Лупус хүнээс хүнд халдварладаггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1204

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Лупусын энгийн 1 ба 2 дугаар хэлбэр нь дээд доод уруулын хомхой, сахлаар их тархдаг вирус. Цагаан сараар сахалтай хүнд бүү үнсүүл” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Лупус буюу чонон хөрвөс болон херпес гэсэн хоёр өөр төрлийн өвчнийг хольж, төөрөгдүүлсэн мэдээлэл хүргэжээ. Лупус нь хүнээс хүнд дамждаггүй дархлааны системээс үүдэлтэй өвчин бол херпес буюу хомхой нь хүн хооронд халдварладаг өвчин юм.

2024 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдөр Tserenhuu Ishtseden (архивлагдсан хувилбар) нэртэй хаягаас “Лупусын энгийн 1 ба 2 дугаар хэлбэр нь дээд доод уруулын хомхой, сахлаар их тархдаг вирус! Цагаан сараар сахалтай хүнд бүү үнсүүл. Хомхойтой шүү, сахал бол хувийн асуудал биш” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 362 реакц, 36 сэтгэгдэл авч, 63 удаа цааш түгээгджээ.  

Бид дээрх мэдээллийг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудын эх сурвалжаар нягтлахад хоёр өөр өвчний шинж тэмдэг, халдварлах арга замыг холин мэдээлэл түгээсэн болохыг дараах баримт шалгалтаар танилцууллаа.

Бидний шалгасан мэдээлэлд хоёр өөр төрлийн өвчнийг хольж, төөрөгдүүлсэн мэдээлэл хүргэжээ. АНУ дахь Мэйо клиник сайтад лупус (lupus) буюу улаан чонон яр өвчний талаар мэдээлсэн байна. Улаан чонон яр өвчний үрэвсэл нь үе мөч, арьс, бөөр, цусны эс, тархи, зүрх, уушги зэрэг биеийн дархлааны систем эд, эрхтэнд нөлөөлж болдог. Уг өвчин нь хүнээс хүнд халдварладаггүй бөгөөд биеийн дархлааны систем нь өөрийн эрүүл эд эс андуурч дайрах үед үүсдэг аутоиммун өвчин юм. Улаан чонон яр үүсэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч гений удамшил болон халдвар, стресс, нарны гэрэл зэрэг орчны өдөөгч хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. 

Мөн өвчнийг оношлоход хэцүү байдаг. Учир нь улаан чонон яр өвчний шинж тэмдэг нь бусад өвчнийхтэй төстэй байдаг. Шинж тэмдгүүд нь харилцан адилгүй. Үүнээс хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь Мэйо клиникийн вэбсайтад танилцуулжээ. Үүнд:

  • Ядаргаа 
  • Халуурах 
  • Үе мөч өвдөх, хөших, хавдах 
  • Нүүрэн дээрх хацар, хамрын гүүрийг бүрхсэн эрвээхэй хэлбэртэй тууралт эсвэл биеийн бусад хэсэгт тууралт гарах 
  • Наранд өртөх үед гарч ирэх эсвэл улам дорддог арьсны гэмтэл 
  • Хүйтэн эсвэл стресстэй үед цагаан эсвэл хөх өнгөтэй болдог хуруу, хөлийн хуруунууд 
  • Амьсгал давчдах 
  • Цээжний өвдөлт 
  • Хуурай нүд 
  • Толгой өвдөх, төөрөгдөл, ой санамж муудах. 

Харин мэдээлэлд дурдсан хомхой нь амаар халдварладаг өвчин юм. Хомхой буюу херпес вирусийн талаар эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг эрдэм шинжилгээний Кливлэнд клиникийн мэдээлснээр херпес вирус нь “амны хөндийн хэсэг (амны хөндийн херпес) болон бэлэг эрхтэн (бэлэг эрхтний херпес) гэсэн хоёр хэлбэртэй. Херпес нь шингэнээр дүүрэн цэврүү үүсгэдэг бөгөөд арьс, салст бүрхэвчээр хүнээс хүнд халдварладаг” гэжээ.

Херпес-1 буюу амны херпес: Ихэвчлэн амны эргэн тойронд хомхой үүсгэдэг бөгөөд дараах байдлаар дамжина: 

  • Үнсэх 
  • Уруулын тос, хоолны хэрэгсэл, ундны аяга зэргийг хуваалцах 
  • Амаар

Энэ өвчний шинж тэмдэг нь буйлан дээр жижиг хэмжээтэй бөмбөлгүүд гарах, аман дотор тууралт гарах, ам орчмоор өвдөх, цэврүү үүсэх, хомхой нэгдэж хагаран тав тогтох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.

Херпес-2 буюу бэлгийн херпес: Голчлон бэлэг эрхтний хэсэгт хомхой үүсгэдэг бөгөөд дараах байдлаар дамжина: 

  • Бэлгийн хавьтал
  • Халдвар идэвхтэй, тууралт гарсан үед арьс хоорондын шууд харьцах замаар дамждаг.

Уг вирусийн идэвхтэй тууралт гарсан үед шүлс, цэврүүнээс үсэрхийлсэн халдвар сахлаар дамжих боломжтой. Зарим тохиолдолд ил харагдах тууралт байхгүй ч вирус нь арьс эсвэл шүлсээр дамжих магадлалтай болохыг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв мэдээлжээ.

Дүгнээд хэлбэл лупус нь хүнээс хүнд халдварладаггүй, арьс, салстын өвчин бол херпес нь хүнээс хүнд халдварлах боломжтой вирусийн гаралтай өвчин юм.

Херпесийн халдвараас зайлсхийхийн тулд ил тууралттай хүнтэй ойр харьцахгүй байж, ариун цэврээ сахин, хувийн эд зүйлсээ хуваалцахгүй байх хэрэгтэй. Уг вирусийг бүрэн устгах боломжгүй ба зориулалтын эмчилгээ хийлгэснээр вирусийн өвчлөлийн шинж тэмдгийг бууруулах боломжтой. Иймээс энэ төрлийн шинж тэмдэг, вирусийн халдварын үед мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг сануулж байна.

Залруулга (19/11/2024) : Баримт шалгалтын өмнөх хувилбарm лупус (lupus erythematosus) өвчнийг “чонон хөрвөс” хэмээн ташаа орчуулсныг залруулан “улаан чонон яр” гэж орчуулгыг залруулсан болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document