“11 настай хөвгүүд, охиддоо вакцин бүү хийлгэ” гэх уриалгатай бичлэг ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1205

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул” гэсэн тайлбартай, 40 минутын лайв бичлэг хийжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарлаж, хэт нэг талыг барьсныг олон улсын болон манай баримт шалгах төв судалж няцаалт гаргаж байсан мэдээллүүд байна. Дэлгэрэнгүйг цааш уншина уу.

2024 оны 11 дүгээр сарын 19-нд Бадарч Бямбадулам нэртэй хаягаас “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул” гэсэн тайлбартай, 40 минутын лайв бичлэг хийжээ. Уг бичлэг 15.5 мянга гаруй сэтгэгдэл, 17 мянга гаруй реакц авч, 82 мянга гаруй удаа цааш түгээгдээд байна.

Анхан шатны шинжилгээгээр анагаах ухааны мэргэжилтэн биш болохыг мэдэх арга

Бичлэгт ярьж буй хүний хаягийг судлахад танилцуулгадаа ямар нэгэн шинжлэх ухааны салбарын, эсвэл анагаах ухааны мэргэжилтэн гэх мэдээлэл, нотолгоо оруулаагүй байна.

2019 оны 03 дугаар сарын 13-нд Facebook-т оруулсан Дарханы Политехникийн коллежийн 80 жилийн ойн нэгэн зурагт вакцины тухай ярьсан эмэгтэйг Byambyy Badarch нэртэй хаягаар тэмдэглэсэн байна.

  • Уг хаягийн холбоост https://www.facebook.com/byambyy.badarch гэж нэрээрээ үүсгэснийг илтгэж байгаа бол бичлэг хийсэн хаягийн холбоос нь https://www.facebook.com/100090917401450 буюу автоматаар өгсөн кодоор үүсгэсэн байна.

Бадарч Бямбадулам хаягаас 2023 оны 02 дугаар сарын 28-нд “өмнөх хаягаа алдсан тул шинэ хаяг нээснээ” мэдээлж, “Гоо Гоо, Батсүх Намнандорж, Чингис Босоо Хөх Монгол Гүрдоржийн Батбаяр, Эко Энхцэцэг, Tsedendorj Saikhanaa, Эрдэнэнямбуу Нанзад, Дархад Намсрайжав, MGerel Sh, Bayarpurev Be” гэх хаягуудыг найзын хүсэлт илгээхийг уриалсан байна.

Бичлэг түгээсэн хаягаар өмнөх Byambyy Badarch нэртэй хаягийнхаа мэдээллийг хуваалцсан байгаа нь…

2022 оны 12 дугаар сарын эхээр Ард түмний онц их хурлыг хуралдуулж, УИХ-ыг тараах шаардлага тавьсан жагсаал болон ба вакцины бичлэг түгээсэн Б.Бямбадулам төлөөлөгчөөр ажиллаж байсан баримт байна.

Энэхүү жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн ба бичигт Б.Бямбадулам гарын үсгээ зуржээ.

Хаягийн анхан шатны шинжилгээнээс үзвэл тухайн эмэгтэй вакцин судлал, анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэдэггүй Дарханы Политехникумыг төгссөн. Түүнчлэн улс төрийн шаардлага тавьсан жагсаалд оролцдог, уран, газрын ховор элемент зэрэг уул уурхайн төслүүдийг эсэргүүцдэг, олон нийтийг уриалан идэвхтэй тэмцдэг нэгэн байна.

Цаашлаад вакцины тухай ярьсан бичлэгт дурдсан агуулгуудын ихэнх нь гадаад хэлээс орчуулан түгээж байсан мэдээллүүд бөгөөд бид баримтаар шалгаж байсан гэдгийг дахин онцолъё.

11 дүгээр сарын 25-наас дархлаажуулалт эхэлнэ гэх мэдээлэл үнэн

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталсан. Ингэснээр дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 25-наас эхлэхээр болсон.

“Абортны хүүхдийн материал ордог” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

  • Бичлэгт “Үндсэн гол орцод L 1 уураг буюу хүний эсээс гаргаж авсан абортны хүүхдийн материал ордог. L 1 уураг абортны хүүхдийн материалаас гаргаж авдаг материал 5-10 жилийн дотор үргүй болгодог” гэж ярьсан.

