөр дамжуулан гардасил вакциныг хүлээн авч байгаа гэсэн ба вакцины тун бүрийг 4.5 ам.доллараар худалдаж авч байгаа болохыг мэдээлсэн.
Харин Merck компанийн Gardasil 9 вакцины 5мл-ийн үнэ даатгалгүйгээрээ $3247.32 үнэтэй байдгийг Америкийн эмийн мэдээллийн drugs.com вэбсайт мэдээлсэн байна.
Монгол улсын вакцинжуулалтын хөтөлбөр дэх гардасил вакцин 4 төрлийн хэв шинжээс хамгаалахыг ДЭМБ мэдээлсэн
Шалгасан мэдээлэлд Гардасил вакцин зөвхөн 16,18 гэх 2 хэв шинжээс хамгаална гэх агуулгыг дурдсан. Эрүүл мэндийн яамнаас 2024 оны 11-р сарын 20-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Монгол улсад 4 цэнт гардасил вакцинаар вакцинжуулна гэх мэдээллийг хүргэсэн.
4 цэнт гардасил вакцин нь ХПВ-ийн 6,11,16,18 хэв шинжүүдээс хамгаалах бол 9 цэнт гардасил 9 вакцин нь энэ дөрвөн хэв шинж дээр нэмэгдээд 31, 33, 45, 52, 58 гэсэн таван хэв шинжээс хамгаалдгаараа ялгаатай. 4 цэнт гардасил вакцин нь ХПВ-ийн 4 хэв шинжээс хамгаалдаг бол Гардасил 9 вакцин ижил дөрвөөс гадна нэмэлт 5 хэв шинжээс хамгаалах юм.
Гардасил вакцин ХПВ-ийн 4 хэв шинжийн эсрэг 98 хувийн дархлаажуулалтын үр нөлөөтэй (efficacy) бол Гардасил 9 вакцин мөн 4 хэв шинжийн эсрэг бараг ялгаагүй үр нөлөөг үзүүлдэг бөгөөд нэмэлт 5 хэв шинжийн эсрэг 96.8 хувийн үр нөлөөтэйг ДЭМБ-аас гаргасан “Хүний папиллома вирусийн (ХПВ) вакциныг сонгоход анхаарах зүйлс” баримт бичигт мэдээлсэн.
2009 оноос хойш ХПВ-ийн эсрэг 5 вакцин ДЭМБ-ийн урьдчилсан шаардлагыг хангасан. Үүнд хоёр цэнт Cecolin, Cervarix, Walrinvax, дөрвөн цэнт Gardasil, есөн цэнт Gardasil 9 вакцинууд байна. Gardasil болон Gardasil 9 вакциныг АНУ-ын Merck компани үйлдвэрлэдэг.
Merck үйлдвэрийн Gardasil болон Gardasil 9 вакциныг олон улс оронд үндэсний дархлаажуулалтынхаа хөтөлбөрийн хүрээнд дамжуулан хэрэглэж байна. Тухайлбал:
- Австрали улс 2007 оноос хойш 4 цэнт Gardasil вакциныг хэрэглэж байсан бөгөөд одоогоор 9 цэнт Gardasil 9 болон Cervarix вакциныг вакцинжуулалтдаа ашиглаж байна.
- Канад улс 2006 оноос 2019 он хүртэл 4 цэнт Гардсил вакцинаар вакцинжуулсан бол одоогоор мөн 9 цэнт Gardasil 9 болон Cervarix вакциныг ашиглаж байна.
- АНУ-д өмнө нь 4 цэнт гардасил, 2 цэнт Cervarix вакцин Хүнс, эмийн агентлагийн лицензтэй байсан. Одоо мөн Merck компанийн 9 цэнт Гардасил вакциныг ашиглаж байгаа аж.
- Англи улс мөн 9 цэнт гардасил вакциныг ашиглаж байна.
Гардасил вакцин нь 5,000 ам.долларын үнэтэй гэх мэдээлэлд аливаа дэмжих баримт байхгүй ба Америк дахь даатгалгүй буюу шууд худалдаж авах үнээр гардасил вакцины үнэ 3,247 ам.доллар байхаар байна. Харин Монгол улсын хамрагдаж буй вакцины хөтөлбөрийн дагуу Гави байгууллагын хөнгөлөлттэй үнээр 4,5 ам.доллар байхаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн 4 цэнттэй гардасил вакцин нь ХПВ-ийн зөвхөн хоёр хэв шинжээс биш дөрвөн хэв шинжээс хамгаалж 98 хувийн дархлаажуулалтын үр нөлөөтэй байхыг ДЭМБ-аас мэдээлсэн байна.