“Вакцинд үр хөндөлтийн хүүхдийн эсийг ашигладаг” гэх мэдээлэл нь өмнө нь олон тархаж байсан бөгөөд AP News, AAP Factcheck зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү мэдээллийг эрүүл мэндийн мэргэжлийн эх сурвалжуудаар няцаасан байдаг. 

Вакцинд хүүхдийн эс ашигладаг гэх мэдээлэл нь 1960-аад онд хоёр үр хөндөлтөөс авсан эсийн өсгөврийг ашиглан зарим вакциныг бүтээсэнтэй холбоотой бөгөөд эдгээр эсийг лабораторийн түвшинд хуулбарлан вакцин бүтээхэд ашигладгаас үүдэлтэй аж. 

Вакцин дотор үр хөндсөн ургаас гаргаж авсан эс байхгүй, харин зарим вакциныг ургаас авсан эсийн дотор нь өсгөж бүтээдэг. Өөрөөр хэлбэл, вакцины эцсийн хувилбарыг үйлдвэрлэхээс өмнө эсээс вирусийг цэвэршүүлэн авдгийг Филадельфийн хүүхдийн эмнэлгийн Вакцины боловсролын төв мэдэгдсэн байна. Үргэлжлүүлэн тус төв вакцин бүтээх үйл явцад эс хэрхэн ашигладаг талаар мэдээлэхдээ “Вирусийг эсийн дотор өсгөх үед ихэнх тохиолдолд вирус эсээс сулрахын тулд эсийг устгадаг. Вакцины вирус өссөний дараа үүнийг цэвэршүүлэх үед эсийн үлдэгдэл, өсгөвөр урвалжуудыг салган авдаг” болохыг тайлбарласан байна. 

Вакцинд хөнгөнцагаан ордог тул алцхаймер үүсгэдэг” гэх мэдээлэл худал

  • Бичлэгт “Туслах орцод хөнгөн цагааны исэл буюу гипроксид ордог. Энэ нь идээ үрэвсэл үүсгэдэг. Тархи гэмтээдэг, саажилт үүсгэдэг алцхаймер үүсгэдэг, мартаж санах өвчтэй болгодог” гэсэн байна. 

Хөнгөнцагаан нь зарим вакцины нөлөөг сайжруулахын тулд ашиглагдаж ирсэн байгалийн гаралтай метал. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр хөнгөнцагаан нь adjuvant буюу нэмэлтээр вакцинд ашиглагддаг. Ийм төрлийн вакцинд лиценз авахаас өмнө АНУ-д аюулгүй байдал нь клиник туршилтаар батлагдсан байх шаардлагатай ба тэдгээр вакцин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон Хүнс, эмийн агентлаг баталсны дараа үргэлжлүүлэн хянаж байгаа” хэмээн мэдээлсэн байна. 

MMR вакцинууд туслах бодис агуулдаггүй

Харин Элэгний A, B гипатитын эсрэг вакцин (Twinrix), Боом өвчний эсрэг вакцин зэрэгт туслах бодис, хөнгөнцагаан бага хэмжээгээр ордог байна.

 Зарим вакцинд агуулагддаг хөнгөн цагааны хэмжээ маш бага байдаг ба үүний хэмжээ зохих мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын тогтмол хяналтад байдаг байна. 

Полисорбат-80 нь үхэлд хүргэх бодис гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

  • Бичлэгт Хоёр дахь туслах орцод полисорбат-80  нь үргүй болгодог нь туршилтаар батлагдсан. Үхлийн шок буюу анафлаксын шоконд оруулдаг. Үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй” гэж ярьсан байна. 

Полисорбат-80 нь хүнсний бүтээгдэхүүнийг тогтворжуулахад ашигладаг нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд томуу, гепатит Б, ХПВ болон менингитийн вакцины найрлагад нийтлэг ашиглагддаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь зайрмаг, даршилсан бүтээгдэхүүн, соус зэрэг хүнсний бүтээгдэхүүний найрлагад байдаг ба умайн хүзүүний хорт хавдарын эсрэг вакцинаас гадна бусад олон вакцинд ашиглагддаг байна. 

Хэдийгээр энэ бодис нь зарим судалгаагаар нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг боловч Европын Эрүүл мэндийн агентлагийн экперстүүд полисорбат-80 нь “маш бага” эрсдэлтэй болохыг дүгнэсэн байна.  

Тайлбар: Полисорбат (Polysorbate) 80 нь E432-436 бүлгийн хүнсний нэмэлтэд хамаардаг бөгөөд эмульгатор буюу тодорхой уусмалд хоорондоо уусдаггүй бодисуудыг уусгаж, найрлагыг нь сайтар холиход ашигладаг уусгагч бодис юм.

“Вакцинаас болж саажилттай, аутизмтай, алцхаймертэй болсон” гэх хуурамч дата ашигласан судалгаа хийсэн Эндрю Вэйкфилдийн эмчлэх эрхийг цуцалсан

  • Бичлэгт “Вакцинаас болж саажилттай, аутизмтай, алцхаймертэй болсон” гэж ярьсан байна. 

1998 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны The Lancet сэтгүүлд Британийн эмч Эндрю Вэйкфилдийн хийсэн “хүүхдэд хийдэг улаанбурхан, гахайн хавдар болон улаануудын (MMR) вакцинууд аутизмтай хамааралтай” гэх судалгааг 2010 онд хуурамч дата ашигласаныг тогтоосон учраас буцаан татаж авсан. Түүнчлэн Британийн эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн ерөнхий зөвлөл Вэйкфилдийн эмчээр ажиллах зөвшөөрлийг цуцалсан байна. 

Харин түүний судалгаанаас хойш хийсэн хэд хэдэн өргөн хэмжээний судалгаанд дүгнэснээр хүүхдэд хийдэг вакцинууд нь аутизм үүсгэдэггүйг AFP Fact Check мэдээлэлдээ тайлбарласан байна. Тодруулбал, 2002 онд хийсэн судалгаагаар Данийн 537,303 хүүхдийн 82 хувь нь улаанууд вакцин хийлгэсэн бөгөөд вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдүүд дэх аутизмын эрсдэл ижил хэмжээнд байсан байна. Мөн 2009 онд Филадельфийн хүүхдийн эмнэлгийн хийсэн судалгаагаар вакцин ба аутизмын хамааралгүй гэсэн байна.  

Түүнчлэн 2012 онд Америкийн Үндэсний эмийн академи насанд хүрэгчид болон хүүхдүүдэд хийдэг хоолойн сахуу, улаанууд, татран, томуу, ХПВ гэх мэт 8 төрлийн вакциныг судлан эрүүл мэндийн сөрөг үр дагавар үүсгэдэг баримт байхгүйг онцолсон байна. 

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд Хулан охин оюун санааны хомсдолтой, саажилттай, таталттай, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсон” тохиолдол бүртгэгдээгүй

  • Бичлэгт Гардасил вакцин хамгийн анх Монголд 2012 онд туршилтын шугамаар хэдэн сургуульд хийсэн. Тэр үед Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд Хулан охинд тэр дороо хор хөнөөл нь илэрч оюун санааны хомсдолтой, саажилттай, таталттай, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж ярьжээ.

2024 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүл мэндийн яамнаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд энэ талаар хариулт өгөхдөө, “Манай эрүүл мэндийн тогтолцоонд вакцин хийсний дараа урвал хүндрэл гарвал түүнийг тандаж, судалж, дүгнэлт гаргадаг мэргэжлийн экспертүүдийн зөвлөл байдаг. Энэ зөвлөлд судлагдаж, бүртгэгдсэн тохиолдол байхгүй” гэсэн.  

Хүмүүсийн тархийг эргүүлэхийн тулд гурван өөр нэрээр нэрлэж байна” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

  • Бичлэгт Хүмүүсийн тархийг эргүүлэхийн тулд 3 өөр нэршлээр нэрлэж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин, хүний хөхөнцөр вирусийн вакин, Хүний папиллома вирусийн эсрэг вакцин гэж нэрлэдэг гэжээ. 

Хүний папиллома вирусийн (human papillomavirus) халдварыг монгол хэлээр Хүний хөхөнцөр вирус хэмээн нэрлэдэг. Иймээс вирусээс хамгаалах вакциныг хүний папиллома вирусийн эсрэг, хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин гэж нэрлэдэг. Мөн уг вирусийн эрсдэлтэй хэв шинжээр халдварлаж, эмчилгээ хийлгэлгүй удаан явах нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгаан болдог учир умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хэмээн мөн нэрлэж байна.  

Хүний папиллома вирус (HPV- ХПВ) нь 200 гаруй хэв шинж бүхий түгээмэл вирусийн бүлгийн нэршил юм. Ихэнх тохиолдолд вирусийн халдвар нь тодорхой шинж тэмдэг, асуудал үүсгэдэггүй ч  зарим төрөл нь бэлэг эрхтний үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг байна. ХПВ нь ихэвчлэн ямар нэг шинж тэмдэггүй учир ихэнх хүмүүс  вирусийн халдвар авснаа мэддэггүй байна.   

200 гаруй хэв шинжийн хүний хөхөнцөр вирусийн халдвар байдгаас 40 орчим нь бэлгийн замаар халдварладаг. Үүнээс 12  вирусийн хэв шинжийг “өндөр эрсдэлтэй” гэж ангилдаг бөгөөд эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг тухай АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сайтад мэдээлжээ.  Мөн зөвхөн умайн хүзүүний хорт хавдраас гадна ам залгиурын, шулуун гэдэсний, үтрээний, бэлэг эрхтний зэрэг хорт хавдар үүсгэдэг байна.  

Умайн хүзүүний хорт хавдрын 95%-ийг эмчлэгдээгүй байнгын ХПВ-ийн халдвар үүсгэдэг.  

ДЭМБ-ийн албан ёсны сайтад  орсон мэдээллээр хүний папиллома вирусийн халдвар авсан эмэгтэй умайн хүзүүний  хорт хавдар тусах магадлал халдвар аваагүй эмэгтэйгээс даруй 6 дахин их байдаг тухай мэдээлжээ. 

Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдэгдэлд Монгол Улс умайн хүзүүний хорт хавдраар Азидаа тэргүүлж байна. Тухайлбал, 2023 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар 4717 хүн оношлогдсон бол 2019-2023 оны хооронд 799 хүн уг хорт хавдрын улмаас нас барсан байна. 

ХПВ-тэй холбоотой умайн хүзүүний хорт хавдрын 42 орчим хувь нь 50-иас доош насныханд оношлогдсон

  • Бичлэгт Умайн хүзүүн хорт хавдраар 50 наснаас дээш эмэгтэйчүүд оношлогддог. Яагаад 11 настай хүүхдэд тарих гээд байна вэ гэж ярьсан байна. 

Хэдийгээр ХПВ вирусийн хамааралтай умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон хүмүүс дунд 50-иас доош насны бүлгийнхэн цөөнгүй байна.

2017 онд Катерин де Мартел нарын судалгаанд тайлбарласнаар ХПВ-тэй холбоотой хавдрын тоо 2012 онд 630,000 гаруй хавдар дэлхий даяар бүртгэгдсэн байна. Үүнээс 270,000 мянга нь 50-иас доош насныхан байсан байна. Өөрөөр хэлбэл нийт ХПВ-тай холбоотой умайн хүзүүний хорт хавдрын 42 орчим хувь нь 50-иас доош насныханд оношлогдсон байна. 

Мөн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр 2017-2021 оны хооронд хийсэн судалгаагаар ХПВ-тэй холбоотой эмэгтэйчүүдийн дундах өвчлөл 50-иас доош насныханд өндөр байгааг харуулсан байна.

Эх сурвалж: АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төв

Франц улсад зөвхөн цагаач нартаа тарьдаг” гэх мэдээлэл худал

  • Бичлэгт “Франц улсад зөвхөн цагаач нартаа тарьдаг” гэж ярьжээ.

ДЭМБ-ийн ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтын статистик мэдээлэлд Франц улсад 2023 оны байдлаар эмэгтэйчүүдийн 44.7 хувь, эрэгтэйчүүдийн 15.8 хувь вакцины эцсийн тунд хамрагдсан байна. Мөн охидын 55 хувь нь 15 наснаасаа өмнө эхний тунгаа хийлгэж, хөвгүүдийн 26 хувь эхний тунгийн вакцинжуулалтдаа хамрагдсан байна.  

Франц улсад ХПВ-ийн вакциныг охидод хэдэн жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд 2021 оноос хөвгүүдэд 11 наснаас нь эхлэн хийхийг зөвлөсөн байна. Мөн 2030 он гэхэд хүүхдүүдийн 80 хувийн ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдуулах зорилготой ажиллаж буй.  

Шалгасан мэдээлэлд зөвхөн цагаачдад зориулан хийдэг гэх агуулгыг дурдсан. Тэгвэл 2019 онд гарсан вакцины гарын авлагад Франц улс дархлаажуулалтын мэдээлэл тодорхойгүй, бүрэн бус эсвэл дархлаажуулалтгүй шинээр ирсэн цагаачдыг вакцинжуулалтад нөхөн хамрагдуулах тухай тусгажээ. Тодруулбал, тус гарын авлагад шинээр ирсэн дархлаажуулалт нь тодорхойгүй цагаачдад Гепатит А,Б вирусийн эсрэг, хүний папилллома вирусийн эсрэг, улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг, салхин цэцэг өвчний эсрэг вакцинуудыг хэзээ хийх зөвлөмжийг хүргэсэн байна. 

Өндөр хөгжилтэй орон уугуул хүмүүстээ огт тарьдаггүй” гэсэн нь худал

  • МөнӨндөр хөгжилтэй орон уугуул хүмүүстээ огт тарьдаггүй” гэжээ.

2022 оны байдлаар дэлхийн 125 улс охидыг, 47 улс нь хөвгүүдийг дархлаажуулах үндэсний хөтөлбөртөө оруулж байжээ. ДЭМБ-аас гаргасан ХПВ-ийн вакцинжуулалтын хувь мэдээллийг 2023 оны байдлаар түүвэрлэн харахад вакцины бүтэн тундаа хамрагдсан эмэгтэйчүүд:

  • Норвег 92.59%,
  • ХонКонг 91.9%,
  • Индонез 95.9%,  
  • Швед 87.6%,
  • Канад 86%, 
  • Унгар 80.51%,
  • Малайз 52.37%,
  • АНЭУ 87%,
  • Саудын Араб 65.2%,
  • Бразил 58.27%,
  • Итали 45.39%,
  • Япон 26.18% байна. 

Гардасил вакциныг ямар орнуудад тарьдаг вэ? 

2009 оноос хойш ХПВ-ийн эсрэг 5 вакцин ДЭМБ-ын урьдчилсан шаардлагыг хангасан. Үүнд хоёр цэнт Cecolin, Cervarix, Walrinvax, дөрвөн цэнт Gardasil, есөн цэнт Gardasil 9 вакцинууд байна. Gardasil болон Gardasil 9 вакциныг АНУ-ын Merck компани үйлдвэрлэдэг.  

Merck үйлдвэрийн Gardasil болон Gardasil 9 вакциныг олон улс оронд үндэсний дархлаажуулалтынхаа хөтөлбөрөөр дамжуулан хэрэглэж байна.  

  • АНУ-д өмнө нь 4 цэнт Гардасил, 2 цэнт Cervarix вакцин Хүнс, Эмийн агентлагийн лицензтэй байсан. Одоо мөн Merck компанийн 9 цэнт Гардасил вакциныг ашиглаж байгаа аж.  
  • Англи улс мөн 9 цэнт Гардасил вакциныг ашиглаж байна. 

4 цэнт Гардасил вакцин нь ХПВ-ийн 6, 11, 16, 18 хэв шинжүүдээс хамгаалах бол 9 цэнт Гардасил9 вакцин нь энэ дөрвөн хэв шинж дээр нэмэгдээд 31, 33, 45, 52, 58 гэсэн таван хэв шинжээс мөн хамгаалах юм.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document